Уншиж байна...
Ерөнхий сайдын үгийн цөм - Мега төсөл“Ирээдүйн хотын иргэд” төслийн хүрээнд сурагчдыг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулнаДотоод хэргийн их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналааД.Цогтбаатар: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулах ажлын хэсэг шуурхай ажиллах шаардлагатайМорин хуур хөгжмийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлнэ"Эрдэнэс Тавантолгой"12 сая тонн нүүрс борлуулжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 032 дугаар ангид ажиллалааШинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарланаДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээвИмарт Баянгол салбарт "Гал унтраах" тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулжээУИХ-ын чуулганд Ерөнхий сайд ирэх оны төсвийн талаар үг хэлнэБ.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэАТГ: Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн томилгоо, шийдвэр гаргалтад дүн шинжилгээ хийв"Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээУлаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлажээ
Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн таних тухай зарим ЗӨВЛӨМЖ

Санхүүгийн луйвар, залилангийн олз, хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог. Таны мөнгийг хулгайлахдаа залилан мэхлэгчдийн ашигладаг нийтлэг луйврын аргуудын талаар ойлголттой байх нь таныг хохирогч болохоос зайлсхийхэд тусална.

Залилан мэхлэгчид арга барилаа тогтмол өөрчилдөг. Иймд ямагт анхаарал сэрэмжтэй байх нь чухал. Санхүүгийн луйвар, залиланг хэрхэн таних тухай зарим зөвлөмжийг хүргэж байна.

ЗӨВЛӨМЖ

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, код сонгох. Жишээ нь “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар өдрийг огт ашиглахгүй байх.

Хэн нэгэнд нууц үг эсвэл нууц кодоо огт өгч болохгүй.

Нууц үг, нууц кодоо бичиж хадгалж огт болохгүй.

Банкууд таны хувийн мэдээлэл, нууц үг, нууц кодыг утсаар буюу цахим шуудангаар огт асуудаггүй. Асуусан ч таны нууц үгээс үсэг сонгож (жишээ нь, эхний ба дөрөв дэх үсэг гэх мэт) асуудаг.

Луйврын пирамид сүлжээ ба гинжин захиа

Луйврын пирамид сүлжээнд, пирамидын оройд байрлах хүмүүс тухайн сүлжээнд бусад хүмүүсийг ятган оруулах замаар мөнгө олдог. Тухайн сүлжээнд сүүлд нэгдсэн хүмүүсийн төлсөн хураамж болон бусад төлбөрийг тэд халаасладаг. Пирамид сүлжээнд хүмүүс нэгдэж орохын тулд гишүүний хураамж төлнө. Энэ гишүүн өөрийнхөө мөнгийг эргүүлэн олж авах цорын ганц арга зам бол бусад хүмүүсийг тус сүлжээнд гишүүний хураамж төлж нэгдэхийг ятгах арга байдаг.

Гинжин захиа (эсвэл цахим шуудан) нь тухайн захианд дурдагдсан хүн бүрт мөнгө илгээхийг танаас хүснэ. Улмаар та тэр жагсаалтад өөрийнхөө нэрийг нэмж бичээд захиаг цааш нь аль болох олон хүнд илгээнэ. Захидалд хэрэв та зааврыг дагавал богино хугацаанд их мөнгөтэй болно гэж бичсэн байдаг. Гэвч бодит байдалд та өөрөө мөнгө төлөөд зогсохгүй, эргүүлээд маш бага мөнгө авна, эсвэл огт мөнгө авч чадахгүй ч байж магадгүй.

“Phishing” (фишинг) буюу цахим халдлага

“Phishing” (фишинг) буюу цахим халдлага нь таны банкны дансны мэдээлэл гэх мэт хувийн мэдээллийг олж авахын тулд цахим шууданд хариулахыг хэн нэгэн ятган оролдохыг хэлнэ.

Нийтлэг ашигладаг арга нь төрийн гэх мэт байгууллага, компани, эсвэл таны харилцагч банкнаас тантай холбогдож буй мэт дүр эсгэж, танруу хуурамч цахим шуудан явуулдаг. Тухайн цахим шууданд цахим хуудас руу орж дансны мэдээллээ оруулан нэвтрэхийг хүссэн байна. Тухайн цахим хуудас нь яг л таны харилцагч банк, эсвэл бусад байгууллагын цахим хуудас шиг харагдах бөгөөд үнэндээ энэ нь таны мэдээллийг олж аван, таны банкны данснаас мөнгө авах зорилготой гэмт хэрэгтнүүдийн бүтээсэн хуурамч цахим хуудас байдаг.

