Уншиж байна...
“Hulegu Pictures”, “Favway”-ийн хамтын бүтээл "Хүлээх өрөө" нээлтээ хийнэЛ.Оюун-Эрдэнэ: “2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд “Амьдрахад таатай орчин бүрдсэн амьд хот” бүрдүүлэх төлөвлөлт хийсэнАнхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан гадаад улсын төр, засгийн тэргүүнээс эмгэнэлийн захидал ирүүлэвЗам, тээврийн хөгжлийн яаманд ЗӨВЛӨМЖ хүргүүлжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаСэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байнаФОТО: Цаг мөч нь эгзэгтэй таарсан гэрэл зургуудМонгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай болжээСургуулийн үдийн хоолны шим тэжээлийн байдал сайжирчээГашуудал зарласантай холбогдуулан бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оруулжээМаргааш Ерөнхийлөгч агсан П.Очирбатыг сүүлчийн замд үдэх арга хэмжээнд зам хаах чиглэлүүдШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит болголооАТГ: 2024 онд 16512 нэр дэвшигчийн ХАСУМ-ийг хянаж, хариуг хүргүүлэвНийт нутгийн 60 орчим хувьд цастай байна
Хотыг цахилгаангүй болгох хорт явуулга

Орон нутгийн сонгууль угтаад зам засах ажил моодонд оров. Өдөр бүр л нэг газар зам зассан тухай мэдээлэл хаа сайгүй. Хийж бүтээгээд байгаа мэт энэ зам засалтын цаана иргэдээс үнэлгээ авах гэсэн бодлого явааг дарга нар нь ч, иргэд нь ч мэддэг болоод уджээ. Гээд яахав засаж л байвал болоо доо гэсэн сэтгэлгээгээр хандах болсон нь дарга нар маань юу ч хийдэггүй, иддэг уудаг байдалд дассаны л гэрч юм. Иргэд дандаа номхон байх уу гэвэл үгүй л байх. Муу муухай нь дүүрээд ирэхээр ямар ч зүйл гадагшаа хальдаг нь жам юм хойно доо.

     Зам засах яах вэ, өвөл ирж байхад хотыг цахилгаанаар хангадаг Багануурын уурхай чинь нүд аних вий гэж санаа зовох юм. Эхлээд тог цахилгаанаа бодвол яасан юм бэ, эрхэм дарга нар аа.

   Энэ тухай арван жилийн өмнө бичиж байлаа. Гэвч  арван жилийн дараа яг тэр асуудал хэвээрээ. Уурхайн дарга, ажилтнууд бол чадлаараа л зүтгэж байна. Алийн болгон аргалах билээ дээ. Гээд он цаг өнгөрөхөд элэгдэж хорогдож, өөрчлөгдөж байдаг хойно дээрээс нь дэмжих, бодлогын шийдэлд хүрэх чухал болоод байна.     

    Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 46 жилийн түүхтэй. Ажилчид нь 24/7 горимд хоёргүй сэтгэлээр ажиллаж, хотын иргэдээ гэрэлтэй гэгээтэй, дулаан байлгахын төлөө хичээн зүтгэж яваа. Гэтэл зам засахдаа шаламгай төр маань түүнээс ч илүү чухал цахилгаанаа үл хайхарсны улмаас Багануурын уурхай нүдээ аних дөхжээ. Уурхай нүд анилаа гээд уурхайн удирдлага, хэдэн уурхайчид яах ч билээ. Тэдний ажлын муугаас болоод байгаа юм үгүй.

