Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл энэ жил жилд ойролцоогоор 262.5 сая вон буюу 178.071 ам.долларын цалин авна гэж Өмнөд Солонгосын засгийн газраас ням гарагт мэдэгджээ.

Боловсон хүчний удирдлагын яамны мэдээлснээр, Солонгосын төрийн албан хаагчдын цалин энэ жил өнгөрсөн оныхоос гурван хувиар нэмэгдэж байгаа ба үүнд ерөнхийлөгчийн цалин ч мөн адил нэмэгдэнэ хэмээсэн байна.

Хэдийгээр Юныг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн ч ерөнхийлөгчийн албан тушаалдаа үлдэхийн зэрэгцээ цалингаа үргэлжлүүлэн авах юм.

Үндэсний ассемблэй арванхоёрдугаар сарын 14-нд Юны бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай зарласан нь арванхоёрдугаар сарын 3-нд богино хугацаанд үргэлжилсэн цэргийн дэглэм зарласантай холбоотой билээ.

Огцорсон ерөнхийлөгч болон ерөнхий сайдад цалин олгох нь "ажил хийхгүй бол цалингүй" гэсэн зарчмыг зөрчиж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа ч хариуцлага хүлээсэн төрийн албан хаагчдад цалин олгох зохицуулалт байхгүй тул энэ асуудал эрх зүйн хувьд тодорхойгүй хэвээр байна.

Тус улсын яамны хүний ​​нөөцийн хэлтсийн ажилтан “Цалин олгохыг хязгаарлах хууль эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Одоогоор хязгаарлалт хийх үндэслэл байхгүй, огцруулах асуудлыг Үндсэн хуульд заасан учраас цалинг нь байгаагаар нь олгож байна” гэв.

Үүний хариуд БНСУ-ын Ардчилсан намын төлөөлөгч Пак Ён Каб өнгөрсөн сард төрийн албан хаагчдын тухай хуулийг шинэчлэн найруулж, огцруулсан төрийн албан хаагчдын цалинг бууруулах санал гаргасан юм.

Мөн АН-ын төлөөлөгч Юн Жун Бён мөн огцорсон төрийн албан тушаалтнуудын цалинг 50 хүртэл хувиар бууруулах өөрчлөлтийг санал болгосон байна.

Эх сурвалж: Korea Times

Бэлтгэсэн: Сарасвати