Хувь улстөрчийн хүүтэй холбоотой асуудал Монгол Улсын Засгийн газрыг унагах хэмжээнд хүрч өндрөө авлаа. Уг нь саяхныг хүртэл тогтвортой дөнгөж 1.5 жилийн настай Засгийн газрыг тогтвортой байлгах гэж улс төрийн намууд, иргэд бүгд л хүсэж, оролцож өөрчлөлт хийсэн юмсан. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тогтолцоогоо өөрчилсөн хамгийн том зорилго нь тогтвортой засаглал бий болгох.
2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН парламентын 126 суудлын 68-ыг нь авч дангаарсаа Засгийн газраа байгуулан ажиллах боломтой болсон. Гэвч Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намынхаа, намынхаа гишүүдийн эрх ашгаас илүү улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад нэг ч жилийн хугацаа болоогүй байна. Гэхдээ энэ хооронд хамтарсны үр дүн их гарлаа. Францтай хамтран уран олборлох гэрээ байгуулсан, БНХАУ-тай хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтаа эхлүүлсэн гээд олон жилийн турш шийдэж чадаагүй томоохон төслүүдээ урагшлуулсан. 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар тавыг нь гараанаас гаргаад байна. Энэ нь бол хамтарсан Засгийн газар байгуулсны хамгийн том үр дүн. Үүнээс гадна хамтарсны хүчинд улстөржилт багасаж олон асуудал урагшилж байгаа.
Намууд хамтарч байж л томоохон төслүүд урагшилдаг. Өмнө нь буюу 2008 оны сонгуулийн дараа МАН, АН хамтран С.Баярын Засгийн газрыг байгуулж Оюутолгойн гэрээг байгуулж байлаа. Мөн "Атрын-III" аяныг бас өрнүүлсэн. Энэ Засгийн газар ч мөн "Атрын-IV" аянаас эхлээд эдийн засгаа тэлэх, хувийн хэвшлүүдээ дэмжих томоохон бодлогууд хэрэгжүүлж, хэрэгжүүлэхээр зарласан. Гэтэл өнөөдөр энэ бүх амжилтын ард хамтарсан Засгийн газраас огцруулах тухрай яриад сууж байна. МАН дангаараа засаглах боломжтой ч энэ нь нийт улс орны эрх ашигт хохиролтой. МАН дангаараа Засгийн газраа байгууллаа гэхээд сайд болохын хүслэн болсон хэдхэн улстөрчийн хүслийг л биелүүлнэ. Тэр хүмүүс өнөөдөр дангаараа Засгийн газраа байгуулах ёстой гээд ярьж сууна. Гэвч хэдхэн улстөрчийн хүслийг хангахаас илүү Засгийн газраа тогтвортой ажиллуулж томоохон ажлуудаа урагшлуулах нь чухал. МАН дангаараа Засгийн газраа байгуулбал улс төрийн тогтворгүй байдал үүснэ. АН, ХҮН нам, ИЗНН, “Үндэсний эвсэл”-ийн гишүүдээс бүрдсэн 58 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин УИХ-д үүснэ. Энэ тохиолдолд Засгийн газар тогтвортой ажиллаж чадахгүй. Засгийн газрыг огцруулах санал ойр ойрхон гарна. Засгийн газрыг огцруулдаггүй юм аа гэхэд байнгын улстөржилттэй байж засгийн ажилд асар их чөдөр тушаа болно. Шадар сайд бөгөөд ХҮН намын дарга Т.Доржханд ч МАН дангаараа засаглавал юу болохыг шулуухан хэлээд авлаа. Тэрээр “Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилсэн. Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутгийн сонгуулиар олон суудал авах байсан. Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш. Өнөөдөр магадгүй Т.Доржханд хамгийн өндөр рейтингтэй улстөрч байх байсан нь үнэн. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна. Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явсан. Ингээд хамтарсан Засгийн газарт орсонд хувьдаа талархдаг. Энэ бол улс орны эрх ашиг.
МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Хэрэв МАН дангаараа засаглавал ХҮН жинхэнэ сөрөг хүчин гэж юу болохыг үзүүлнэ" гэсэн юм.
Түүний хэлж байгаа бүхэн үнэн. Засгийн газар буцаад л 1.5 жилийн настай болох тогтворгүй байдал руу явцгааж байна. Ирээдүйд Засгийн газар ямар байхыг яг одоо хуралдаж байгаа МАН-ын Бага хурал шийднэ.
Б.Номин-Эрдэнэ