Луйварчдын ашигладаг өөр нэг арга бол танруу утасдаж таны картанд асуудал гарсан учраас картаа банк, эсвэл зээлийн эрхтэй кредит карт олгосон газартаа буцааж өгөх хэрэгтэй байна гэж мэдэгддэг явдал юм. Таны харилцагч банк, эсвэл цагдаагийн газраас танруу утасдаж хэн нэгэн танай гэрт очиж таны картыг авна гэж ОГТ хэлэхгүй. Иймд таны картыг авахаар ирсэн ямар ч хүнд картаа өгч болохгүй. Хэрэв танруу хэн нэгэн утасдаж ийм зүйл ярьвал утсаа шууд таслаарай.

Та өөрийн үйлчлүүлдэг банкныхаа онлайн үйлчилгээнд (хэрэв тухайн банк ийм үйлчилгээ үзүүлдэг бол) бүртгүүлэх талаар бодож үзээрэй. Ингэснээр та өөрийн дансны орлого, зарлагыг тогтмол хянаж, буруу хийгдсэн гүйлгээг цаг алдалгүй хурдан мэдэж, арга хэмжээ авах боломжтой болно.

Таны данснаас аливаа сэжигтэй гүйлгээ хийгдсэн болохыг ажиглавал нэн даруй харилцагч банкиндаа хэлэх хэрэгтэй.

Төлбөртэй тусгай дугаар

Ялагчид гайхалтай шагнал амласан уралдаанд оролцохыг уриалсан сурталчилгаа, эсвэл мессеж танд ирж болох юм. Луйварчид руу хариу мессеж илгээхэд тэд их өндөр шимтгэл авдаг учраас ийм мессежинд битгий хариулаарай.

Та мөнгөн шагнал хүртлээ гэсэн мессеж танд ирж магадгүй. Тухайн шагналыг авах хүсэлт гаргахын тулд та төлбөртэй тусгай дугаар руу утасдах хэрэгтэй болно. Тухайн дугаар руу утасдсаны дараа автомат хариулагчийн маш урт яриаг сонсох хэрэгтэй болно. Энэ нь өндөр төлбөртэй бөгөөд улмаар шагнал огт байхгүйг та мэдээд л өнгөрөх байх. Иймээс сурталчилгаанд итгэж тэдэнд хариу утасдах хэрэггүй.

Аливаа судалгаа хийж нягтлалгүйгээр танд гэнэт ирсэн мессеж, эсвэл утасны ярианд хариулж болохгүй.

“Skimming” буюу мэдээлэл хулгайлах

“Skimming” гэдэг нь таны банкны картын мэдээллийг хэн нэгэн хулгайлах гэсэн үг. Баримтын фото зургийг авах, эсвэл нэмэлт бичил төхөөрөмж ашиглан таны картыг унших, төлбөрийн картын дугаарыг авах гэх мэтээр таны картын мэдээллийг хулгайлж болно. Хэрэв та зоогийн газар, баар цэнгээний газар, шатахуун түгээх станцад худалдаа хийж байгаа бол картаасаа хараагаа салгаж болохгүй.

Луйварчид ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжид таны картын соронзон тууз дээрх мэдээллийг унших нэмэлт бичил төхөөрөмж суурилуулсан байж болно. Таныг PIN кодоо оруулахад фото зургийг нь авах нууц камер байрлуулсан ч байж болно. Хэрэв гадны нэмэлт төхөөрөмжтэй мэт санагдвал тухайн ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжийг бүү ашиглаарай. Хажууд чинь хүн байхгүй ч гэсэн PIN кодоо оруулахдаа ямагт нууцлах хэрэгтэй.

ATM буюу бэлэн мөнгөний машин, карт унших бусад төхөөрөмжид сэжигтэй төхөөрөмж байгааг ажиглавал нэн даруй цагдаа болон банкинд мэдэгдэнэ үү. Түүнчлэн бэлэн мөнгөний машинаас таны авах бэлэн мөнгө гарч ирээгүй бол банк болон цагдаад хандаарай. Хулгайч тухайн бэлэн мөнгийг замаас нь саатуулах төхөөрөмжийг машинд суурилуулсан байж магадгүй бөгөөд ийм төхөөрөмжүүд хулгайч эргэн ирж тухайн мөнгийг авах хүртэл бэлэн мөнгийг саатуулан хадгалж байдаг ажээ.

