Уншиж байна...
УГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Н.БАЯРСАЙХАН: ГОВИЙН АЙМГИЙНХАН “СТРАТО” КОМПАНИАС ЭКОЛОГИЙН ХОХИРЛОО НЭХЭМЖИЛНЭ

 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн ордоос эхлээд говийн гурван аймгийн зургаан сум дамнан нүүрс тээвэрлэлтийн шороон зам гаргасан “Страто” компани тэдгээр сумын удирдлага, иргэдийг нэгэн дор цугларч, хэлэлцүүлэг хийхэд хүргэлээ. “Страто” компани Таван толгойгоос тээвэрлэсэн нүүрсээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байгуулж буй баяжуулах үйлдвэртээ угаана гэж байгаа.

Гэвч тэд өнөөдрийг хүртэл энэхүү төслийнхөө талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа билээ. Түүнчлэн Шивээговь сумын удирдлагууд буюу ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат болон Засаг дарга нар, ИТХ-ын нэр бүхий 11 төлөөлөгч илтэд хууль зөрчин “Страто” компанид баяжуулах үйлдвэр байгуулах газрын болон нүүрс тээвэрлэх замын зөвшөөрлийг удаа дараа өгсөөр байна. Энэ талаар бид дараа, дараагийн дугаартаа дэлгэрэнгүй өгүүлэх учир түр алгасаад Шивээговь суманд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн хэлэлцүүлгийг зохион байгуулсан “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцсанаа хүргэж байна. Говийн гурван аймгийн зургаан сумын иргэд чухам ямар шалтгаанаар хэлэлцүүлэг хийх болсон, хэлэлцүүлгээс ямар үр дүн гарсан талаар энэхүү ярилцлагад товч өгүүлэх болно.

 

-Говийнхон уг нь уужуу улс. Гэхдээ хаа холоос Шивээговь сумыг зорьж ирээд хэлэлцүүлэг хийхдээ тулсныг бодоход тэдний өмнө үнэхээр чухал тулгамдсан асуудал үүссэн бололтой?

-Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын төв дээр “Страто” компанийн тээврийн зам дагуух гурван аймгийн зургаан сумын иргэд цуглаж ярилцлаа. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн нүүрсний уурхайгаас Шивээговь сумын нутаг дэвсгэрт байгуулсан “Страто” компанийн нүүрс баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэж буй зам нь Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Өндөршил, Гурвансайхан сумын нутгийг дайрч ирж байгаа. Эдгээр сумын ИТХ-ын дарга, Засаг дарга болон нөлөөллийн бүсийн малчид, иргэний нийгмийн байгууллагын нийт 50 орчим хүн цугларч ярилцлаа.

Говь нутгийн хөрс маш эмзэг. Сүүлийн жилүүдэд говийн бүсийн уул уурхайн олборлолттой холбоотойгоор тээвэрлэлтийн асуудлууд ихээхэн эрсдэл дагуулж байгаа. Хатуу хучилттай зам тавихгүйгээр тээвэрлэлтийг шороон зам шинээр гаргаж хийж байгаа учраас асар их бэлчээр, хөрсийг доройтуулж байна. Үүнээс үүдэлтэйгээр уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийг дордуулж байна гэж нутгийн иргэд үзэж байгаа юм.

-Өмнө нь зөвхөн нүүрс олборлолтоос үүдсэн маргаан л гардаг байсан бол одоо үүнээсээ халиад тээвэрлэлтийн зам нь асуудал дагуулж эхэлж байх шиг. Тэгэхээр энэ дээр нутгийн иргэд гэхээсээ илүү Засгийн газрын бодлого, зохицуулалт хэрэгтэй байх?

