Ардчилсан намын төлөөлөл хүний эрхийн зөрчлийн асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны гадаа мэдээлэл хийлээ.
461 дүгээр хорих ангид өлсгөлөн зарлаад 22 хонож буй "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаяр уургийн алдагдалд орж, бөөрний үйл ажиллагаа муудаж, 10 кг хассан. Эмч нарын зүгээс түүнийг өлсгөлөнг цаашид үргэлжлүүлбэл амь насанд нь эрсдэлтэй хэмээн анхааруулж байгаа иргэн Э.Одбаяр өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдсэн талаар хэмээн УИХ дахь АН-ын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй АН-ын төлөөлөл мэдээллээ.
УИХ дахь АН-ын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ: Би энэ сарын 25-нд Авлигатай тэмцэх газар болон Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн албан тушаалтныг шалгуулахаар өргөдөл өгсөн. Мэдлэг боловсролгүй, албан тушаалын хэнээтэй хүмүүсийг төрд залж байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндэслэлгүй хөрөнгөжиж, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа дарга нар Монгол Улсыг хохироож байна. Төрийн албан тушаалыг ар өврийн хаалгаар олгож, мэдлэг боловсрол, туршлагагүй хүмүүст албан тушаал өгмөөргүй байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуусын амыг барьж байгааг иргэд зогсоох цаг болсон. Энэ асуудлаар Хууль зүйн сайд Х.Нямбаатарт шаардлага хүргүүлж байна. Х.Нямбаатар аа чи ажлаа хийгээч ээ. Би худалч хүнд өдөр бүр танай яамны гадаа ирж байна. Эмнэлэгт өвчтэй хүмүүст ор дэр олдохгүй байхад ХЗДХЯамны ажилтан 10 саяын үнэтэй компютер хэрэглэж байна. Энэ арай дэнднээ.
Мөн АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат: "Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байгаа, эрхээ эдэлж чадахгүй байсан иргэдийн өмнөөс дуугарсныхаа төлөө тэр залуу ялтан болж байна. Биеийн байдал нь маш хүнд, 10 гаруй кг жин хаяж, бөөрний дутагдалд орсон байна. Амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учирсан ч өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа.
Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа залуусыг яагаад айлгаж, дарамтлаад, зүрх зоригийг нь мохоогоод байгаа юм бэ. Цар тахлаас үүдэн 1,000 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ асуудлаар үгээ хэлсэн Э.Одбаяр, Д.Монголхүү нарыг баривчилсан. Биднийг шаардлага биелүүлсний төлөө эндээс баривчлаад аваад явж байсан. Өнөөдөр Ардчилсан намын төдийгүй хүний эрхийн төлөө дуугардаг мянга мянган залуу хохирч байна гэсэн юм.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай оронд хүний эрхийн асуудал ноцтой зөрчигдөж байна. Хүн төрөхдөө л эрхтэйгээ төрдөг. Эрхийнхээ төлөө дуугарсан, тэмцсэн залуусыг яллагдагчаар татсан байна.
Хүний эрхийг хамгаалж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө залуучууд ялтан болчихлоо. Биднийг баривчилж болно. Болохгүй байгаа зүйлийн төлөө дуугарах олон залуучууд бий.
Түүнчлэн тэд өнөөдөр энгийн сүлжээ дэлгүүрийн ажилтны шаардлагыг хангахгүй 30 настай Л.Оюун-Эрдэнэ сайд Монголын төрд балчирдаж, улс орныг хохироож байна. Ардын нам түүнээс илүү хүнийг Ерөнхий сайдаар томилж ажиллуул. Байхгүй бол АН-ын бүлгийн 11 хүн байгаа. Улс орныхоо төлөө ажиллах хүнийг олж ажиллуул" гэсэн юм.
Эргэн сануулахад... "NoDoubleStandart" иргэдийн хөдөлгөөний тэргүүн Э.Одбаярыг энэ сарын 6-наас эхлэн нэг сарын хугацаанд хорих шийдвэр гаргасан.