Уншиж байна...
Нийт нас баралтын хувийг эмнэлгээс гадуур, аврах боломжтой нас баралт эзэлж байнаШ.Баранчулуун: Туул гол руу цутгаж буй бохир ус цэвэрлэгдэж чадалгүй урссаар зарим үед Орхон Туулын бэлчирт хүрч байнаӨнөөдөр олон улсын тэг хог хаягдлын өдөр тохиож байнаДайны улмаас түлшний үнэ өсөж буйтай холбогдуулан Австралийн хоёр муж нийтийн тээврийг үнэгүй болголооӨнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар хур тунадас орж, явган шуурга шуурнаМонгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Монголын эмч нарын VII их хурал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монголын эмч нарын VII их хурал Төрийн ордонд эхэллээ.

Хурлаар “Эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэл”-ийн талаар илтгэл сонсож, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, нийгмийн баталгаа, сургалт, инновац” зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн дүгнэлт, зөвлөмж гаргана.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Их хурлыг нээж үг хэллээ. Тэрбээр цар тахлын үед амь биеэ үл хайрлан, цаг наргүй ажиллаж, олон мянган хүний амь насыг аварч, онцгой гавьяа байгуулсан эмч, эмнэлгийн салбарын нийт хамт олон, гэр бүлд нь төр, засаг, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Сүүлийн жилүүдэд шинэ технологи, инновац, хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тусламж, үйлчилгээ нэвтэрч, ард иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн эмчилгээ, оношилгоо хийлгэх боломж нэмэгдэн, зүрх судас, мэдрэл, гэмтэл, хавдар, хүүхдийн нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээгээр олон улсын түвшинд хүрч байгааг тэмдэглэлээ.

Цаашид энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр анхаарах зүйл байгааг ч хэллээ.

Тухайлбал:

  • Өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлэх,
  • Олон улсын жишигт хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж, гадагшаа чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний урсгалыг бууруулах,
  • Улс орноо чадварлаг эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээр бүрэн хангаж, эдийн засгийн зөв хөшүүргээр орон нутаг, сумдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл, боломж бүрдүүлэх,
  • Үр дүн, ажлын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог улам боловсронгуй болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах,
  • Эмийн үнэ, чанар, аюулгүй байдалд онцгой анхаарах, олон улсын стандарт хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг импортлохын зэрэгцээ эх орондоо үйлдвэрлэдэг болох, иргэдэд эмийн зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх,
  • Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэн, эрүүл аж төрөх хэв маяг, эрүүл мэндээ хамгаалах зөв зан үйлийг төлөвшүүлэх замаар өвчин эмгэг үүсгэдэг эрсдэлт хүчин зүйл, учир шалтгааныг таслан зогсоох зэрэг чиглэлээр улам эрчимтэй, идэвх, санаачилгатай ажиллах нь зүйтэй гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” гэсэн хоорондоо харилцан уялдаатай үндэсний  хөдөлгөөн, ялангуяа “Эрүүл монгол хүн” хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эмч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын  мэдлэг, боловсрол, ур чадвар, хамтын ажиллагаа, манлайлал чухал үүрэгтэйг онцоллоо.

Эмч нарын VI их хурлыг 2019 онд Ерөнхий сайдын ивээл дор “Эрүүл мэнд- хөгжлийн тулгуур” уриатай зохион байгуулж, салбарын тулгамдсан асуудлыг дүгнэн хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн, зөвлөмж гаргаж байсан.

Засгийн газар эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан нь VI их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болох эхлэл болсон юм.

Өнгөрсөн таван жилд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд олон шинэ технологи нэвтрүүлснээр чанар, хүртээмж сайжирч, иргэд эх орондоо оношилгоо, эмчилгээ хийлгэх боломж нэмэгдсэн.

Эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогц тогтолцоо бий болгон, эх орондоо чадварлаг боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдээд байна.

Нярай хүүхдэд төрөлхийн эмгэг илрүүлэх шинжилгээ хийдэг болж,  хүүхэд бүрийг эрт илрүүлэх цогц үзлэгт хамруулан, эрүүл мэндийн салбарт үр дүн, ажлын гүйцэтгэлээр санхүүжилт олгож эхэлжээ.

Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийг УИХ баталж, өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлжээ.

Улсын хэмжээнд 4,700 гаруй эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 15 мянга гаруй их эмч ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.