ИЗНН саяхан X Их хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг сонголоо. Энэ удаад сонгуульдаа бэлтгэхээр УИХ-д сууж, олон жилийн турш улс төрийн хүрээлэлд багтаж, улсын төрийн намыг удирдах, бодлого тодорхойлох, хууль боловсруулах туршлага бүхий Батын Батбаатарыг  намын даргаараа сонгосон нь сонгуулийн өмнө нүдээ олсон сонголт байлаа. ИЗНН Монголын улс төрд гуравдагч хүчний байр суурьтай явж ирсэн нам. Одоо үүнийгээ  баталгаажуулах боломж бүрдлээ гэж ажиглагчид харж  байна.

Саяхан Их хурлаа хийсэн ИЗНН-ын дарга Батын Батбаатар сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Сонгуулийн холимог тогтолцоо нь тухайн нам ямар түвшинд, институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс шалтгаална. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй” гэдгийг хэлээд ИЗНН хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж ирж буй сонгуульд амжилттай оролцох болно гэжээ. Ийнхүү намын шинэ даргатай болсон ИЗНН УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон тохиолдолд манай улсад нэн хэрэгтэй “Эрх чөлөөний тухай” хууль батлуулах болно гэдгээ намынхаа Их хурлаар тодорхойлон гаргасан байна. Манай улсад шударга ёс алдагдаж байгаагаас улбаатайгаар хүний эрх, эрх чөлөө алдагдах болсон. ИЗНН-ын санаачилж буй “Эрх чөлөөний тухай” хууль нь санхүүгийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө гэсэн үндсэн суурь бүлгүүдтэй байх ба Засгийн газар, төр нь иргэдээ хамгаалах, өмгөөлөх, дэмжих эрх чөлөөг эдлүүлэх зорилгоор ажилладаг байх ёстой” гэж үзэж байгаагаа тодотгож байв.

ИЗНН олон жил парламентын цөөнх явсан хэдий ч улс төрийн асар их туршлага хуримтлуулсан нам. Сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа энэ цаг үед ИЗНН хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэд олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг үгүйсгэхгүй юм. Мөн дэлхий нийтээрээ ногоон хөгжлийн бодлого ярьдаг болсон энэ цаг үед Иргэний зориг ногоон намын байр суурь чухал юм.