-Засгийн газраас нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах, олборлосон баяжмалаа түүхийгээр нь гаргахгүй байх зорилгоор баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахыг дэмжсэн бодлого явуулж байна. Үр дүнд нь жонш, нүүрс дагасан баяжуулах үйлдвэрүүд говийн аймгуудад байгуулж байна. Ердөө таван жилийн өмнө гэхэд зөвхөн олборлолтоос үүдэлтэй асуудлыг ярьдаг байсан бол сүүлийн гурван жилд тээвэрлэлттэй холбоотой асуудлууд гарч ирдэг боллоо. Дээр нь нэмээд баяжуулах үйлдвэрийн асуудал гарч ирж байна. Экспортын хилийн боомт, төмөр замыг дагаад говийн дөрвөн ч аймагт асуудал үүсээд төвлөрөөд байна. Ингээд говийн бүсийнхэн яалт ч үгүй нэгдэх шаардлагатай болчхож байна. Ялангуяа, “Страто” компанийн тээвэрлэлтийг Цогтцэций сумынхан дангаараа эсэргүүцээд нэмэр алга. Тэгэхээр яалт ч үгүй, эрх ашиг ижил хөндөгдөж байгаа, экосистемээ зэрэг алдаж байгаагийнхаа хувьд энэ талууд нэг дор цуглараад ярилцах шаардлага гарсан.

-Шивээговь суманд зохион байгуулсан хэлэлцүүлгээс ямар үр дүн, шийдэл гарав?

-Цаашдаа энэ бүс нутгаараа юу хийх ёстой вэ гэдгээ ярилцлаа. Үүссэн нөхцөл байдал дээрээ бүх сумынхан байр сууриа илэрхийлээд, эцэст нь энэ замаар тээвэрлэлт хийлгэхгүй гэдэг дээр санал нэгдлээ. Яагаад гэхээр, Тавантолгойн ордоос Улаанбаатар хот луу тээвэрлэлт хийж болж байгаа. Тэнд хувийн өмчит компаниудын нүүрс угаах үйлдвэрүүд бий. Тэр угаах үйлдвэр нийт хүчин чадлынхаа гуравны нэгийг л ашиглаж байна. Үлдэж байгаа буюу ашиглаж чадахгүй байгаа тэр гуравны хоёрт нь энэ нүүрсийг угаагаад Улаанбаатар луу оруулаад баяжуулсан нүүрсийг нийслэлийн хэрэглэгчдэд хүргэх боломж бий. Гэтэл яагаад заавал энэ 430 км шороон замаар явж Шивээговь сумын нутагт, салхин дээр нь аравхан км, тэгээд усны нөөц ховор газарт баяжуулах үйлдвэр байгуулж байна вэ гэдэг сонин байна. Тэгээд нүүрсээ Улаанбаатар руу зөөнө гэдэг нь үнэхээр судалгаа, үндэслэлгүй, харалган бодлого гэж үзсэн. Тиймээс Засгийн газар “Энэ бодлогоо эргэж хараач” гэж нэгдүгээрт хэлэхийг хүсч байгаа.

Хэрэв энэ баяжуулах үйлдвэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөртэй хамааралгүй, экспортод нийлүүлэх гэж байгаа бол Тавантолгойгоос Гашуунсухайт зэрэг хилийн боомт руу хатуу хучилттай зам тавиад зөөх боломж бий. Хатуу хучилттай зам тавихгүйгээр говийн эмзэг хөрсийг доройтуулах нь эдийн засгийн ямар утга агуулга, үнэ цэнтэй юм. Яг үнэндээ өнөөдрийн төрийн бодлогыг харвал арван доллар зарцуулж байж нэгхэн доллар олох гэж байна. Тиймээс “Энэ бодлогоо эргэж хар аа” гэж байгаа юм.

