Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан “Тавантолгой түлш” компанийн үйлдвэртэй танилцах зууртаа улс төрийн мэдэгдэл хийсэн нь олны ярианы сэдэв болоод байна. Тэрээр “Шүүхтэй холбоотой асуудлыг би удаа дараа ярьж байсан. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглал шүүх засаглалын ажилд оролцоод байна гэдэг шүүмжлэл бий. Одоо шүүхийн байгаа байдлыг харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, сахал Д.Эрдэнэбилэг тэргүүтэй Ц.Элбэгдоржтой хамаарал бүхий хүмүүст шүүх үйлчилдэггүй. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал Дээд шүүх дээр очоод унадаг байдал 10 гаруй жил үргэлжиллээ. Би үүнийг ярихгүй байж болно. Гэтэл бодит байдал ийм байна.
Засгийн газар Гашуунсухайт-Ганц модны боомт дээр гурав дахь этгээд оролцуулахгүй байхаар гэрээ хийгээд УИХ-аар хэлэлцэл байгуулах эхний баримт бичиг батлагдсан. Ц.Элбэгдоржийн сонирхол бол Тавантолгойг авах байсан. 2013 онд Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс очиж, Хятадын талд Тавантолгойг өгье гэдэг санал өөрсдөө тавьсан байдаг юм. Ингээд хоёр улсын Засгийн газар, төрийн өмчит компани шууд гэрээ хийж болдоггүй юм гэдэг асуудал тавьсан. Гэтэл Монголын тал заавал аж ахуйн нэгжийг хувь эзэмшүүлж оруулна. 51 хувьд нь Монголын аж ахуйн нэгжүүд орно. Хятадын талд 49 хувийг өгнө гэдэг хэлцэл дээр гарын үсэг зурсан. Ингээд төмөр замаа 17, 17, 17, 49 хувиар буюу Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурсан. Ингээд энэ баримт бичгээ устгасан. Би Шанхайд очих үеэрээ "Чайна энержи"-гийн удирдлагуудтай уулзаад энэ баримт бичгийн талаар асуулаа. Надад энэ баримт бичгийг өгсөн. Би үүнийг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Тиймээс ямар ч эсэргүүцэлгүй УИХ-ын тогтоолын төсөл батлагдсан.
Нэгдүгээрт, 2003 оноос эхлээд Тавантолгойг 100 хувь бизнес модель болгож авах гэж байгаа хэсэг бүлэг хүний эрхийг маш их зөрчиж байгаа юм.
Хоёрдугаарт, төмөр зам барьчихвал “Эрдэнэс Тавантолгой” компанийг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж боддог компанийн эрх ашиг зөрчигдөх гээд байгаа юм.
Гуравдугаарт, нүүрсний сонсголд дурдагдаж байсан нүүрс тээврийн 10 гаруй компанийн эрх яригдана. Төмөр зам баригдчихвал нүүрсээ машинаар зөөх нь утгагүй болно. Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Тэднийг П.Цагаан, түүний хүү санхүүжүүлж байгаа. Мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалыг санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл, эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий. Ц.Элбэгдоржийн гаднын нөхдүүдтэй хийсэн 2014 оны хэлцэл үнэнд гүйцэгдэж байгаа. Ерөнхий шүүгч Б.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийн хүмүүс. Тиймээс эзэндээ үйлчилж байна. Хоёрдугаарт, Баялагийн сантай холбоотой “Эрдэнэт”-ийн 49 хувь иргэдийнх болох учраас энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц рүү өгөх гэж байгаа. Энэ хуулийг хамгаалахгүй бол ийм хуйвалдаан явна. Үүнд эзэндээ үйлчилж байгаа шүүгч нар оролцно" гэсэн.
Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бодлого, шийдвэрийг хамгаалж, үйл ажиллагаанд нь саад болж буй хүмүүст хариуцлага тооцож эхэллээ. Тухайлбал, үгээ үйлдэл болгож дээрх мэдэгдэлд нэр дурдагдсан Дотоодын цэргийн командлагч Р.Чингисийг өчигдөр албан тушаалаас нь чөлөөлөв. Энэхүү албан тушаалд томилж, чөлөөлөх шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гаргадаг юм. Тэрээр 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын саналаар Дотоодын цэргийн командлагчаар томилогдож байсан бол О.Алтангэрэл сайдын тушаалаар чөлөөлөгдлөө.
