Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Л.Энх-Амгалан хууль захиалж дээрэм хийдэг үү?

Монгол Улс заримдаа жүжгийн тайз шиг, гол дүрд нь сайд дарга нар тоглож, иргэд бид үзэгчийн суудалд сууж байгаа мэт санагдах боллоо.   

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан  наймдугаар сарын 26-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монголын үндэсний их сургуулийн талаар “Энэ бол луйвар,  хөдөө орон нутгаас ирсэн хүүхдүүд  МУИС-д ороод байна уу, МҮИС-д ороод байна уу гэдгээ мэдэхгүй маш их төөрөгдөл үүсч байна. Бид энэ их сургуулиас нэрээ буцааж авна” гэж мэдэгдэв. Үүнийхээ дараа телевизийн нэвтрүүлэгт энийг  гадаадад гараад, оюуны хулгай гэж харж байгаа. Албаар нэг үсэг өөрчилж байна” гэж ирээд ярив. Боловсролын сайд хэрнээ хувийн их сургууль рүү ийнхүү эрээгүй дайрсных нь дараа Монголын үндэсний их сургуулийн удирдлага, багш, ажилтнууд хэвлэлийн хурал зарлаж, эрхэм сайдыг сургуулийн нэр төрд халдсан” хэмээн уучлалт гуйхыг шаардаж,  шүүхэд нэхэмжлэх гаргаж буйгаа зарлалаа. Мөн тус сургуулийн оюутан, төгсөгчид ч байр сууриа илэрхийлж, сайдын хэлсэн болчимгүй үгэнд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ.

Гэвч салбарын сайд зүгээр суусангүй. “Намайг шүүхэд өгч байгаа бол би бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ” гэв. Ингээд зогсоогүй ээ. МҮИС-ийг МУИС-тай ижил нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна” гэж хэллээ.  Түүний хэлснээр Монголын үндэсний их сургууль Монгол гэдэг үгийг луйвардсан болж байна   уу, үндэсний гэдэг үгийг луйвардсан болж таарах гээд байна уу. Аль эсвэл их сургууль гэдэг үгийг ашиглалаа гээд байгаа юм уу.

Сайдын шүдэнд зуугдаад байгаа Монголын үндэсний их сургууль Улсын бүртгэлийн газраас л МҮИС нэрээ авсан нь тодорхой. Нэр давхардаагүй гэж үзээд л өгсөн байлгүй. Компани, төрийн бус байгууллага, сургууль байгуулахаар Улсын бүртгэлийн газраас нэр авч байсан хүмүүс мэднэ дээ. Ихэнхэд нь нэр давхардсан гэдэг хариу өгдөг. Зарим нь бүр гуч, дөчин нэр шүүлгээд давхардсан утгатай байна гэсэн хариу сонсч үйлээ үздэг. Ингэж нэр өгөхдөө нарийн шалгаж, хэрийн юманд гэдийгээд  байдаг Улсын бүртгэлийн газар энэ нэрийг давхцаагүй гэж үзээд өгсөн байлтай. Ийм нэр авснаараа тэр сургууль яахаараа буруутан болоод, тэнд сурдаг мянга мянган оюутнууд олны хэл амны бай болж байх ёстой билээ. Сайдын болчимгүй үгнээс болж төдийгөөс өдий болтол хөдөлмөрлөж, энэ сургуулийг босголцож ирсэн  сургуулийн удирдлага, багш ажилтан, оюутнууд нийтэд чичлүүлж суух ёсгүй. Нарийн яривал нэр өгөх албан ёсны эрхтэй  төрийн байгууллагатайгаа энэ асуудлаа ярихгүй яасан юм. Нэр авсныхаа төлөө яагаад гэмт хэрэг болчихдог юм. Тэгвэл Улсын бүртгэлд байгаа нэрэнд нь “Үндэсний” гэдэг үг орсон 1000 гаруй байгууллага, түүн дотроо “үндэсний” гэдэг үг нэрэнд нь орсон хувийн таван их, дээд сургууль бий. “Монголын үндэсний” гэж нэр нь эхэлсэн 150 гаруй  байгууллага бий.

Тэдгээрийн удирдлага  бүгд  гэмт хэрэгтэн, луйварчид болж хувирах уу. Үндэсний гэдэг үг хэн нэгний өмч үү. Нэрний давхардал, монгол хэлний утга зүйн талаас тодорхой тайлбар хийх эрх, үүрэгтэй  Монгол Улсын төрийн хэлний зөвлөл ч энэ талаар албан ёсны тайлбараа гаргасан байна лээ. Үүндээ Монголын үндэсний их сургуулийн нэр монгол хэлээр ч , англиар ч давхардсан утга агуулаагүй гэж задлан тайлбарласан байх юм.