Нөгөө талаас, “Страто” компанийг 2018 онд байгуулсан байна. Энэ компани нэгэнт төрийн мега төслийг хэрэгжүүлж байгаа юм бол сонгон шалгаруулалтад орсон байх ёстой. Гэтэд “Сонгон шалгаруулалтад орсон” гэдэг мэдээлэл энэ зургаан сумынхны алинд нь ч өгөөгүй, хаалттай байна. Энэ компанийн баяжуулах үйлдвэр байгуулах зөвшөөрлөө Шивээговь сумын нутагт авах үйл явц нь бүгд хууль бус байна. Бүгд хүчиндэж, төрөөс авах бичиг баримтуудыг дандаа араас нь хөөж авч байна. Тэр нь шүүхээр нотлогдоод, буруутай гэдэг нь тогтоогдчихсон байна. Мөн энэ 430 км замыг явуулах маршрутыг тогтоосон Зам тээвэр, хөгжлийн сайдын тушаал, журам гэх мэт захиргааны шийдвэрүүд нь дандаа хуулиа зөрчсөн, хоорондоо уялдаагүй, цаг хугацааны хувьд ч уялдаагүй гэх мэтчилэнгийн асуудлууд байна. Ийм хууль зөрчсөн шийдвэрүүд гараад энэ төсөл яваад байгааг цаанаа нэлээн том эрх ашиг байгаа юм байна гэж хардахаас өөр аргагүй.

Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтынхоо хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, экологийн био массын үр шимийг нэмэгдүүлэх, хүн амынхаа амьжиргааг сайжруулах, нэг ч хүнийг хөгжлийн гадна орхихгүйгээр 2030 онд ядуу хүнгүй болно гэсэн зорилт дэвшүүлчихсэн байгаа. Яг энэ байдлаараа уул уурхайн салбарыг авч явах юм бол говьд нэг ч хүн үлдэхгүй юм байна. Ийм л эрсдэлтэй байдал үүссэн учраас бид нэгдэж шийдлээ гаргалаа. Эхний ээлжинд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд нээлттэй захидал бичиж, байгаа нөхцөл байдлыг танилцуулна. Хоёрдугаарт, УИХ дахь байнгын хороод болон Авлигын эсрэг албан бус лобби бүлэг, хариуцлагатай уул уурхайн лобби бүлэг зэрэгт хандана. Үнэхээр хөгжил гэж харж байгаа бол, улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье, улс орноо хөгжүүлье гэж харж байгаа бол бүс нутгийн энэ асуудлыг зайлшгүй анхаарч үзэх хэрэгтэй байна.

-Өөр ямар шийдлүүд гарав?

-“Страто” ХХК-д нүүрс нийлүүлж байгаа нь “Эрдэнэс Монгол” буюу төрийн өмчит компани. Төр өөрийнхөө бодлогоор эдийн засгийн үйл ажиллагаа явуулж ашиг олохдоо нөгөө талд хүний эрхийг зөрчиж байна, байгаль экологийг доройтуулж байна, олон улсын өмнө хүлээсэн амлалтаа зөрчиж, түүнийхээ эсрэг арга хэмжээ явуулж байна. Тиймээс “Эрдэнэс Монгол” компанид энэ бүс нутгийн иргэд, нөгөө талаасаа 1072 хувьцаа эзэмшигчийнхээ хувьд та бүхэн экологи доройтуулж хүний эрхийг зөрчиж байгаа нь буруу байна гэдгийг ТУЗ-ийнхөө хурлаар авч хэлэлцээч гэдэг албан захидлыг илгээе гэж ярилаа.

Цогтцэцийнхэн “Страто” компанийг суманд нь 20 км шороон зам гаргасных нь төлөө экологийн хохирлын эдийн засгийн үнэлгээг хийлгэсэн. Нийт 700 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна гэдгийг мэргэжлийн байгууллага тогтоочхож. Тэгвэл энэ бүх нөлөөллийн бүсийн зургаан суманд бүгдээрээ экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээг хийлгэцгээе гэж ярилаа. Ингээд бүс нутгаараа нийлээд экологийн хохирлыг нэхэмжилнэ. Дараагийн нэг асуудал нь энэ хэрэв Засгийн газрын дэмжлэгээр хэрэгжиж байгаа төсөл юм бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хүрээнд Стратегийн нөлөөллийн үнэлгээ гэдэг зүйлийг хийх ёстой.

Ер нь Монгол Улсын Засгийн газар “Алт-2” хөтөлбөр болон, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад шаардлагатай баяжуулах үйлдвэрийн нүүрсийг нийлүүлэх гэх мэтчилэн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ стратегийн нөлөөллийн үнэлгээ гэдэг зүйлийг ер хийхгүй байна.