Банкны болон кредит картын дансаа тогтмол шалгаж, ямар нэг алдаа, эсвэл таны данснаас сэжигтэй гүйлгээ хийгдсэнийг анзаарвал нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэнэ үү.

Урьдчилгаа төлбөрийн луйвар

Тантай өөрийн өв хөрөнгө, мөнгөө хуваалцахыг хүсч байна гэсэн утга бүхий цахим шууданг та хэн нэгнээс хүлээн авч болно. Ийм цахим шууданг гол төлөв Африкийн орнуудын төр, Засгийн газрын сайд асан, эсвэл банкны ажилтан бичиж байна гэсэн байдаг. Жишээ нь, тухайн улс орноос мөнгөө гаргахын тулд их хэмжээний мөнгийг таны банкны дансанд шилжүүлж болох уу гэж асуудаг. Уг цахим шууданд энэ мөнгөний тодорхой хувь, эсвэл хураамжийг танд төлөхөөр амладаг.

Хэрэв та хариу бичвэл танаас банкны дэлгэрэнгүй мэдээллээ өгөх болон хуульчийн хөлсөнд төлөх мөнгө шилжүүлэхийг хүсдэг. Үнэндээ ийм мөнгө огт байхгүй бөгөөд хэрэв та тухайн хүнд мөнгө илгээвэл луйварчдад мөнгөө алдлаа гэсэн үг. 

Болзооны цахим хуудасны луйвар

Болзооны цахим хуудаснаас хэн нэгэн тантай холбогдож, эсвэл тан руу цахим шуудан илгээдэг. Түүндээ өөрийгөө өөр оронд амьдардаг, ямар романтик, энхрий зөөлөн, халамжтай хүн болохоо танилцуулна. Тэдэнтэй харьцаа тогтоож эхэлмэгц тэд мөнгө асууж эхэлнэ. Жишээ нь, өвчтэй хамаатнаа асрах, эсвэл тантай уулзахын тулд онгоцны билет авах гэх мэт. Үнэндээ тэд таны мөнгийг луйвардаж авахаас биш тантай ирж уулзахгүй.

Битгий хариу бич!

Таны хүлээж байгаагүй гэнэтийн цахим шууданд бүү хариул. Хэрэв та ийм цахим шууданд хариулбал энэ нь “phishing” (фишинг) цахим шуудан байж болох тул та луйварчдад өөрийнхөө цахим шуудангийн хаягийг идэвхтэй хаяг гэдгийг мэдүүлж, луйварчид таны дансны мэдээллийг өөр бусад луйварчин, хулгайчдад худалдах эрсдэлтэй.

Та өөрийн танилаас цахим шуудан хүлээн авахад тэднээс ирүүлдэг мессежээс өөр содон мессеж бичсэн, улмаар тухайн цахим шуудан хавсралттай, эсвэл цахим хуудасны линктэй байвал тухайн хавсралтыг нээж БОЛОХГҮЙ. Өөрөөр хэлбэл, тухайн линкийг дарж БОЛОХГҮЙ. Хариу бичихээсээ өмнө тан руу цахим шуудан илгээсэн гэгдэх тухайн хүнтэй ярьж лавлаарай. (Луйварчид тан руу цахим халдлага хийсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл, таны найзын цахим шуудангийн хаягт хууль бусаар нэвтэрч хавсралт, эсвэл линкийг вирустуулсан байж болох талтай. Энэ тохиолдолд хавсралт, эсвэл линкийг нээвэл таны компьютер вирусээр халдварлана гэсэн үг.)

Залилангийн цахим шууданд дурдсан утасны дугаар болон холбоо барих мэдээлэлд итгэж утасдаж болохгүй.

Сэжигтэй цахим шууданг шууд устгах нь хамгийн зөв.

