“Ажлын шаардлагаар л архи хэрэглэж байна”, “Баасан гарагт хааяа гарч ганц хоёр шил пиво уухад яахав дээ”, “Яах ч аргагүй ангийн уулзалт, ажлын ой тул уучихлаа”, “Архийг нь голоод байна уу, айлыг нь голоод байна уу”, “Ганц хундага уулаа гээд яав л гэж”, “Спиртны дутагдалд оров оо”… Энэ бол архийг өдөр тутмын хэрэглээ гэж үздэг хүмүүсийн бусдад хэлдэг үгс.  Олон улсад архи, согтууруулах ундаанд донтохыг сэтгэцийн өвчинд хамааруулж үздэг болсон. Архийг байнга хэрэглэсээр байвал эрүүл мэндэд төдийгүй оюун санаанд хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг аж. Үүнийг архины шалтгаант тэнэгрэл хэмээн оношилдог байна.

Гашуун ундааг хэтрүүлэн хэрэглэж, донтож байгаагаа мэдэх тун амархан болжээ. Доорх шинж тэмдгүүд таньд илэрч байгаа эсэхийг л шалгахад болох юм.

-Ямар нэгэн тэмдэглэлт өдөр болгоныг бага их хэмжээгээр заавал тэмдэглэж согтууруулах ундаа хэрэглэдэг,

-Хундагатай архи барингуутаа хурдан хөнтөрчихдөг, бусдын хэлж байгаа үгсийг хүлээж чаддаггүй,

-Архи, согтууруулах ундаа уух шалтагтай уулзалтын давтамж нэмэгдсээр байгаа бол,

-Баасан гараг бүр согтууруулах ундаа хэрэглэдэг бол архины хамааралд ойртсоны шинж юм.

Архины тухай ам дамжсан төөрөгдлүүд:

-Бага зэргийн архи жирэмсэн эмэгтэйд аюулгүй

-Архиар цусны даралтыг бууруулж болно

-Архи хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг

-Архи ажлын чадвар нэмэгдүүлдэг

-Архи стресс тайлдаг

-Үнэтэй архи бага хортой

-Архи сайн нойрсуулагч

-Архи ходоодны өвчнийг эдгээдэг

-Архи дулаацуулдаг

-Шар айраг согтууруулах ундаа биш

-Архи уудаггүй хүнд итгэж болохгүй

-Архиар ханиад томууг эмчилж болно

 

ЭМДС-гийн захиалгаар бүтээв.