Өнөөдөр “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний хурал боллоо. Хурлыг Хил хязгааргүй нэг дэлхий ТББ-ын санаачлагаар НЭМҮТ, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэн, Иргэний зориг ногоон хөгжил ТББ, Эко шийдэл ТББ, Судалгааны онлайн сэтгүүл хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын нийт газар нутгийн 77 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөнөөс 16.6 хувь нь нэн хүчтэй цөлжөөд байна. Гэхдээ цөлжилтийн асуудал нь зөвхөн Монгол орны өмнө тулгамдсан асуудал биш юм. Дэлхийн бүх улс орнуудад хөрсний доройтол, цөлжилт их бага хэмжээгээр бий болсон бөгөөд тус бүртээ цөлжилттэй тэмцэх арга замыг хайсаар байна. Иймээс салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, цөлжилтийн талаарх ойлголтоо нэгтгэх, цөлжилтийн эсрэг шинж, шинэлэг арга туршлагыг судлах зорилгоор “Цөлжилтийн эсрэг тэмцэх арга зам, инновацийг нэвтрүүлэх нь” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна гэж Хил хязгааргүй нэг дэлхий ТББ-ын тэргүүн Б.Батбаатар мэдээллээ.
Хил хязгааргүй нэг дэлхий Б.Батбаатар: “Цөлжилт зөвхөн байгальд хамааралтай асуудал юм шиг ойлгож ирсэн нь буруу байсан гэдгийг бид өдөр тутмын амьдралдаа мэдэрч байна. Тиймээс одоо цөлжилтийн эсрэг хүмүүс бид юу хийх вэ гэдэгт анхаарах ёстой. Хэдхэн жилийн өмнө бид байгальд хог хаяхгүй байхыг байгаль хамгаалж байна гэж ойлгодог байсан. Гэтэл тэр цагаас хойш байгаль, экологийг хамгаалах, нөхөн сэргээх ажил шинэ түвшинд гарч ирсэн. Одоо ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг ярьж байгаа бөгөөд үүнийг ч шинэ түвшинд гаргах хэрэгтэй. Хамгийн түрүүн ногоон соёл иргэншил байх ёстой юм гэдгийг ухаарч байна. Ногоон соёл иргэншил гэдэг нь ногоон амьдрал юм. Өөрөөр хэлбэл байгаль орчин гэдгийг хүний нийгмээс тусад нь салгаж, өөрсдөө холдуулах биш байгаль бидний эргэн тойронд байгаа нэг цутгамал зүйл гэдгийг ухамсарлах цаг нь болжээ. Ер нь бол цөлжилтийн эсрэг улс орнууд том жижиг, хил хязгаар, хэл соёл , баян ядуу гэхгүйгээр хамтран ажиллах хэрэгтэй” гэв.
Өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар салбарын эрдэмтэн, судлаачид...
- Цөлжилт, газрын доройтол ба Монгол орон
- Цөлжилт уур амьсгалын өөрчлөлт хийгээд ядуурал
- Цөлжилт нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх нь
- Цөлжилт газрын доройтолыг эсрэг тэмцэж буй Монгол орны туршлага зарим шийдлүүд зэрэг сэдвээр санаа бодлоо уралдууллаа.