Тус уурхайн нэг шанага нүүрсний үнийг сонсоод мэл гайхаж цэл хөхрөв. Та 50 төгрөгөөр юу авч чадах вэ. Миний санаанд лав орох юм алга. Багануурын уурхайн нэг шанага нүүрс 50 ч хүрэхгүй, 43 төгрөг. Уурхай хоногт 12000 тонн нүүрс олборлон станцуудад нийлүүлдэг. Гэвч нүүрсний үнэ, өртгийн зөрүүнээс нэг хоногт л 131 сая, сард 3.9 тэрбумын алдагдал хүлээдэг. Иргэдэд таалагдах хүсэлтэй эрх баригчид маань нүүрсний үнийг хязгаарладаг, уурхай ашиггүй ажиллаж байгааг мэдэх  атлаа татвараар боомилдог. Тухайлбал, 2022 онд Татварын ерөнхий газраас 2016-2019 оны татварыг хугацаанд нь төлөөгүй гэж 10.8 тэрбум, 2020-2022 оны татварыг хугацаанд нь төлөөгүй гэж 11.8 тэрбум, нийт 22.6 тэрбум төгрөгийн алданги ногдуулжээ. Мэдсээр байж нэг гараараа үнийг нь өсгөхгүй бариад нөгөө гараараа татварын өр тавиад байдаг нь төр засгийн харалган бодлого гэлтэй.

Иргэдээ бодож байгаа бол уурхайд татаас өгч болно оо доо. Зарим салбарт татаас өгөөд байдаг хэрнээ нэн чухал газраа орхиод байгаа нь хотыг цахилгаангүй болгох хорт явуулга гэлтэй. Багануур л зогсвол нийслэлийнхэн мэнд өвөлжихгүй гэдгийг иргэд нь даанч  нэг анзаарахгүй байна. Үнэн хэрэгтээ дээр, доргүй хэт улстөржилтөөс илүү үүнд л санаа тавьж баймаар юм. Үүний цаана арай Багануурыг хувьчлах бодлого явж байгаа юм биш байгаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Унагаж байгаад өрөнд оруулж байгаад өөрсдөө үнэгүйдүүлж авдаг туршлагад дарга нар маань дадсан болохоор бас янз бүрийн л юм бодогдох юм.

Гурилын үйлдвэрүүд 36 төрлийн татвар, гаалийн хөнгөлөлтөөр жилд 211 тэрбум төгрөг, эрчим хүчний салбар жил бүр 25-30 тэрбумын татаас, газар тариалангийн салбар 1 тонн улаан буудай тутамд 80 мянган төгрөгийн татаас авч байна. Харин Багануурын уурхайд нэг ч төгрөг хэзээ ч өгч байсангүй.  Эсвэл эрчим хүчний эх үүсвэр болж байгаа Багануурын уурхай араас гарсан хүүхэд юм болов уу. Хөөрхий хаягдсан Багануурын уурхай нь сэтгэл зүтгэл дүүрэн, мэргэшсэн ажилчидтай тулдаа түүхэндээ улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй ч зохих ёсоор ажилласаар байна. За уурхайг ялгаж үздэг юм аа гэхэд хот тоггүй болох нь хэнд ашигтай юм бол. Иргэдэд лав хүнд тусах байх.  Хот даяар цахилгаан тасраад хэдхэн цаг болоход хоолгүй ундгүй усгүй интернэтгүй шатахуунгүй, ер нь юу ч үгүй болж, амьдрал бүхэлдээ зогсоно.  

За тэгээд болоод л ажиллаад байна шүү дээ гэж бодож байна уу. Газар дээр нь очиж үзлээ. 43-хан төгрөгийн үнэтэй нүүрс хийсэн шанага маань түм цоороод монголчлон нөхжээ. Арай л уу. Олон арван төсөл хөтөлбөр хурдасгах бүтээн байгуулалт ярих юм. Тэрнээс нь эрчим хүчний эх үүсвэр болсон энэ уурхай яагаад сох хаягдсан талаар дарга сайд нарын хэн нь хариулах бол...

Нүүрсний үнэ өсөхөөр бүх юмны үнэ өснө гэдэг жижүүрийн хариулт хэрэггүй. Угаасаа нүүрснээс үл шалтгаалан бүх юмны үнэ тасралтгүй өсөж ирсэн байхад ийм хариулт өөрөө утгагүй юм.  

