Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барих гэж байгаа тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн.
Энэ хуулийн шинэчлэлээр гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан, дээрэмдсэн хэргүүдийг хурдан шуурхай шийддэг, хохирлыг барагдуулж, хариуцлага ял шийтгэлийг шударгаар оноодог хууль эрхзүйн орчин бүрдэх юм байна. Тиймээс эхний ээлжинд 2012 оноос хойш гадаадын хөрөнгө оруулагчдыг иргэн болон хуулийн этгээдүүд луйвардсан, хохироосон байж болзошгүй хэргүүдийг түүвэрлэх судалгааны ажлыг Хууль зүйн яам болон бусад хуулийн байгууллагууд хийж байгаа юм байна. Энэ төрлийн мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын 77877768 утсаар хүлээж авч эхэлснийг зарлалаа.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулагчдыг залилсан гэгдэх хэргүүдийн талаар цахим орчинд хүмүүс мэдээлж эхэлсэн байна. Эдгээрийн нэг нь АН-ын гишүүн, ШӨХТГ-ын дарга асан О.Магнайтай холбогдох хэрэг 2020 онд хэвлэлүүдээр цацагдаж байв.
Хэргийг эргэн сийрүүлбэл... О.Магнай нь Ливан улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны 4 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө буюу БГД-ийн 2-р хороонд байрлах 3000 мкв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 4 ажилтны тусламжтайгаар 724 сая төгрөгөөр үнэлүүлэн, өөрийнхөө ээжийн нэр дээрх компанид шилжүүлэн авсан гэгддэг.
Анх 2014 оны аравдугаар сард Ливaн Улсын иргэн Мoxaмaд Зуxуэр Итaны “Седaрс” кoмпaнид ээжийнхээ эзэмшилд байсан газраас 300 мянгaн ам.дoллaрaaр газар заржээ. Мөн тус газарт баригдах оффисийн барилгын долоо, найман давхрыг нь 1.1 сая ам.доллароор худалдан авах гэрээг Мoxaмaдтай хийжээ. Барилга 2016 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орохоор гэрээнд тусгагдсан ч, 2017 онд ч ашиглалтад ороогүй тул О.Магнайгийн ээж С.Oтгoнжaргaл шүүхэд гомдол гаргаж, “Седарс” гэх ХХК-иас 723.8 сая гаруй төгрөг гаргуулахаар болсон байна.
Ийнхүү шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хийж, тус байгууллагын дарга хурандаа Б.Цогжаргал 2-3-хан өдрийн дотор “Сидарс”компанийн эзэмшилд байсан обьектийг О.Магнайгийн компанид шилжүүлжээ. Зах зээлийн үнэлгээгээр 4 тэрбум төгрөгөөс ч илүү үнэлэгдэх обьектийг 724 сая төгрөгөөр үнэлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ “Сидарс” компанийг төлөөлөх эрх зүйн эрхгүй хүнээр тамга тэмдгийг нь даруулан гарын үсэг зуруулж “Дархан цамхаг” компанийн нэр дээр шилжүүлэн өгсөн аж. Энэхүү “Дархан цамхаг” компанийг О.Магнай 100 хувийн эзэмшдэг юм.
Өөрөөр хэлбэл О.Магнай нь ээжийнхээ эзэмшилд байсан газрыг зараад эргүүлэн тухайн газар дээрээ баригдсан барилгыг хуулийн байгууллагын хүмүүстэй хамтран луйвардаж авсан байж болзошгүй юм.
Хэргийн мөрөөр АТГ-аас мөрдөн шалгалт хийж, НШШГ газрын дарга асан Б.Цогжаргал нарын 4 хүнийг эрхээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргээр яллах дүгнэлт явуулсан. Гэвч хэргийг НПГ-ын хяналтад буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн байдаг юм.
Энэ хэргийн хохирогч Ливан дахь Монголын өргөмжит консулын албан тушаал бүхий Мохамад Зухуэр гэх гадаад хүн мэдэгдэхдээ “Би хөрөнгө оруулагч, Би гадаад хүн. Би энэ хүнд итгэсэн. Тэгээд миний үл хөдлөх хөрөнгө, миний барилга түүний компанийн нэр дээр очсон байсан. Түүнчлэн ээжид нь аль хэдийн мөнгө төлөөд авчихсан байсан газрыг тэр өөрийн нэр дээр болгосон байсан. Намайг Монголын хилээр нэвтрүүлэхгүйн тулд миний нэрийг нисэх онгоцны буудалд хүртэл өгсөн байсан. Түүнчлэн намайг Ливан дахь Монголын өргөмжит консулын албан тушаалаас минь огцруулахаар Монголын тагнуулд миний тухай ямар хуурамч мэдэгдэл өгснийг нь мэдэхгүй байна. Би өмгөөлөгч хөлсөлсөн. Өнөөг хүртэл Монголын Засгийн газарт шаардлагатай гэсэн бүхий л төлбөрийг төлж байна" гэж хэлж байжээ.
Одоогоор энэ хэрэг НПГ-т дахин шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам хэргийг ул мөр замхрах шинжтэй болжээ. Түүнчлэн монгол руу чөлөөтэй нэвтэрч чадахгүй байгаа гэх хохирогч Мохамад Зухуэр өмгөөлөгчөөрөө дамжуулан Монголын Засгийн газарт хандахаар болсон гэх албан бус мэдээлэл бий.
Гадаадын иргэн, хөрөнгө оруулагдыг хохироосон тонон дээрэмдсэн хэргийг сэргээн шалгахаар Ажлын хэсэг саяхан байгуулагдсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвардсан энэ мэт хэргүүдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нар анхааралдаа авч шалгаж эхлэх нь бололтой. Учир нь гадаадын иргэн, хөрөнгө оруулагчдын залилан луйвардсан хэрэгт холбоотой хүмүүсийн хэргийг нэг бүрчлэн эргэж шалгахаар болоод байгаа юм.
Э.МӨНХ