Уншиж байна...
Японы эзэн хаан, хатан хаан долдугаар сарын эхээр Монголд айлчилнаХоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Узбекистаны “Куксарой” Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээний эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Евроазийн төвд орших байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч Ш.Mирзиёев болон Узбекистаны төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

Мөн хоёр ард түмний хэлхээ холбоо олон зууны тэртээгээс эхтэй бөгөөд нүүдлийн соёл иргэншил, түүх, ёс заншил зэрэг ижил төстэй үнэт зүйлстэй, найрсаг дотно харилцаатай орнууд болохыг онцоллоо.

Узбекистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлж, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Ерөнхийлөгч Ш.Мирзиёев хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны айлчлал нь найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг  эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, харилцааны түүхэн шинэ хуудсыг хамтдаа нээж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын хүрээнд хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй гэрээ, хэлэлцээр байгуулсныг сайшаан тэмдэглэв.

Талууд цаашид харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотлов.

Айлчлалын үеэр Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй буйгаа талууд нотоллоо. Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Узбекистан Улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо ойрын хугацаанд нээх эрмэлзэлтэй буйгаа тэмдэглэв.

Төрийн тэргүүн нар “Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг 2024-2026 онд хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр” байгуулсныг сайшааж, худалдааны эргэлтийг 10-20 дахин нэмэгдүүлэх, Монголоос Узбекистаны зах зээлд болон тус улсаар дамжуулан Төв Азийн бүс нутгийн бусад улс оронд ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, Узбекистанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо импортлох чиглэлд хамтран ажиллахаар тогтов.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хоёр улсын төрийн тэргүүний тохирсон ажлуудыг бодит ажил хэрэг болгох хүрээнд Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг 2024 оны хоёрдугаар хагаст Ташкент хотноо зохион байгуулахаар боллоо.

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц, бололцоонд тулгуурлан хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгдэж, Ажлын хэсэг байгуулахаар болов.

Талууд тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, “Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автозамын тээвэрлэлтийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсныг сайшаав.

Цаашид хоёр орны иргэд харилцан визгүй зорчдог давуу талаа ашиглан Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг эхлүүлж, иргэд харилцан зорчих урсгал, бараа, бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиров.

Айлчлалын хүрээнд Ташкент хотноо зохион байгуулж буй “Монгол-Узбекистаны бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байгааг сайшааж, цаашид хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдааг хамтран зохион байгуулахаар тогтов.

Узбекистан Улсад олон зуун монгол залуус дээд боловсрол эзэмшсэнийг талууд тэмдэглээд цаашид хоёр улсын Засгийн газрын тэтгэлгээр оюутан залуусыг их, дээд сургуульд харилцан сургах, боловсролын салбарын уламжлалт харилцаагаа сэргээн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр болов.

Төрийн тэргүүн нар эрүүл мэндийн салбар нь Монгол, Узбекистаны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ чиглэл болон хөгжиж буйг сайшаалаа.

Монголын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эрүүл мэндийн “Нура” оношилгооны төвийг Ташкент хотноо нээж байгаа нь хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэхийн төлөө гэдгээ харилцан нотлов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хүчин чармайлтад хамтын хувь нэмрээ оруулах үүднээс Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Узбекистан Улсын “Ногоон орон зай” төсөлтэй уялдуулан ойн салбарт хамтран ажиллахаар санал нэгдэв.

Монгол Улсын санаачилгаар үүсгэн байгуулсан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т Узбекистан Улс нэгдэн орохоо илэрхийлэв.

Талууд хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Монгол-Узбекистаны соёлын хамтарсан тоглолт зохион байгуулж буйг сайшааж, цаашид соёлын өдөрлөг зохион, хоёр орны өв соёл, зан заншлыг харилцан сурталчлан таниулах чиглэлээр хамтрахаар боллоо.

Албан ёсны хэлэлцээний дүнгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч Ш.Mирзиёев нар Монгол, Узбекистаны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.