Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсанд хүндэтгэл үзүүлэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.

Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.

Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан  билээ.

Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.

Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.

Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.

Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.

Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.

Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.

Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.

Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга,  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.

 Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.