Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгойн асуудлаар Лондонгийн Олон улсын арбитрын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах тухай зарлиг Засгийн газарт хүргүүлсэн. Яагаад ийм зарлиг хүргүүлэх болов гэхээр өөртэй нь холбоотой хуулийн хонгилынхны сүлжээ илэрч, хуулийн байгууллагаар шалгагдаад эхлэнгүүт сандарч тэвдэн Засгийн газар руу дайрах, улмаар Монгол Улсаа хорлох ажил хийж эхэлжээ. Энэ бүхэн Ерөнхийлөгчийг дахин чуулганы индэр рүү хөмсөг зангидан гарч ирэхэд хүргэв. Зургаан улсын шүүхээс шалгагдаж нотлогдож буй мэтээр бусад руу хандсан гүтгэлэг бүхий мэдэгдэл хийв. Монгол Улсын эрх ашиг хөндөгдөх Арбитрийн шүүхийн маргаанд манай талаас ажиллаж буй Ажлын хэсэг, Засгийн газар улсынхаа эрх ашгийг хамгаалсан, давуу талыг үүсгэсэн, хууль эрх зүйн хүрээнд ажиллаж байна гэдгээ удаа дараа мэдэгдэж байгаа. Гэтэл яг энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Арбитрийн шүүхийн энэ асуудал дээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж зөрүүлэн мэдэгдэв.
Тэрээр Лондонгийн Арбитрийн шүүхэд өөрийн гар хөлөө явуулж баахан бор шар мэдээ шидүүлээд нэр бүхий хүмүүсийг буруутгахаар улайрч байгаа. Үүнийгээ чуулганы индэр дээрээс Ерөнхийлөгч хэлэхдээ Би "Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийг хүргүүллээ. Лондонгийн шүүхэд Монгол Улсын Засгийн газрыг хариуцлагчаар татсан маргаанд манай талаас хариу няцаалт өгөх хугацаа дөхөж байна.
Маргааны хүрээнд хуулийн фирм нь Оюу толгойн гэрээ хэлцлийг тойрсон авлигын шинжтэй онц ноцтой хэргийг, дэлхийн 6 орны шүүхэд явагдаж буй илэрч тогтоогдсон, гэрээ байгуулахад шударга бус арга хэрэглэсэн асуудлыг сөргүүлэн тавих замаар Монгол орон өөрийн зөрчигдсөн эрх ашгийг сэргээн эдлэх боломжтой тухай агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргах шаардлагатай байна" гэх зэргээр мэдэгдэв.
Ерөнхийлөгчийн энэ мэдэгдэл нь Олон улсын Арбитрийн маргаанд манай талд яавч сайнаар нөлөөлөхгүй, харин ч улсаа хорлосон үйлдэл болж байгаа талаар хуульч, эдийн засагчид эхнээсээ мэдэгдээд эхэлсэн.
Олон улсын маргаанд манай улс нэгдмэл байр суурьтай, Монгол Улсад яавал ашигтай байх вэ гэдэг дээр хамаг анхаарлаа хандуулан харилцан ойлголцолд хүрэхээр ажиллаж байгаа яг энэ үед Ерөнхийлөгч нь нотлогдоогүй мэдээ, мэдээлэл, маргаантай холбоогүй асуудлыг хольж хутган улстөржүүлэн Монгол Улсын байр суурийг эрхзүйн хувьд сулруулсан, цаашид бүр үгүйсгэсэн алхам хийв.
Оюу толгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар Арбитрт маргаантай байхад улсаа энэ маргаанд ялаасай гэхийн оронд ялагдаасай гэж хүсч байгаа хүн нь Монгол Улсын Ерөнхийлөгч л байх шиг байна. Тиймдээ ч чуулганы индэр дээр Арбитрын шүүх дээр сөрөг нэхэмжлэх гаргаж байгаа хэмээн улайран зарлалаа. Ерөнхийлөгчийн гаргаж буй сөрөг нэхэмжлэл нь хоёр талын Арбитрийн маргаанд сөргөөр нөлөөлнө үү гэхээс сайнаар тусахгүй нь тодорхой. Монгол Улсын шүүх, гадны аль ч шүүхээр тогтоогдоогүй асуудлыг ингэж улсынхаа эрх ашгийн эсрэг хувийн зорилгоор улстөржүүлэх нь манай улсад л сөрөг үр дагавартай. Энэ нь улсын Ерөнхийлөгч Арбитрийн маргаанд Монгол Улсыг ялагдуулах алхам хийж байна гэж дүгнэхээс өөр арга алга.
Б.Ариун