Эдгээр үйлдвэр нь сумын ИТХ-аас эдгээр үйлдвэрийг байгуулах газрынхаа зөвшөөрлийг авч байгаа. Шивээговь сумын удирдлагууд “Страто” ХХК-д зөвшөөрөл олгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26-27-р зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байна, сонсох ажиллагаа явуулаагүй нийтийн эрх ашигтай холбоотой асуудлыг Шивээговь сумын ИТХ-ын хуралдаан хэлэлцэж шийдвэр гаргасан өөрөө хууль бус байна. Тэгэхээр энэ газрыг авсан шийдвэрүүд нь бүгдээрээ хүчин төгөлдөр бус, Засгийн газрын бодлого өөрөө хүчин төгөлдөр бус гэсэн үг. Ерөнхий сайд маань “Шударга байдлыг тогтооё” гэж амаараа хэлдэг. Иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоё гэж бодож байгаа бол энэ амлалтаа газар дээр нь ирж хийж, ажил хэрэг болгооч ээ гэж хэлмээр байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр говийн бүсээр явах хэрэгтэй байна гэдэг асуудлыг тавихаар ярилцлаа.

-Сонсох ажиллагааг Захиргааны Ерөнхий хуулийн дагуу ИТХ зохион байгуулах ёстой гэж та хэллээ. Гэтэл “Страто” компанид баяжуулах үйлдвэрийн газар олгох зөвшөөрөл өгсөн Шивээговь сумын ИТХ-ын дарага Ц.Эрдэнэбат “Сонсох ажиллагааг ИТХ зохион байгуулдаггүй ээ. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаа ИТХ-д хамаагүй” гэдэг тайлбар өгч байна л даа?

-Нэг зүйлийг ИТХ-ынхан ойлгомоор байгаа юм. ИТХ уул уурхайн салбартай холбоотой хэд, хэдэн шийдвэрийг гаргадаг. Тэд энэ хуулийг ойлгохыг хүсэхгүй байгаа, эсвэл хуулийг ойлгож хэрэгжүүлэх чадавх байхгүй байна. Газрын эрхтэй холбоотойгоор ИТХ жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталж байгаа. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт Засаг дарга газрын зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах эрх байхгүй. ИТХ л тэрхүү тогтоолыг гаргаагүй бол Засаг дарга захирамж гаргахгүй. Тэгэхээр ИТХ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг Засаг даргадаа өгөөд захирамж гаргуулаад байна. Эсвэл дуртай үедээ Газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө нэмэлт тодотгол хийгээд байгаа юм. Сонсох ажиллагааг Засаг даргын тамгын газар хийх үүрэгтэй. Гэсэн ч ИТХ эцсийн шийдвэрээ гаргахдаа, “Энэ яагаад сонсох ажиллагаа хийгээгүй юм?”, Сонсох ажиллагаа хийгээгүй учраас манай ИТХ хэлэлцэхгүй, шийдвэр гаргахгүй гэж хэлэх үүрэгтэй. Энэ үүргээ ойлгохгүй, мэдэхгүй, чадахгүй, эсвэл хүсэхгүй байна. Шивээговь сумын ИТХ “Страто” компанид газрын зөвшөөрлийг хоёр ч удаа өгсөн байна. Хоёуланд нь сонсох ажиллагаа хийгээгүй. Энэ бол Захиргааны ерөнхий хуулиар илт хууль бус шийдвэр.

-“Страто” ХХК нийтдээ зургаан сумын нутаг дэвсгэрийг хамарсан 430 км замаар нүүрс тээвэрлэж байна. Энэ замыг удирдлагын түвшинд хүлээн зөвшөөрч байгаа хэдэн сум байгаа вэ?

