Уншиж байна...
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газартай хамтран ажиллах санал солилцлооAI, өгөгдөл, дрон, кибер аюулгүй байдлын мэргэжил эрэлттэй байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаЯпоны эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнц
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Д.Янжинхорлоогийн хэрэгт холбогдсон прокуроруудтай хариуцлага тооцохоор болжээ

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы санаачилгаар УЕП-ын дэргэд Ажлын хэсэг байгуулагдаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдсэн  болон хууль хяналтын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол мэдээллийг иргэдээс авч шуурхай шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Сүүлийн үед хууль хяналтын байгууллагад ажилладаг прокурор, шүүгч нартай холбоотой ноцтой мэдээлэл, баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэгдэх болсон. Хуулийнхан сүлжээ болж, хэрэг дээр “хонгилдож” иргэдийг хохироодог тухай мэдээлэл тасрахаа больсон.

УЕП-ын газарт ирж буй гомдлын хүрээнд нэр бүхий прокуроруудыг шалгахаар болжээ. УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны мэдээлснээр “Д.Янжинхорлоод холбогдох хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхээс өмнө хохирогч нь Улсын ерөнхий прокурорт хандан гомдол гаргасны дагуу хянаж байсан юм. Хохирогчийн гомдлын дагуу прокурорын шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар мөрдөх байгууллагад хүргүүлээд байгаа. Харин уг хэрэгт шийдвэр гаргасан Прокуроруудыг мэргэжлийн зөвлөлд шилжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг тогтоосны дараа хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэнэ” гэж үзжээ.

Энэ хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж буй мэдээллээс хүргье.

МУИС-ийн багш Д.Янжинхорлоо нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх 6 давхар үл хөдлөх хөрөнгийг хуурамч гарын үсгээр өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан, мөн шинээр дахин гэрчилгээ гаргаж бусдын өмч хөрөнгийг нэр дээрээ шилжүүлсэн гэх хоёр ч хэрэгт холбогдон хуулийн байгууллагаар шалгагдсан байна. Д.Янжинхорлоо нь МУИС-д багшилдаг хуульч хүн.

Хэрэгт холбогдсон Д.Янжинхорлоо, УЕП-ын орлогч М.Чинбат, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокурор асан Д.Энхтөр нар нь нэг ангид хамт суралцсан бөгөөд энэ хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газар хянаж байв.

Ноцтой нь УЕП-ын орлогч М.Чинбат ангижавынхаа хэрэгт оролцож өөрийн гарын үсэгтэйгээр Д.Янжинхорлоогийн хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэсэн утга бүхий тоот шийдвэр гаргажээ.

Нэг ангийнхан хонгилддог уу гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буйтай холбоотойгоор УЕПГ-аас мэдэгдсэнээр Д.Янжинхорлоогийн хэрэг дээр УЕП-ын орлогч М.Чинбатын тоот шийдвэрийг хүчингүй болгож, УЕПГ-ын орлогч М.Чинбат нарын хэд хэдэн прокуроруудыг Мэргэжлийн зөвлөлд шилжүүлэн мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан, эсэхийг нь шалгаж, хариуцлага тооцохоор болжээ.

                     Хуурамч гарын үсгээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөл шилжсэн хэргийг шалгахаар болжээ

 

Д.Янжинхорлоод холбогдох хэрэг мөрдөн байцаалтад буцаж дахин шалгагдахаар болсон. Д.Янжинхорлоо нь 2009 оны аравдугаар сарын 16-ны өдөр иргэн О-гийн үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн жинхэнэ өмчлөгч нь нотариатад өөрийн биеэр очоогүй байхад гэрээг 83 тоот нотариатч М.Саранцэцэг баталгаажуулан, улмаар анхны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгуулан Д.Янжинхорлоо өөрийн нэрийг хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн байна. Удалгүй 20 хоногийн дараа 2009 оны арваннэгдүгээр сарын 11-нд гарын үсгийг дахин хуурамчаар үйлдэн мөн л  нотариатын газар өөрийн биеэр очоогүй байхад нь хамтран өмчлөгчөөс хасах хэлцлийг 124 тоот нотариатч Р.Онончимэг баталжээ. Ингэж үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ гэрчилгээний эзэмшигч эзэн нь мэдээгүй байхад өмчлөгчөөр өөр хүн нэмж бүртгүүлчихээд сар хүрэхгүй хугацаанд жинхэнэ өмчлөгчийн нэрийг нь хасч бусдын эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлэн авсан байна. Д.Янжинхорлоогийн үйлдсэн хуурамч гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн тоот дүгнэлтээр “О-гийн гарын үсэг, бичгийн хэвтэй тохирохгүй, гарын үсэг биш байна” гэдэг нь тогтоогджээ. Мөн 2009 оны 10.16-ны өдөр, 2009 оны 11.11-ний өдрийн гэрээнүүдийг иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг шүүхийн шинжилгээний шинжээчдийн дүгнэлтээр нотолчихсон байгаа аж.

Гэтэл прокурорын байгууллага буюу түүний прокурор ангийн найз нөхөд нь үзэхдээ “Хуурамч бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэн хэргийг хаасныг нь одоо эргэн шалгахаар болоод байгаа юм.