Маргаан дагуулаад байгаа асуудалтай холбоотойгоор хууль харлаа. “Монголын эсвэл үндэсний” гэх үгийг төр болоод хэн нэгэн өмчилсөн гэх ямар ч хууль алга, үг үсэг алга.  Эрхэм сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын, Монголын үндэсний гэдгийг ялгахгүй байна гэж үү. Энэ сургуульд элсэж байгаа мянга мянган оюутан, ялангуяа хөдөөний хүүхдүүд  энэ үгсийг ялгахгүйгээр, төөрөлдөөд  элсэж ороод байна гэлээ.  Энэ үгээрээ Боловсролын сайд Монгол Улсын иргэнийг хөдөө, хотоор нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг бус уу. Түүний ойлголтоор хөдөөнийхөн хотынхноос арай “тэнэг” учраас МУИС, МҮИС хоёрыг ялгахгүй байгаа юм байх. Салбарын сайдын хэлсэн болчимгүй үгнээс болж Монголын үндэсний их сургуулийн багш, ажилтнууд, төгсөгчид, одоо сурч байгаа оюутнууд элдвээр доромжлууллаа.  Манайд нэг хачин жишиг тогтоод удаж байгаа л даа. Хувийн сургууль бол муу. Хувийн сургууль төгссөн бол л муу төгсөгч гэж ирээд даажигнан ярих болж. Үүнийгээ зөвхөн их, дээд сургууль дээр яриад байдаг. Гэсэн атлаа дунд сургуульд өндөр үнэ төлж, хувийн сургуульд оруулах гэж бөөн өрсөлдөөн болдог. Улсын дунд сургуульд сурч байгаа хүүхдүүдээ мөнгөгүй, дундаас доош орлоготой айлын хүүхдүүд суралцдаг мэт хэлж, ярьдаг болж. Ямар логик байна. Сургалтаасаа л болно. Тэрнээс хувь хувьсгалдаа учир байгаа юм биш. Нарийн яривал муу улсын сургууль ч бий, хувийн сургууль ч бий. Сайн хувийн сургууль ч бий, улсынх ч бий. Сайд нь энэ мэт асуудлаа цэгцлэхийн оронд нэг сургуультай нэрний хэрүүл хийгээд сууж байх гэж. Ер нь манай төрийнхөн, сайд,  дарга нар шиг иргэд, аж ахуй нэгжтэйгээ зогсоо зайгүй шүүхдэлцээд байж байдаг улс орон гэж хаана байна. Уг нь иргэд тэднийг  ажил хийлгэх гэж сонгодог. Эргээд улстөрчид нь иргэд, татвар төлдөг аж ахуй нэгжээ байж болох бүхий л хэлбэрээр дарамталдаг. Байтлаа салбарын сайд нь тогоо руугаа “нулимаад” суудаг өдөр ирдэг байж. Уг нь Боловсролын сайд бодлого ярих ёстой хүн. Хорь гаруй жил үйл ажиллагаагаа явуулаад ирчихсэн, олон мянган төгсөгчидтэй, хэвийн гольдролоор ажиллаж ирсэн сургууль руу хэрүүлийн үг шидэж суух ёсгүй л дээ. Түүний ажил үүргийн хуваарьт хувийн сургуулийг нэр хүндэд халдах талаар байхгүй.

 “Энэ  яваа насанд их юм үзэх нь ээ” гэж өвөгцүүл ярьдагчлан энэ дэлхий дээр Боловсролын сайд нь их, дээд сургуулиа, бүр цаашлаад тэнд сурч буй оюутан, багш ажилтнуудыг давхар гутаан доромжилж суухыг Монголд л хардаг юм байна. Боловсролын сайд нь Үндсэн хуулиар олгогдсон иргэдийнхээ сурч боловсрох эрхэнд халдаад зогсохгүй, луйварчин, дээрэмчнээр нь цоллон уучлал гуйхгүй гэж гэдийхийг үздэг юм байна. Л.Энх-Амгалан сайдын нэрний хэсгээс орсон Бат-Амгалан, Энхмэнд, Амгаланбаатар зэрэг нэртэй бүх хүмүүс луйварчин, дээрэмчин гэж та үздэг үү. Ид хичээлийн шинэ жил эхлэх гэж сургуулиуд бужигнаж, хүүхдүүд хичээлдээ бэлдэж эхэлдэг үед Боловсролын сайд ямар зорилгоор ийнхүү нэр цохон ганцхан сургууль руу дайрах болов гэдэг анхаарал татаж байгаа юм. Таны гишүүнчлэлтэй МАН-аас ганц үсэг зөрсөн МАХН гэж нам хэдхэн сарын өмнө үйл ажиллагаагаа явуулж байсан. Нарийн яривал товчлол нь нэг үсгийн зөрүүтэй. Нэг нь Монгол ардын нам, нөгөөх нь Монгол ардын хувьсгалт нам. Гэвч МАХН нэрийг Н.Энхбаяр авахад Дээд шүүх буруутгаагүй хүлээн зөвшөөрсөн. Гэтэл Монголын үндэсний их сургууль нэрний ямар ч давхцалгүй.