-Ганцхан Шивээговь суманд удирдлагууд нь зөвшөөрсөн байгаа ч, иргэд нь зөвшөөрөхгүй байна. Бусад таван сумын хувьд удирдлагууд нь ч, иргэд нь ч зөвшөөрөхгүй, малчид нь ч зөвшөөрөхгүй, “Бид эцсээ хүртэл тэмцэнэ” гэдэг байр суурьтай байна.

Шивээговь сумын удирдлагуудын хувьд ямар ойлголт байгаад байгаа нь ойлгомжгүй байна. Ямар ч байсан Шивээговь сумын ИТХ, Засаг дарга, түүний орлогч нь энэ дээр дэмжсэн байр суурьтай байна. Тавантолгойгоос Шивээговь хүртэлх энэ 430 км замын ТЭЗҮ гэдэг зүйлийг хийх ёстой. Хэрэв хийгээд баталчихсан бол түүнийг нь баталсан эрдэс баялгийн зөвлөл өөрөө буруутай. Энэ төсөл, энэ зам эдийн засгийн ашигтай байх ямар ч боломж байхгүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэх ёстой. Энэ үнэлгээг хийлгэж байж тээвэрлэлтээ явуулах учиртай. Гэтэл одоогоор ТЭЗҮ ч, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ч, төслийн танилцуулга ч байхгүй байна. Тэгэхээр энэ хэрэгжих ямар ч боломжгүй төсөл гэсэн үг. Нөгөөтэйгүүр өнөөдрийн энэ хурал дээр “Страто” компанийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч гэж залуу ирлээ л дээ. Тэр залуугийн хэлж буйгаар, тэр хүн өөрөө ч төслөө ойлгоогүй байна. Юу ярьж энэ компанийг өмгөөлөх юм, энэ төслийг юу гэж ярих юм гэдгээ өөрөө ч мэдэхгүй байна. Тэгэхээр төсөл үнэхээр түүхий байна, магадгүй боловсруулалтын шатандаа л явж байгаа юм байна, хэрэгжих болоогүй юм байна гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Ийм байхад Шивээговь сумын ИТХ-ын дарга болон нэр бүхий 11 төлөөлөгч, Засаг дарга болон түүний орлогч үүнийг дэмжээд газрын шийдвэрийг гаргаад байгаа нь өөрөө эргээд буруутах үндэслэл мөн үү гэвэл мөн.

-Шивээговь сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэбат хэлэхдээ, “Страто” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн төсөлтэй холбоотой мэдээлэл суманд байхгүй, бид мэдэх ч албагүй, дуудлага худалдаагаар тэр газрыг олгох шийдвэрээ л ИТХ гаргана гэдэг тайлбарыг өгөөд байна л даа?

-Хууль мэдэхгүй хүн шиг, ямар ч хуулийн үндэслэлээр ойлгох боломжгүй тийм л тайлбарыг хийсэн байна. Төслөө мэдэхгүйгээр газраа өгнө гэдэг яг юу гэсэн үг вэ. 10 км зайд нийт хүн амынх нь салхин дээр химийн бодис бүхий баяжуулах үйлдвэр байгуулж байхад, “Би энэ төслийг мэдэх албагүй” гээд газар өгч байгаагийн цаана ямар ашиг сонирхол байгааг би ойлгохгүй байна. Энэ үйлдвэр ямар хүчин чадлаар ажиллах юм, өдөрт хэдий хэмжээний нүүрс угаах юм, ямар химийн бодис ашиглах юм, ямар технологитой, химийн бодисоо хаана хадгалах юм, хэрхэн аюулгүй болгож хаях, хэдэн ажилтан авах вэ, баяжуулсан нүүрсээ хаашаа тээвэрлэх юм гээд энэ бүх цогц зүйлийг мэдэхгүйгээр газрыг нь олгосон бол тэр үнэхээр ажлаа мэддэггүй л хүн байна. Яагаад ийм дүгнэлт хийхэд хүргэж байна гэхээр ИТХ- Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24-р зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар “Страто “компанид газар олгох гэж байгаа бол тухайн баяжуулах үйлдвэрийн төслийн судалгаа, тооцоолол, танилцуулга, шийдвэрийн төслийг нэг хоногийн өмнө ИТХ-ын тулөөлөгчдөд хүргүүлж, төлөөлөгчдийг мэдээлэлтэйгээр хуралдаанд оролцох, хурлын хороод санал дүгнэлт гаргаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж шийдвэр гаргах ёстой ч Шивээговь сумын ИТХ-ын хуралдаан энэ хуулиа баримтлаагүй байна.

