Ерөнхийлөгч УИХ-аас жил бүр баталдаг он оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан зургаан тохиолдол гарч байжээ. Гэвч УИХ нэг ч удаа хоригийг хүлээн авч байгаагүй юм байна. Харин энэ удаад 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээсэн авсан. Ерөнхийлөгч төсөвт хориг тавьж, түүнийг нь УИХ хүлээж авсан тохиолдолд хэрхэн тухай хэлэлцэх зохицуулалт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд алга. Өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй учраас байхгүй гэсэн үг. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан төсвөө дахин хэлэлцэхээсээ өмнө дэгээ тодорхой болгохоор болж байна. Энэ талаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хэлэхдээ “Төсөвт тавьсан хоригийг хүлээж авсан тохиолдолд төсвийг хэрхэн хэлэлцэх талаар нарийвчилсан зохицуулалт байдаггүй. Нарийвчилсан дэг байдаггүй учраас Ёс зүй, дэгийн байнгын хороо дэг боловсруулж, батлуулах саналаа танилцуулна. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар батална. Хориг тавьсан төслийг хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэх үү, дөрвөн хэлэлцүүлгээр хэлэлцэх үү гэдгийг дэгээр тогтооно. Өмнө нь Сонгуулийн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцийн дүгнэлт ирж байхад хүлээн авч байсан. Тухайн үед хуулийг хэлэлцэх нарийвчилсан дэг байгаагүй. Тиймээс холбогдох Байнгын хорооноос дэг боловсруулж хэлэлцэн баталж байсан жишиг бий. Үүний дагуу дэг тогтооно” гэсэн юм.
УИХ төсвийг хоёр удаа хэлэлцэх нь содон бөгөөд анхны тохиолдол ч гэлээ энэ бол анхаарах зүйл биш. Хамгийн анхаарах ёстой асуудал бол төсвийг хэрхэн танах. Ерөнхийлөгч төсвийг алдагдалгүй батлах ёстой гэдгийг хоригоороо анхааруулсан. Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр төсвийг хэрхэн танах тухай байр сууриа илэрхийлэхдээ “Төсвийг танах асуудлыг хөрөнгө оруулалтаас эхэлнэ. Ирэх онд шинээр хийх 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа. Хамгийн сүүлд нь урсгал зардлаа танана. 2.2 их наяд орчим төгрөгийн зардлыг танаж байж байж алдагдалгүй төсөв батлах боломж бүрдэнэ. Мөн зардал танахад төдийлөн нөлөө үзүүлэхгүй ч олны хэл ам дагуулсан “соёлын ваучер”-ын 18 тэрбум төгрөг, бусад жижиг зардлуудыг ч танана” гэсэн юм.
Засгийн газар зах замбараагүй зарлагатай төсөв өргөн бариад түүнийг нь УИХ шууд баталчихсан юм биш. Урсгал зардлын тухайд шинээр сургууль цэцэрлэг баригдах бүрд төсөв нэмэгдэж байдаг. Энэ жишгээр 2025 оны төсвийн урсгал зардал ч нэмэгдэж байгаа. Гэхдээ Сангийн сайд Б.Жавхлан урсгал зардлыг ч танана гэдгээ хэллээ.
Хөрөнгө оруулалтын зардлын тухайд бүсчилсэн хөгжлийн бодлогын дагуу 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төсөвт тусгасан. Түүнээс бус хөрөнгө оруулалтын төслүүд өмнөх жилүүдийнх шиг олон биш. Өмнө нь маш олон төслүүдийг эхлүүлэхээр, он дамжуулан хэрэгжүүлэхээр төсөвт тусгадаг байлаа. Харин энэ удаад 38 төсөлд л хөрөнгө оруулалт хийхээр тусгасан. Гэтэл Ерөнхийлөгчийн хоригт хөтлөгдсөн олон нийт цахим орчинд маш муу төсөв батлагдсан байсан мэт шуугих боллоо. Үүнд төсвөөр дамжуулан улс төр хийсэн УИХ-ын гишүүдийн нөлөө ч их. Харин одоо төсвийг дахин хэлэлцэж зардал танахдаа ийм байдлаар хандаж болохгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр шимийг иргэн, аж ахуйн нэгжүүд хүртдэг. Хамгийн энгийнээр тайлбарлахад иргэдэд цалин болж очихоос эхлээд үр нөлөө нь их. Тийм ч учраас Засгийн газар шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа танахгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн юм.
Хамгийн гол нь энэ юм. Танаж болох ч Сангийн сайдын хэлснээр шаардлагатай чухал төслүүдэд зориулсан төсвийг бол зүтгүүлэх л хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн хориг бол айхтар шүүмжлээд байх юм биш. Ямар нэг алдаа, дутуу юм байвал гурван өндөрлөгийн нэг нь залруулах нь буруу биш. Сая болж өнгөрсөн процессыг харахад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар аль нь ойлголцоод шийдэж байгаа нь тодорхой байсан. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй. Засах зүйл байвал засаад явна. Үйл явцыг харахад төрийн удирдлагууд хоорондоо яриад ойлголцчихсон байна. Нэг их улс төржүүлж, хэрүүлийн алим шидээд байх шаардлага харагдсангүй. Харин төрийн гурван өндөрлөг эв нэгдэлтэй байгаа нь илүү тод харагдлаа. Хэрэв эв нэгдэлгүй байсан бол хориг хүлээж авахгүй, жинхэнэ “зодоон” болох байсан биз ээ.
Төсвөөр далимдуулж улстөржүүлэх санаа тэр гуравтай холбоотой гэхээсээ өөр зүгээс илгээсэн “хор” байх магадлал өндөр байна. Дараагийн ээлжнийхэн үү, эсвл Ерөнхийлөгчийн сонгуулиар санаархаж буй зарим нэгний тандалт уу. Бүүр их хардвал томоохон төслийг явуулах сонирхолгүй гадаад хүчин зүйл үү.