Яг үүн шиг Монгол Улсын их сургууль нэрний давхцалтай эсэхээр шүүхдэхэд  Монголын үндэсний их сургууль шүүх дээр ялсан байдаг.

Нэг үгийн ялгаатай мянга мянган байгууллага бий. Тийм л их заргач, хийх ажилгүй суугаа бол Л.Энх-Амгалан сайд та бүгдийнх нь нэрийг өөрчил л дөө. Сургуулийн нэр бол байгууллагын өмч. Гэтэл түүнийг булааж авна гэвэл Боловсролын сайд хуулиас дээгүүр эрх мэдэлтэй хүн болж. Бүр цаашлаад энэ намар хэлэлцэн батлах хуулиар далайлган хүний хувийн өмчид халдах гэж буйгаа ч ил зарлана лээ.

Ардчилсан Монгол оронд амьдарч байгаа хэрнээ хувийн өмчид аймшиггүйгээр халдахаа зарлаж байгаа нь хэлмэгдүүлэлтийн үеийг эрхгүй санагдуулж байна.

Сургууль байгуулаад оюутан сурагчдад эрдэм мэдлэг олгох нь Боловсролын сайдынхаар бол гэмт хэрэг болж таарч байна уу. Эсвэл нэрэнд нь үндэсний гэдэг үг орсон учраас ингэтэл ад шоо үзэн ганц сургуулийн эсрэг  хууль гаргана  гэх юм.  Дээр дурдсан  Монголын үндэсний гэх тодотголтой бүх  байгууллагыг таны яриад байгаа хуулиар шийтгэх үү, эсвэл ганцхан байгууллагад буюу Монголын үндэсний их сургуульд зориулж хууль захиалж байгаа хэрэг үү.

Шинээр батлагдан гарах хуулийг УИХ-ын 76 гишүүн хэлэлцэн мэтгэлцэж байж олонхоор баталдаг ардчилсан нийгэм. Зарим тохиолдолд хууль батлагдахгүй тохиолдол ч байдаг. Сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Энэ намар батлагдах хуулийн дагуу сургуулийн нэрийг нь би хурааж авна” хэмээн хээвнэг ярьж хууль захиалснаа ил зарласан. Орост хууль захиалж, дээрэм хийхийг “хуулийн хулгайч” буюу рецедив, мафи гэж нэрлэдэг юм билээ. Монгол дахь шинэ цагийн хуулийн дагуух дээрэмчин захиалгаа өгчихөөд байна гэдгээ зарлан суугаа юм биш биз дээ.

Цаашлаад хардах эрхээ эдэлвэл  үндэсний гэх болгоныг устгах далд санаархал яваад байна уу ч гэж бодогдохоор байна.  Хаа нэгтэйгээс илгээсэн зөөлөн хүчний бодлогын хэрэгжүүлэгч нь Монгол төрд байдаг юм биш биз гэж гайхах шиг. Төр хувийн хэвшилдээ хэдий болтол ингэж дээрэлхүү хандах вэ. Л.Энх-Амгалан сайд аа, ингэхэд та уучлаарай гэдэг үгийг мэдэх үү. Монгол Улсын шүүх тус сургуулийн нэрийг хууль зөрчин аваагүй гэдгийг өмнө нь хэдийнээ тогтоож байсан.  Тэдний ад шоо болсон өдрүүдийг  хэн эргүүлж өгөх вэ, алдагдсан боломжуудыг нь хэн буцааж өгөх вэ. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Монголын үндэсний их сургууль ажиллаж байгаа юм байна. Шинэ хууль гаргаж, нэр усыг нь солино гэдэг нь шударга ёсонд нийцэх үү.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН 

 

 

 

 

 

 

           

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.