Уншиж байна...
УГТЭ: Мэдрэлийн мэс заслын тасаг Олон улсын “Вирту” сангийн эмч нартай хамтран 120 орчим хүнд тархи, нуруу нугасны нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээАН-аас сонгуулийн үеэр гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийлээҮерийн эрсдэлээс сэргийлж, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэн үерийн даланг өргөтгөж, хүчитгэнэМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээГадаад улсад байгаа санал өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 73.2 хувь нь сонгуульд оролцжээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтан авлааЦагааннуур боомтыг бүрэн шинэчлэхэд 85 тэрбум төгрөг зарцуулнаГамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан улсад айлчилж байнаЭнхтайваны гүүрний доор үл буцах хаалттай ус зайлуулах шугам хоолой тавинаҮерийн далан халих эрсдэлээс сэргийлж Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлжээАлба хаагчид 42 гэрийг нүүлгэн шилжүүлж, нийтийн эзэмшлийн 4591.1 м2 талбайд ариутгал хийлээАНУ-ын Нью мексико мужид гарсан ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлалааСэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ
Б.ПУНСАЛМАА: АХМАД НАСТНУУДАД ГАНЦААРДАЛ ГЭХ ТОМ АСУУДАЛ БИЙ

 “Айл” нэвтрүүлэг айл бүрийн хойморьт заларч, хэн бүхэнд нэгийг бодогдуулж буй. Ардчилсан намын дөрвөн эмэгтэйн хөтлөн явуулдаг уг төсөл нэвтрүүлэг Иргэн төвтэй сайхан нийгмийг цогцлоох зорилготой юм. Төслийн санаачлагчид нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа нар байгаа бол төслийн продюсерээр Нийслэлийн Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа ажиллаж байна. Ингээд уг төслийн продюсер, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.

-“Айл” төсөл хэрэгжээд чамгүй хугацаа өнгөрлөө. Төсөл амжилттай хэрэгжиж байна. Энэ төслийг чухам яагаад хэрэгжүүлэх болсноо бидэнтэй хуваалцаач?

-Иргэндээ хандсан нийгэм хамгийн сайн сайхан байдаг. Тиймээс айл бүрийн тулгамдсан асуудлуудыг олж илрүүлэхээс гадна төрийн ямар шийдвэр, шийдлүүд бидний амьдралд үүргээ гүйцэтгэж байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй болсон.

Нийгмийнхээ эс ширхэг бүрт хүрсэн төсөл хэрэгжүүлж байгаадаа бид их баяртай яваа. Төслийн санаачлагч нь М.Батчимэг юм. Харин одоо төсөл маань өргөжөөд З.Нарантуяа гишүүн, С.Одонтуяа Засаг дарга болон миний бие оролцож, нэвтрүүлгээ амжилттай үргэлжлүүлж байна.

-NTV телевизээр “Айл” нэвтрүүлэг цувралаар гарч, үзэгчид ч сайн балиашиглах болсон. Сэдвүүдээ яаж сонгодог юм бэ?

-Одоогоор гурван сэдвээр зургаан нэвтрүүлэг хийсэн. “Айл” гэдэг пейж хуудас нээсэн. Энэхүү пейж рүү хүмүүс хандаж, энэ сэдвүүдийг хөндөөч ээ хэмээн санал тавьдаг. Бид анх нийгэмд тулгамдсан 20 орчим сэдвийг пейж дээрээ хөндөж, санал асуусан. Гэр бүлийн хүмүүжил, эмээ өвөөгийн асуудал, ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл гээд маш олон асуудал бий. Энэ дундаас дэргэд нь байдаг ч төдийлөн сайн анхаарч чадахгүй байгаа сэдэв бол ахмад настнууд буюу эмээ, өвөөгийн асуудал байсан. Хүмүүс ч гэсэн эмээ, өвөөгийн асуудлыг яриач ээ гэж маш ихээр санал болгосон. Ингээд энэ сэдвийг анх барьж авсан.