Ерөнхий сайд томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулахын тулд Засгийн газартаа АН, ХҮН намыг урьж, хамтарсан засаг байгуулсан. Энэ нь ч үр дүнгээ өгч мега төслүүдээ урагшлуулж эхэллээ. Гэвч энэ нь түүнд хангалтгүй байгаа бололтой. Учир нь, олон жилийн турш улс төр, шүүх засаглалд нэр нөлөөгөө тогтоосон бүлэглэл бүхий хүмүүс Засгийн газрын бодлого шийдвэрт саад учруулсаар байгаа ажээ. Тиймээс Ерөнхий сайд үүнийг ил тод зарлаж, боломжийнхоо хэрээр тэмцэж байгаа гэж нэг хэсэг нь харж байна. Нөгөө талаас зориуд юм уу, зориуд бус уу хэн мэдэхэв, айхтар эсэргүүцэж байгаа хүн ч олон байна. Ерөнхий сайдын гэнэтийн мэдэгдэл, үйл явдал хоёр гал дээр тос нэмэхийн дайтай улам өрдчихсөн хэрэг л дээ. Угтаа утаатай тэмцэх бодлогын хүрээнд ажил байдалтай танилцаж явсан ч ийнхүү улс төрийн нөхцөл байдлыг өрдөж орхилоо. Санаж байгаа бол авлигатай хатуу тэмцэхээ илэрхийлсэн гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн жилээс хойш л шүүхийн шийдвэр зөөлдөөд байгаад унтууцаж байгаагаа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Ямар ч тэмцэл эсэргүүцэгчидтэй нүүр тулдаг. Авлигын хэрэгтэй тэмц гэнэ. Тэмцэхээр нь бас нэг гомдоллогсод гарч ирэх нь гайхах зүйл биш. Эртнээс яригдаж ирсэн Тавантолгойн хэрүүл яаж дуусахыг цаг хугацаа харуулна.
Ямар ч байсан жагсаал цуглаан хийхдээ тулж, элдэв эрээн малгай өмссөн нөхөд эх орончийн дүрээр хэвлэлийн хурал зарлаж харагдана. Энэ Засгийн газар бол хамтарсан засаг. Төсөл хөтөлбөрүүдээ явуулах дээр тохирон байж гар барьж, ажлаа эхэлсэн. Нэг талаас харахаар Л.Оюун-Эрдэнийн зүтгүүлээд байгаа төслүүд, авлигатай тэмцэх ажиллагаанд дургүйцэж байгаа холоос шидсэн чулуу мэт. Нөгөө талаас дотоодын улстөр дараагийн ээлжинд очих гэж үйл явдал дээр дэвэргэн тоглож буй ажиллагаа шиг харагдана.
Засгийн газрын хатуухан шийдвэр тэр бүр иргэдэд таалагдахгүй байх нь бий. Үүн дээр бол наанатай цаанатай ухаалгаар харж, бодлогоо эргэн харах зүй байгаа нь бол үнэн. Тухайлбал татварын бодлого дээр гэхэд л хувь хүмүүс, аж ахуй нэгжүүд туйлдаа хүрч уур унтуу нь хүрээд байгаа. Мөн жил бүрийн өвөл сөхөгддөг утааны эсрэг дургүйцэл.
Саяхан огцорсон Канадын Засгийн газрыг жишээ татан манай эсэргүүцэгчид ярьж байна. Гэвч Канадын иргэд татвар өгч байгаадаа унтууцаагүй бөгөөд харин авсан татвараа зөв зүйтй зарцуулах тал дээр шүүмжилж байгаа. Ялгаа ердөө л энэ юм.
Манай улсын хувьд Засгийн газар тогтворгүй явж ирсэн. Тиймээс ч Хамтарсан Засгийн газрыг тогтвортой ажиллах болов уу гэсэн хүлээлт иргэдэд байсан. Нөгөө талаас Засгийн газрыг огцруулах сонирхол нь нийт иргэдийнх үү гэдэг асуулт байна. Дотоодын урвагч, гадны гар хөлийн тусламжтай явуулж байгаа бодлого иргэд биднээр дамжин Сүхийн талбайд өрнөх гээд байгаа юм биш биз гэсэн хар ч төрж байна. Үүний далимаар амь тэмцэн айж буй авлигачдад асуудлаас мултрахад нэмэр, дараагийн ээлжинд шунаж буй улстөрчдөд шат ахих боломж болох вий гэсэн эмзэглэл байна.
Мөн чоно борооноор гэгчээр Засгийн газрыг огцруулах нэрээр нөгөө хэдэн төсөл хөтөлбөр маань зогсчих вий гэсэн том айдас байна.
Б.Номин