Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, цахим хэлбэрээр хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн.
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Энэ удаагийн илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг  хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд  боловсруулснаараа онцлогтой. Нийтдээ 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүн дээр үндэслэн 40 саналыг хүргүүлжээ.
 

Уг тайлангийн танилцуулгад,

Нэгдүгээр бүлэгт, Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ковид-19 цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно. Гэвч ийм хязгаарлалт нь зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага түвшинд хязгаарласан, хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон шинжгүй байх ёстой. Энэ бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийв. 

Хоёрдугаар бүлэгт, Зорилтот бүлгийн эрх Ковид-19 цар тахлын нөхцөлд төрөөс ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдэд нийгмийн халамж хүргэх, хоол хүнс, орон байр, цэвэр ус, түлш, ариун цэврийн хэрэгсэл зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ёстой. Энэ бүлэгт эдгээр иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлов. 

Гуравдугаар бүлэгт, Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө Монгол Улс энэ цаг үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодлого, хууль батлан гаргаж, Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, иргэний, улс төрийн эрхийг хангах талаар амжилт гаргасан. Гэвч иргэнийхээ эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар тусгав. 

Дөрөвдүгээр бүлэгт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Ковид-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэв. 

Тавдугаар бүлэгт, Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав. 

Зургаадугаар бүлэгт, Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг 6 аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулав гэж дурдсан байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийн хүрээнд Ковид-19 цар тахлын үеэр хүний эрх зөрчигдсөн асуудалд  хэрхэн ажилласан талаар илүүтэй лавлаж байлаа. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын өргөн мэдүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хийсэн үнэлгээний талаар тодруулав. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсад хүний эрх олигтой хэрэгжээгүй байхад 365 хуудастай мянган ширхэг ном гаргадгаа болимоор байна. "Энхсаран"-гийн булхайг илчилсэн залууг Зөрчлийн тухай хуулиар 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон. Монголд үнэнийг хэлсний төлөө торгуулж, хэлмэгддэг асуудал байж болохгүй. Цар тахал гээд хүмүүсийн үг хэлэх эрх чөлөө, ил тод байдлыг хаадаг боодог болсон. Ялангуяа эрх баригчид төрийн албан хаагчид, цүнх баригчид хүний эрхийг ноцтой зөрчдөг. Нэг гоё байгууллага байгуулаад, хүний эрхийг хамгаалдаг гэж мэдэхгүй юм байна. Ном уншихаас илүү дайчин, давшингуй байж хүний эрхийг хамгаалдаг юм шүү.

ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.ХУНАН: ХЭҮК-ын шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оноос ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид бүгд том сорилтыг тууллаа. Хөл хорио тогтоож, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс арван хувиар ажиллаж байсан. Нийтдээ бид 40 объектод ажиглалт хийсэн. Мөн орон нутагт өөрсдийн нөөц бололцоогоор ажилласан. "Энхсаран" сувилалтай холбоотой иргэн Д.Мөнхбатын асуудалд холбогдох хүмүүсээс тайлбар авах ажлууд хийж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: ХЭҮК боломжийн түвшинд ажиллаж байгаа гэж хэлнэ. УИХ-ын гишүүд ХЭҮК-ын тайлан илтгэлтэй сайн танилцах хэрэгтэй байгаа юм. Энэ тайлангийн мөрөөр цаашдаа УИХ бодлогын арга хэмжээ авах шаардлагатай. ХЭҮК нь цар тахлын хугацаанд УОК-ын шийдвэр, үйл ажиллагаанд иргэд олон нийт шүүжлэлтэй байгааг удаа дараа хөндөж байсан. Шийдвэр гаргах үйл ажиллагаанд ХЭҮК хяналт тавьж ажилласан зүйл бий юу. Ямар зөвлөмж өгч, ямар шаардлага тавьсан бэ. Хүндрэлүүд байсан уу? Covid-19-ийн хуулийн үйлчлэл долдугаар сарын 1-нд дуусна. Энэ хуулийн үйлчлэлийг сунгах талаар ХЭҮК ямар байр суурьтай байна вэ. Би хувьдаа сунгахгүй гэсэн байр суурьтай байна.

ХЭҮК-ын гишүүн Ж.ХУНАН: ХЭҮК-ын хоёр гишүүн өмнө нь УОК-той хамтарч ажиллаж байсан. Засгийн газар солигдсоноос хойш УОК-ын хуралд оролцох боломжгүй болсон. ХЭҮК-оос УОК-ын даргад өнгөрсөн хугацаанд дөрвөн шаардлага  хүргүүлсэн. Үүнээс нэгд нь хариулт ирүүлээгүй байна. Нийтдээ зургаан шаардлагыг холбогдох газарт хүргүүлсэн. 

Илтгэлд 2020 онд ХЭҮК-т хүний эрхийн зөрчлийн талаар хичнээн гомдол, мэдээлэл ирсэн, үүнээс цар тахалтай холбогдуулан хичнээн хяналт шалгалтын ажлыг хийж, ямар санал, зөвлөмж, шаардлага хүргүүлсэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн зэргийн талаар нэгдсэн танилцуулгад тодорхой мэдээлэл дурдагдаагүй байна. Цаашид тухайн жилийн илтгэлийн сэдвийн хүрээнд ХЭҮК-оос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар дурдаж байх нь зүйтэй. Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагаас баталсан тушаал, шийдвэр зэрэгт хүний эрхийг хамгаалах талаар хэрхэн туссан болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг хэрхэн баримтлан ажиллаж буйд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, илтгэлдээ тусгахыг зөвлөсөн байв. Мөн иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийнхээ гадна байгаа Монгол Улсын иргэдийн ашиг сонирхлыг сахин хамгаалах, хүний эрхийг эдлүүлэхэд анхаарч ажиллах, Төрийн байгууллагын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтаас шалтгаалж цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах шаардлагыг хангахгүй байх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн талаарх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, тухай бүр зөрчлийг таслан зогсооход чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байлаа.

Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.          

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.