Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Азийн хүлэг улс” хэмээх номоо хэвлүүлж байлаа. Номын гол санаа нь Монголын Улсын хөгжлийн загварыг тодорхойлох гэсэн эрэл хайгуул гэж дүгнэж болно. Удалгүй тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон. Засгийн газрын гал тогоог барьж байхдаа “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг батлуулсан. Дараа нь Ерөнхий сайдаар томилогдож өөрийн батлуулсан хөгжлийн баримт бичгээ өөрөө хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм. Товчхондоо улсаа хөгжүүлэх төлөвлөгөө түүний улс төрийн бүхий л карьерт байсаар иржээ. Гэхдээ мэдээж саад тотгор байсан нь ойлгомжтой. Тухайлбал, өөрийнх нь хэлдгээр амаргүй цаг үе буюу цар тахал бүх нийтийг хамарсан үед Ерөнхий сайдаар ажиллаж таарсан. Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон төслүүдээ хэрэгжүүжлэхгүй л бол Монгол Улс цаг зуурын болон цаг мөнхийн зовлон бэрхшээлээсээ салахгүй нь гэдгийг маш сайн ойлголсон гэдэг. Үүний тулд эхлээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж улс төрийн тогтвортой байдлыг бий болгохоор шийдсэн юм. 2024 оны сонгуулиар сонгогчид түүнийг багаар нь дэмжиж бүрэн эрхийн хугацааг нь дөрвөн жилээр сунгаж өгсөн нь төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж өгсөн юм. Гэхдээ намаа бодох уу, улсаа бодох уу гэсэн сонголттой тэр тулгарсан. Хэрэв тэрбээр намаа, намынхаа гишүүдийг бодсон бол дангаараа Засгийн газраа байгуулж, бүх албан тушаалд намын гишүүдийг томилох байв. Гэвч тэрбээр эвийг эрхэмлэж улс орныхоо төлөө улс төрийн бусад хүчнүүдтэйгээ хамтдаа зүтгэхээр шийдэж АН, ХҮН-ыг Засгийн газартаа урьсан. Энэ нь намаа бус улс орноо бодсонх шийдвэр байлаа. Энэ бүхний үр дүн өнөөдөр гарч Засгийн газраа байгуулсан даруйд хэрэгжүүлэхээр зарласан 14 мега төсөл нь эхнээсээ гараанаас гарч эхэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай тогтоолын төсөл буюу Францын "Орано майнинг" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлэн хэлэлцүүлж эхэллээ. Эдгээр төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатайгаа холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Тэрбээр “Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод төмөр замыг холбох бүтээн байгуулалтын гэрээ байгуулахад баримтлах үндсэн чиглэлийн төсөл, Монгол Улс, Франц улс хамтран “Зөөвч овоо” төслийг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбогдох УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь өргөн барьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад 2023 оны аравдугаар сард хийсэн төрийн айлчлал Засгийн газар болон “Орано Майнинг” компани хооронд олон жил яригдсан энэхүү төсөл урагшлахад томоохон түлхэц болсон. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ батлагдвал Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож байгаа бөгөөд үлдсэн 24 хувийг Ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь ногдол ашиг хүлээх, нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой.
Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болно. Бид 16 жилийн өмнө энэ төмөр замын төслийг хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр нийслэлийн утаа, түгжрэл гэсэн асуудлыг ярих шаардлагагүй байх байлаа. Ирээдүйд дахиж ийм боломжийг алдахгүйн тулд хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг давж нийтийн эрх ашгийг төлөө энэ төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд УИХ, Засгийн газар хоорондын гэрээг хэлэлцэн баталсан тохиолдолд Засгийн газар ирэх хавар энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх боломжтой. Энэ төсөл хэрэгжсэнээр Замын-Үүд-Эрээн хилийн боомт төмөр замаар холбогдсоноос хойш 70 орчим жилийн дараа өмнөд хөрштэй төмөр замаар холбогдох хилийн хоёр дахь боомт ашиглалтад орох бөгөөд Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандалын боомтууд холбогдож, эрчим хүчний экспорт, нүүрс гүн боловсруулах үйлдвэрийн ажил эхлэх зэрэг боломж бүрдэж дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2028 онд 132.3 их наяд төгрөгт, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 мянган ам.долларт хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэн шийдэл болох болно ” гэлээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү томоохон төслүүдийг УИХ-ын гишүүд ч дэмжихээ илэрхийллээ. Ингэснээр 16 жил гацсан Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын төсөл 100 хувь ашиглалтад орж, 27 жилийн турш гацсан ураны төсөл гараанаасаа гарахаар болж байна. Мега төслүүд ямар ч гацаагүйгээр урагшилж байгаа нь хамтарсан Засгийн газар байгуулсны үр дүн юм. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны үр нөлөө ч бий. Энэ мэтээр бүх зүйл Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн төлөвлөснөөр өрнөж томоохон төслүүд гацаанаасаа гаран урагшилж эхэллээ.