Ийм хүнд байдалд байгаа ч Багануурын уурхайчид өөрсдийн үүргээ гүйцэтгэсээр.. Жилд 30-33 тэрбум төгрөгийн татвар жил бүр төвлөрүүлж, нийгмийн хариуцлагын стратеги боловсруулж, нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлсэн анхдагч компанийн хувиар мод суулгац тарьж, Хустайгаас тарвага хүртэл авчраад нутагшуулчихжээ. Юун тарвага яриад унав гэвэл тарвагыг хээрийн инженер гэдэг бөгөөд энэ нь нөхөн сэргээлтэд нөлөөтэй ажил аж. Мод суулгацын хувьд ганцхан тоо дурдахад 2023 онд дэд бүтэц бүхий 5 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 400 мянга орчим суулгац тарьжээ. 

     Газар дээр нь очиж танилцахад хүнд нөхцөлд байгаа  ч Багануур ХК-ийн 1100 гаруй ажилчид нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, ирээдүйдээ итгэлтэй, хамгийн гол нь уурхайдаа хайртай, эх орныхоо голомтыг сахих үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарласан бахархам хамт олон санагдсан. Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ.   Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл  зүтгэл ер дутаагүй юм билээ.

Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, бусад улс, өөр хүчин зүйлүүдээс шалтгаалах юм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дотоодынхоо нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг Багануурын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, санхүүгийн чадавхыг нь сайжруулах цаг нэгэнт иржээ. Нөгөө талаас Монгол Улс олон улсын хэмжээнд ногоон эрчим хүчний бодлогыг дэмжинэ гэж зарласан нь нүүрсний уурхайнуудад олон улсын хөнгөлөлттэй зээл олдохгүйд хүргэсэн байна. Нэгэнт иймээс хойш төр засаг өөрсдөө л анхаарахгүй бол Багануурын уурхай яах вэ гэхэд ард иргэд чинь өвлийн хүйтэнд цахилгаан ч үгүй, дулаан ч үгүй болох аюул бодитой нүүрлэж байна.

Шинэ Засгийн газар олон мега төсөл урагшлуулна гэж хэдэн их наяд төгрөгийн төсөв баталсан. Мега төсөл, ирээдүйн хөгжлөөс өмнө хүн бүрт хамаатай эрчим хүчний эх үүсвэр болсон уурхайн асуудлаа шийдмээр байна. Багануурын уурхайд ирэх 3 жилд нийт 307.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихэд л нүүрс олборлох жилийн хүчин чадал 8.3 сая тонн болж өсөх юм билээ. Жилд 100 тэрбум орчим төгрөг. Хүн бүрийн амин чухал хэрэгцээ болсон эрчим хүчний үндсэн эх үүсвэрт бодлогын дэм, зоригтой шийдвэр хэрэгтэй байна.  Хурдан шийдээрэй, дарга нар аа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 5 сэтгэгдэл
Зочин66.181.185.205
Одоо л дэмжихгүй бол сөхөрнө
2024/10/28
202.126.89.185
Үнэхээр тог цахилгаанаа хэвийн байлгая гэж бодож байгаа бол уг үндэснээс нь засах хэрэгтэй. Зүгээр нэр төдий Станцуудаа харсан шийд гаргаад байвал уг цаана нь байгаа олборлот хийж байгаа газар зогсвол мянган гоё станц байгаад яахав дээ түүхий эд нүүрс хамгийн чухал...
2024/10/16
202.126.91.151
Нүүрсний үнэ нэмэхгүй ард иргэдээ бодоод байгаа юм бол нөхөн олговор татвараасаа чөлөөлөөх хэрэгтэй шүү дээ засгийн газар
2024/10/10
ноён66.181.190.161
эрдэнэс төван толгойн охин компани шдээ.тэд 100 гаран доллараар нүүрсээ зардаг багануур 48.000 төгрөгөөр дцс борлуулдаг ЗГ зөрүүг нь өгч чадахгүй бол эрдэнэс 5 толгойгоос зөрүүг нь гаргуулаач өөрсдөө хулгай хийгээд суухаас
2024/10/09
139.5.219.167
дэмжих хэрэгтэй л байна даа
2024/10/08
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.