Орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор ХҮН намаас мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн П.Ганзориг: "ХҮН нам энэ удаагийн сонгуульд 400 орчим төлөөлөгч нэр дэвшүүлсэн. Юуны өмнө манай намд итгэж саналаа өгсөн иргэддээ баярлалаа. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймагт 3 төлөөлөлтэй болсон. Мөн ХУД, Багануур дүүрэгт ИХ-ын төлөөлөлтэй болсон.
Намын зүгээс олон талаас нь санал дүгнэлт гаргаж ажиллаж байна. Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.
Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал юм. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд ҮХНӨ-ийг оруулж, үүний хүрээнд холимог тогтолцоог оруулж ирсэн. Ингэснээр парламентад 5 намын төлөөлөл орж, 5 намын төлөөллийн 50 орчим хувь нь эрх баригч намаас, бусад нь 4 намаас сонгогдож, олон намын тогтолцоотой парламентын ардчиллыг бэхжүүлсэн сонгууль болсон. Хэрвээ ҮХНӨ-ийг хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан" гэлээ.
ХҮН намын нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа: "Хамтарсан ЗГ-ыг буруутгасан үйлдэл байсан. Нөгөө талд мөнгө тараалт маш их байсан. Бид үүнийг баримтжуулаад гомдол гаргасан боловч ужгирсан тогтолцоог бид өөрчилж чадахгүй юм байна. Тун удахгүй бид аудитад санхүүгийн тайлангаа гаргаж өгнө.
Бид өөрсдийнхөө чадах хэмжээнд саналаа авсан. Хэрэв надад хариуцлага тооцох гэвэл би нам дотроо хариуцлага хүлээхэд бэлэн байна. Үүнийг нам дотроо тайлангийн хурлаа хийж, хэн яаж хариуцлага хүлээх асуудлаа ярилцана" гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа: -ХҮН УИХ-д найман суудалтай. Би энэ зөвлөлийг төлөөлөн ярьж байна. Юуны өмнө ХҮН намыг уйгагүй дэмжсээр ирсэн нийт иргэд, сонгогчдодоо талархал илэрхийлье. Маш их баярлалаа, бид гүнээ талархаж байна, хариуцлагаа ухамсарлаж байна.
Сонгууль олон хүчин зүйлээс хамаардаг тул бид сонгуулийн үр дүнд нарийвчилсан дүн шинжилгээ хийнэ. Ардчилсан Монгол Улсад сонгууль нэг л болохгүй байгааг та бүхэн харж байна. Санал өгсөн нам нь гардаггүй. Булхай, луйвар, мөнгөний сүлжээ, хэн мөнгөтэй нь, хэн хулгайч, хэн худалч нь гардаг.
Сонгуулийн хууль ардчилсан оронд Үндсэн хуулийн дараа орохуйц чухал хууль. Сонгуулийн хуулийн хэрэгжилт, сонгууль зохион байгуулж буй арга барил буруу байна. Намын сүлжээний тухайд төрөөс санхүүжилт авч буй хороон дарга, хэсгийн ахлагч, төрийн өмчит компанийн ажилтнуудыг нам ашиглаж байна. Энэ шударга уу? Үүнийг болиулмаар байна. Ардын нам, зарим тохиолдолд АН, шулуухан хэлье.
Төрийн алба төрлийнх биш намынх болсон. Үүнийг бүгд мэднэ. Иргэн дүүгийнхээ постны доор лайк дарахад нь дарга нь дарамталдаг болсон. Ийм жишээ олон байна. Тэгэхээр болохгүй байна гэсэн үг юм.
Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж чадаж байна уу? Хаягийг нь харахад л аль 1980-аад оны үеийнхээрээ байна. Анзаарахааргүй боловч энэ байгууллагын хаяг улаан өнгөтэй. Улаан байх албагүй. Аль нэг намын нэр, өнгийг хавчуулаагүй байх ёстой. Арга барил нь ч ихээхэн хоцрогдсон. Ийм байхад яаж олигтой сонгууль хийж чадах юм бэ?
МАН нийт саналын 50 хувийг авсан атлаа нийт суудлын 80 хувийг авав. Тэгэхээр таны санал тусаагүй гэсэн үг юм. Энэ шударга уу? Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид цаашид хөгжлийн тухай ярих аргагүй болж байна. Манай улсын хөгжлийн гацаа энд байгаа тул өөрчлөх шаардлагатай. Бид энэ тогтолцоог өөрчлөхийн тулд ажлын хэсэг байгуулж, АН, МАН-д нөлөөлнө. Ардчиллыг хөгжүүлэх нь сонгуулиас эхлэх тул АН-ыг уриалж байна. Бүх нам орон нутгийн сонгуулийг сонгууль шиг сонгууль болгохын төлөө ажиллах ёстой.
ХҮН хамтарсан засагт орсноос үүдэн ялагдлаа гэж зарим хүн дүгнэв. Ийм бодолтой хүмүүс байж болно. Зарим намын явуулж буй бодлого ч байж мэднэ. Тоо баримт худлаа хэлдэггүй гэв.