Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох асуудлыг хэлэлцэлээ. Улмаар Ж.Жамбаажамцыг СЗХ-ны даргаар томилох шийдвэр гаргалаа.
Т.Жамбаажамц нь:
- 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
- Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна. Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг эрхэлсэн туршлагатай хэмээн Д.Амарбаясгалан дарга танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлсэн болохыг Байнгын хорооны гишүүдэд танилцуулав. Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байна.
Т.Жамбаажамц, Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг сүүлийн гурван жилд 4-5 дахин нэмэгдсэн. Цахим залиланд өртөж байгаа хандлага нь иргэдийн санхүүгийн боловсролтой шууд холбоотой. СЗХ нь 30 гаруй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийн хялбар аргаар мөнгө олох гэсэн сонирхолд дөрөөлж цахим луйвар явагддаг.
Хандивт суурилсан луйвар их явагдаж байна. Үүнийг зохицуулах хууль хэрэгтэй. Төсөл боловсруулахад оролцож ажиллана. Иргэдэд багаас нь санхүүгийн боловсрол олгох ёстой юм.
Д.Пүрэвдаваа, СЗХ ил тод байдлаараа маш муу ажилладаг. Хэчнээн ломбард хадгаламж зээлийн хоршоо байна вэ, тэдний хэд нь улс төрд нөлөө бүхий хүмүүс байна вэ? УИХ-ын сонгууль саяхан болж өнгөрлөө. сурталчилгааны үеэр бие биеэ харлуулахдаа ББСБ-тай, мөнгө хүүлдэг гэж хэлдэг.
Д.Амарбаясгалан, Салбартаа 15-16 жил ажиллаж туршлагажсан, хууль мэргэжилтэй учир би нэр дэвшүүлсэн. Өөртэй нь уулзаж, ярилцаагүй. Салбартаа эрхзүйн орчныг шинэчлэх чиглэлээр ажиллана гэж үзэж нэр дэвшүүлсэн.
Т.Жамбаажамц, СЗХ-ны үйл ажиллагаа салбарын зохицуулалтуудаар хэрэгждэг. Даатгалын салбар, хөрөнгийн зах зээлд томоохон өөрчлөлт оруулна. Цахимжуулна. Олон нийт энэ зах зээлд хөрөнгө оруулалт хийх, татах боломжийг нэмэгдүүлнэ.
Д.Цогтбаатар, СЗХ-ны 2024 оны төсөв 14 тэрбум байсан бол 2025 оны төсөв 21 тэрбум төгрөг болсон. Ажил хийхэд хөрөнгө мөнгө дутах зовлон байхгүй, зоригтой ажиллаж үр дүнд хүрэх нь чухал байна. Өнөөдрийн байдлаар Даашинхүүгийн пүүсийн хоёрдугаар анги сонгодог утгаараа хэрэгжиж байна. Апп-ны зээлгүй хүн олдохгүй, бүгд нэг зээл авч нөгөө зээлээ төлдөг өрийн гинжин хэлхээнд орсон. Үүнийг тодорхой хэмжээнд хязгаарлаж цэгцлэх ажил таныг хүлээж байгаа. Бүх мэдээлээ ил тод болгоё гэхээр өмнөх дарга нарын чинь ББСБ-ын тухай мэдээлэл гарч ирэх байх. Үүнийг ил тод болгоорой, битгий зориг дутаарай.