Таны танихгүй, мэдэхгүй дугаараас залгасан дуудлага, эсвэл ирүүлсэн мессежид хариулахгүй байх нь зүйтэй. Ялангуяа мэдэхгүй утасны дугаарт маш анхааралтай хандаарай. Тухайн утасны дугаар нь төлбөртэй тусгай дугаар байж болох учраас хэрэв та ийм утас руу залгаж ярьвал маш өндөр төлбөр төлөх болно.

Хөрөнгө оруулалтын луйвар, залилан

Хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн компанийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн тан руу ихэнхдээ утсаар холбогдож маш их ашиг, орлого авчрах хувьцаа худалдан авахыг санал болгож магадгүй. Үнэндээ ийм хувьцаа нь ямар ч үнэ цэнэгүй учраас хожим тухайн хувьцааг худалдах боломжгүй, эсвэл ийм хувьцаа огт байхгүй байдаг.

Хөрөнгө оруулалтын луйвар буюу хуурамч саналыг хэрхэн олж таних тухай дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

САНАМЖ

Санхүүд үнэгүй үдийн зоог гэсэн ойлголт байхгүй. Үнэмшихэд ч хэцүү сайхан сонсогдож буй хөрөнгө оруулалт таныг эцэстээ алдагдалд хүргэж болох тул маш болгоомжтой хандаарай.

Ажлын саналтай холбоотой “scam” буюу луйвар

Таны таньж мэдэхгүй хүн шинэ ажил санал болгож сургалтад суух, эсвэл материалын урьдчилсан хөлс төлөхийг хүсэх тохиолдол бий. Мөн өөр улс оронд байхгүй ажлыг байгаа мэтээр ярьж ажиллахыг санал болгоод виз, орон байрны асуудлыг зохицуулах хураамж төлөхийг хүсэж магадгүй.

Ажлын саналтай холбоотой өөр төрлийн луйвар нь богино хугацаанд мөнгө олох ажил байна гээд үүнд бүртгүүлж, урьдчилан бүтээгдэхүүн хүлээж авахын тулд мөнгө төлөхийг шаарддаг. Гэвч эдгээр бүтээгдэхүүн нь ямар ч үнэ цэнэгүй, харин ч таны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өөр луйварчдад худалдах эрсдэлд хүргэнэ.

Эрүүл мэнд, эмчилгээтэй холбоотой луйвар

Хорт хавдар, үрчлээ гэх мэт зүйлийг эмчилж эдгээх гайхамшигтай эмчилгээний тухай танд цахим шуудан, эсвэл зар сурталчилгаа ирж магадгүй. Гэвч үнэндээ ид шидийн мэт гайхамшигтай эмчилгээ гэж байхгүй.

Түүнчлэн янз бүрийн эм, хүнсний нэмэлт болон тураах бүтээгдэхүүн танд сурталчилж санал болгоно. Гэвч эдгээр нь бодитой зүйл биш байх төдийгүй таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж ч магадгүй. Эсвэл та мөнгөө төлсөн ч танд ямар ч бүтээгдэхүүн ирэхгүй

Эрүүл мэнд, эмчилгээ сувилгааны мэргэжилтнээс зөвлөгөө авалгүйгээр аливаа эм, бусад эмчилгээний материалыг худалдан авч болохгүй.

Худалдан авахаасаа өмнө бүтээгдэхүүн борлуулж буй компани хэр их нэр хүндтэй болохыг нягтлаарай.

Тасалбартай холбоотой луйвар

Зарим нэр хүндтэй спорт, урлаг соёлын арга хэмжээний тасалбарыг олоход хэцүү байдаг. Гэтэл танд ийм арга хэмжээний тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авахыг санал болгосон цахим шуудан, эсвэл цахим хуудас байж болно. Хэрэв та ийм тасалбарыг худалдан авбал таны захиалсан тасалбар хэзээ ч ирэхгүй, эсвэл танд ирүүлсэн тасалбар хуурамч байх эрсдэлтэй.

Худалдан авахаасаа өмнө тасалбар борлуулж буй компани хэр нэр хүндтэй, найдвартай болохыг нягтлаарай.