-“Страто” компанийн нүүрс тээвэрлэлтийн замыг Шивээговь сумыг эс тооцвол удирдлагын түвшинд зөвшөөрсөн орон нутаг алга. Тэгэхээр хэн энэ замд зөвшөөрөл өгөөд “Страто” компани нүүрс зөөгөөд байна вэ гэдэг асуулт урган гарч байна?

-Замын зөвшөөрлийн асуудлаар сая зургаан сумын удирдлага ярьснаас сонсоход “Страто” ХХК нүүрс тээврийн замынхаа төслийг танилцуулсан нь ганцхан Өлзийт сумын Буянт багт л байна. Бусад бүх газарт мэдээлэл өгөөгүй, замыг дур мэдэн тавьсан байна. Цогтцэций суманд гэхэд л, “Өө, энэ хэсгээр болохгүй юм бол тэр хэсгээр нь явчихъя” гэдэг гэж байгаа. Тэгэхээр “Страто” ХХК-д тодорхой зураг төсөл ч, төслийн баримт бичиг ч байхгүй юм байна. Бас маршрутаа ч тогтоогоогүй юм байна. Зам тээвэр, хөгжлийн яамнаас баталсан нэг маршрут байна. Түүнийг нь тавиад солбилцлыг нь тэмдэглээд үзэхээр Буянт багт танилцуулсан замын маршрут нь өнөөдөр явж байгаа маршрутаас огт өөр байна. Одоогоор гурван өөр дүр зураг харагдаад байна. Тэгэхээр энэ компанид өөрийн гэсэн бодлогын бичиг баримт, маршрут гэж огт алга гэж харагдаж байгаа.

-Энэ төслийг Засгийн газрын түвшний төсөл гэж хэн хэлсэн бэ?

-Мэдээлэл үнэхээр хаалттай байна. Тиймээс бид ойлгож, таамаглаж байгаадаа л дүгнэлт гаргаж ярьж байна л даа. “Страто” гэж компани хэн юм бэ. Тэд Тавантойлгойн ордын нүүрсээс Шивээговь сумын нутаг дэвсгэрт баяжуулаад, баяжмалаа хааш нь экспортолж, эдийн засгийн ямар үр ашиг олох, хэдий хэмжээний татвар төлөх гэх мэт мэдээлэл нь хаалттай байна.

Нийслэлийн Засаг даргын орлогчийн ТББ-уудад өгч байсан мэдээллээр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд “Тавантолгойн нүүрсийг Шивээговь руу зөөгөөд Улаанбаатарт тээвэрлэхээр өртөг өндөр гарна. Тиймээс түүхий нүүрсээ тэнцүүлээд улсаас татаас өгнө” гэж байгаа юм. Улсаас татаас өгч байна гэдэг нь өөрөө энэ төслийг Засгийн газрын төсөл болгож харагдуулаад байгаа юм.

Говийн бүсийн иргэд хоёр жилийн өмнөөс нэгэн зүйлийг ярьж байгаа. “Говийн бүсэд уул уурхай илүү төвлөрч явж байна. Цаашдаа газрын тос, уран баяжуулах үйлдвэрүүд бий болно, тээвэр ложистикийн олон сүлжээг байгуулна гэж байгаа. Өөрөөр хэлбэл, говийн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа ихээхэн явах нь. Тиймээс говийн бүсийн уул уурхайн байгаль орчны засаглал гэдэг сүлжээ байгуулж ажиллая, энэ дээр орон нутгийнхан бүсээрээ, нийтээрээ хамтарч ажиллая” гэдэг шийдэлд хүрсэн.

Х.ХУЛАН

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.