Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын тавны ням гарагт Японы нийслэл Токио хотноо Паралимп-2020 өндөрлөлөө. Коронавирусийн цар тахлын улмаас Паралимпийн хаалтын ёслол мөн л үзэгчидгүй зохион байгуулагдсан бөгөөд тамирчдын парадад дүрвэгсдийн багтай нийлээд нийт 162 шигшээ баг тус наадамд оролцсон юм. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний улмаас зарим тамирчин Паралимпийн хаалтын ёслол болохоос өмнө Японыг орхиж, эх орон руугаа буцсан байсан юм.
Олон улсын паралимпийн холбооны ерөнхийлөгч Эндрю Парсон наадмын хаалтын ёслолд үг хэлэх үеэрээ Токио 2020 "түүхэн амжилт тогтоосон" хэмээн онцолжээ. Мөн "Наадмаар бүхий л спортын төрөлд дээд амжилтуудыг эвдлээ. Энэ нь паралимпийн хөдөлгөөн урьд өмнөхөөс илүү хүчирхэгжиж байгааг харуулж байна" хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Токио-2020 Паралимпийн нийт медалийн тоогоор Хятад улс 207 медальтайгаар тэргүүлсэн бол Их Британийн шигшээ баг 124 медальтайгаар хоёрдугаарт бичигджээ. Нийт 104 медальтайгаар АНУ гуравдугаарт бичигдсэн байна.
Харин манай улсын баг тамирчдийн хувьд гавьяат тамирчин Э.Содномпилжээ Токио-2020 Паралимпийн наадмаас пауэрлифтингийн төрөлд алтан медаль хүртсэн бол бусад тамирчид улсын дээд амжилтыг эвдэх зэргээр амжилт дүүрэн энэ наадмыг өндөрлүүллээ.