Шагнал, сугалаа, уралдаанд хожлоо гэсэн луйвар

Сугалаа, уралдааны бооцоо, бусад төрлийн шагналын сангаас мөнгө хожлоо, шагналаа аваарай гэсэн утга бүхий цахим шуудан, захидал танд ирж магадгүй. Луйварчид ийм тохиолдолд өөр хэлбэрийн арга заль ашигладаг. Үүнд:

  • Шагнал авахын тулд шагналыг тан руу илгээх, эсвэл хуульчийн хөлс гэх мэт төлбөр төлөх мөнгө илгээхийг танаас хүсдэг. Гэвч ийм шагнал гэж байхгүй, харин ч та нэхэмжилсэн төлбөрийг нь төлбөл мөнгөө алдах болно.
  • Зарим нь таныг шагнал хожсон хүн мөн гэдгээ паспортоороо батлахыг хүсдэг. Хэрэв та паспортоо үзүүлбэл, луйварчид таны хувийн “identity” буюу мэдээллийг хулгайлна.
  • Таны шагналын мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байгаа тул банкны дансны мэдээллээ өгөхийг танаас хүснэ. Гэвч энэ мэдээллийг тэд дансыг чинь хоослоход ашиглана.
  • Шагнал хожсон учраас шагналаа авахын тулд тусгай дугаарт залгаж ярих хэрэгтэй гэж магадгүй. Гэвч таны дуудлага төлбөртэй тусгай дугаарт холбогдож их хугацаа, мөнгө алдана.

Хэрэв та оролцоогүй л бол аливаа сугалаа, уралдаанаас мөнгө хожих боломжгүй. Таныг сугалаа, уралдааны мөрийнд оролцоогүй байхад түүврээр сонгоно гэж байдаггүй.  Жинхэнэ сугалаа нь сугалаанд хожсон мөнгөө авахын тулд төлбөр төлөхийг танаас шаарддаггүй.

Хүлээгээгүй гэнэтийн хачирхалтай цахим шууданд хариу бичих хэрэггүй. Сэжигтэй цахим шуудангуудыг шууд устгаж байх нь зүйтэй.

САНАМЖ

Хурдан баяжих сонгодог арга зам гэж байдаггүй. Хурдан мөнгө олж чаддаг хүмүүс бол зөвхөн луйварчид, залилан мэхлэгчид байдаг.

Гэрийн хаалга тогшиж ирсэн уригдаагүй зочдын луйвар

Хэрэв танихгүй хүн таны гэрийн хаалгыг тогшвол:

  • Тэднийг гэртээ оруулахаас болгоомжлох хэрэгтэй. Тэд хулгайч байж болох тул таныг өөр зүйл рүү харж байх хооронд таны үнэтэй цэнэтэй зүйлийг хулгайлна, эсвэл сайтар нүдэлж аваад таныг эзгүйд орж хулгайлна.
  • Танд хэрэгцээгүй, эсвэл мэдэхгүй зүйлээ худалдан авах шахалт дарамтад бүү автаарай.

Хэрэв танай гэрийн хаалгыг танихгүй хүн тогшвол тэдний таних тэмдэг, баримт бичгийг заавал шалгаж байгаарай. Таньж мэддэг, итгэдэг хүмүүс биш л бол өөр танихгүй хүмүүсийг гэртээ бүү оруул.

Худалдаачны санал болгосон зүйлийг сонирхож байвал та тухайн санал болон бизнесийн талаар тодруулж мэдэх нь зүйтэй.

Танд боломжийн санал тавьсан гэдгийг баталгаажуулахын тулд судалгаа хийж харьцуулах хэрэгтэй. Боломжийн үнийн санал авах зөвлөмжийг эндээс [Худалдан авалтынхаа зардлыг бууруулах ньүзнэ үү.

Аюулаас сэргийлэх

Өмнө нь уулзаж байгаагүй хүнд хувийн болон банкны мэдээллээ огт өгч болохгүй. Та таньж мэдэхгүй, итгээгүй хэн нэгэнд мөнгө шилжүүлж огт болохгүй.

ХЭРЭВ САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН ХОХИРОГЧ БОЛСОН БОЛ ЭНЭ ТУХАЙ МЭДЭЭЛЭХ

Хэрэв та санхүүгийн луйврын олз, хохирогч болсон бол санаа зовох хэрэггүй. Энэ тухайгаа холбогдох газарт нь мэдээлэх хэрэгтэй. Ийнхүү мэдээлснээр, тө өөрийн алдсан мөнгийг, эсвэл зарим хэсгийг эргүүлэн олж авах болон бусад хүмүүсийг ижил төрлийн луйврын хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд туслана. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.