Д.Янжинхорлоо нь хоёр ч хэргээр хуулийн байгууллагаар шалгагдсан. Иргэн О-гийн гарын үсгийг хуурамчаар үйлдэн үл хөдлөх хөрөнгийг нь нэр дээрээ шилжүүлэн авсан гэх дээрх хэргээс гадна тус 6 давхар барилгын  зоорь, 1, 4, 5, 6 давхруудын өмчлөгч Л-ийн нэр дээрх өмчлөлийн гэрчилгээг хаясан гэж хуурамч зар гарган дахин шинээр гэрчилгээ гаргуулж өөрийн нэр дээр болгосон гэх хэргээр тус тус шалгагдсан.

Иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь түүний төрсөн хүүгийн сейфэнд хадгалаастай байсан учир хаяж гээсэн гэх зар анхнаасаа гаргуулах үндэслэл байхгүй байв.

Гэтэл Д.Янжинхорлоо нь холбогдох бичиг баримт бүрдүүлж 2012 онд нас барсан иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинээр дахин авахдаа талийгаачийг 2017 онд амьд мэт болгож “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Г.Ичинхорлоогоор гаргуулжээ.

Улсын бүртгэлийн газар нь нас барсан хүнд “Иргэн Л Танаа” гэсэн лавлагааг  яагаад гаргаж өгсөн бэ гэдэг нь анхаарал татаж байна.

Бүртгэлийн газрын лавлагаа гаргаж өгсөн яг тэр өдөр буюу 2017 оны 6.09-ний өдөр 124 тоот дугаартай нотариатч Р.Онончимэг нь нас барсан иргэн Л-ийн үл хөдлөх хөрөнгийг Ц-гийн нэр дээр шилжүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ бичиж өгчээ. Уг нь нас барсан хүний өвлөх эрхийг нотариатч бичиж өгөхдөө хууль ёсны өвлөгч нарыг дуудаж асууж тодруулан бусад өвлөгч байхгүй гэдгийг албан ёсоор тогтоосны дараа өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгөх хууль, журамтай. Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын 2011 оны 171 дүгээр тушаал “Нотариатын үйлдэл хийх заавар”, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн заалтын дагуу нас барсан хүний төрсөн хүүхэд гэх мэт бүх өвлөгчид зөвшөөрөлцөж хууль ёсны гэрээслэлээр өвлөгч бүрт ногдвол зохих хэмжээгээр хуваарилна” гэх хуулийн заалттай. Энэ бүхнийг мэдсээр байж 124 тоот  нотариатч Р.Онончимэг хууль зөрчиж нас барсан Л-ийн өв залгамжлалаар иргэн Ц-г дангаар нь бичиж өгсөн төдийгүй Ц нь үүнээс зургаахан хоногийн дараа буюу 2017 оны 06.15-ны өдөр нас баржээ. Уй гашуу болж байх үеэр 2017 оны 06.15-ны өдөр Б.Янжинхорлоо нь гэрчилгээ хаясан гээсэн гэх зарыг “Зууны мэдээ” сонинд гаргаж, улмаар Улсын бүртгэлийн газраас дахин шинэ гэрчилгээ гаргуулснаар Д.Янжинхорлоо нь талийгаач Л-ийн үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч болжээ.

Одоо энэ хэргийг Сүхбаатар дүүргийн прокурор руу буцааж нэмэлт мөрдөн байцаалтаар шалгахаар болж байгаа ба энэ хэрэгт хуурамч гарын үсэг ашигласан гэх асуудлыг сөхөн шалгахаар болж байгаа бололтой. Мөн шинээр гэрчилгээ гаргасан гэх асуудалд хууль зөрчсөн үйлдлийг ч нарийвчлан шалгах бололтой.

Олон нийтийн анхааралд орсон энэ хэрэгт холбоотой ажилласан нэр бүхий прокуроруудыг УЕП-оос шалгахаар болоод буй ч уг хэрэгт дахин хуулийнхны хууль бус нөлөөлөл орох вий гэсэн болгоомжлол байгаа аж. Учир нь хэрэгт холбоотой Д.Янжинхорлоо нь хуульч хүн, хууль эрх зүйн мэргэжлээр олон, олон шавь нар бэлтгэдэг, хуулийн салбарт танил талтай нэгэн.

Анх Д.Янжинхорлоогийн хэрэг дээр цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байна үзэж байсныг нь хүлээн зөвшөөрөөгүй буюу улмаар хэрэг бүртгэлийн ажиллагааг хаасан шийдвэр гаргасан прокурорууд эргээд буруудаж эхэлсэн нь энэ хэрэгт хуулийнхан танил талдаа үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй юм. Цаашид ч хэргийн үнэн зөв шийдэлтэд анхаарлаа хандуулан ажиллах болно гэдгээ УЕП-оос мэдэгдэж байгаа.

Аливаа хэрэг иргэн хүн байна уу, хуульч хүн байна уу ижил тэгш зарчмаар, шударгаар шийдэгдэх ёстой. Энэ зарчмаараа ч хуульч, доктор Д.Янжинхорлоод холбогдох хэргийг шударгаар шийдүүлэхээр УЕП-оос мөрдөн байцаалтад буцаагаад байгаа билээ.

 

Х.АЛТАН

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.