Одоогоор манай хүн амын 300 мянга гаруй нь өндөр настнууд эзэлж байгаа. Ахмад гэдэг ангилалд 65 аас дээш насны хүмүүс ангилагдана шүү дээ. Ахмадуудад маань асуудал үнэхээр байдаг юм байна гэдгийг айлуудын хаалга тогшиж, судалгаа, уулзалтуудыг хийх явцдаа харсан. Энэ бүх уулзалтад иргэд маань нааштай хандаж, чин сэтгэлээсээ бидэнтэй сэтгэлээ уудалж, тулгамдсан асуудлаа ярьсанд гүнээ талархаж байна.

-Эмээ, өвөө нарт маань сэтгэл эмзэглүүлэх асуудал зөндөө бий. Та бүхэн юуг анзаарч, ямар шийдэлд хүрэв?

-Ахмад настны тухай хуулиас эхлээд бас бус хуулиудад хангалттай заалтууд орсон. Харин хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд дүүргийн үүр, хороодын дарга, ажилтнууд тулж ажиллах ёстой болов уу. Ахмад настнуудад эдгээр ажил мэргэжлийн хүмүүс хуулийн бөгөөд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой гэж хуулиндаа заасан байдаг. Тэгтэл тэр хүмүүс маань айлын хаалга тогшиж ороод хуулийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх нь битгий хэл эрүүл мэнд асаргаа үйлчилгээ үзүүлж байгаа нь бараг харагдсангүй.

Хоёрдугаарт ахмад настнуудад ганцаардал гэх том асуудал бий. Хэдийгээр тэд тэтгэвэртээ гарсан боловч хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс биш. Нийгэм дотроо бужгинаж явах ёстой хүмүүс чинь гэртээ тусгаарлагддаг. Нөгөө талаас тэтгэврээ бүгдийг нь зээлээр аваад ач, гучдаа өгчихдөг тохиолдол дийлэнхдээ. За ингээд гараад явъя ажлын байр байхгүй, мөнгөний боломж үгүй болдог. Иймээс ахмад настнуудыг ажиллуулах ажлын байр бий болгох ёстой юм байна гэж төслийн багийнхан үзсэн.

Төрийн болон хувийн хэвшлийнхэн маань ахмадууддаа зориулсан ажлын байр бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Мэдээж ахмад настнуудыг ажилд авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Харин ахмад настныг илүү олноор ажиллуулах татварын болон бусад хөнгөлөлтийн хөшүүрэг хэрэглэвэл зүгээр юм болов уу. Мөн тэтгэврийн зээл авдагтай нь холбогдуулаад тэтгэврийн зээлийн даатгал гэх мэтээр хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлс харагдсан.

-Ахмадууд тусгаарлагддаг, ганцаарддаг гэснээс Явуулын үйлчилгээ гэж гэж хуульд нэг заалт бий. Энэ хэрэв хэрэгжвэл ахмадуудад маань бас их өгөөжтэй юм болов уу?

-Ахмадын тухай хуульд Явуулын үйлчилгээ гэж байдаг. Явуулын үйлчилгээ гэдэг нь ахмад настнуудыг өглөө гэрээс нь цэцэрлэгийн хүүхдүүд шиг автобусанд суулган авч яваад уулзаж ярилцах, насаараа хийсэн бүтээсэн, сурсан мэдсэнээ залуустаа заах орчин бүрдүүлэхийг хэлээд байгаа юм. Мэдээж орой нь гэрт нь хүргэж өгнө. Энэ сайхан зүйл хуульд тусгасан боловч санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ гэдэг нь тодорхой тусгаагүй учраас хэрэгжихгүй байна.

Нэг байгууллага үүсч эхэлсэн нь Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага байв. Уг нь үүнийг Иргэний оролцоотой, олон нийтийн байгууллага хийхэд тохиромжтой үйлчилгээ учраас ТББ-ууд маань энэ ажлыг авч хэрэгжүүлбэл их буянтай, зөв зүйтэй ажил болно гэж уриалмаар байна. Нэвтрүүлгийн эхний төсөл сэдэв маань ийнхүү амжилттай өрнөсөн. Бид хамгийн дээд, нандин хүмүүстээ анхаарал султай байдаг юм байна шүү, үүнийг бодох цаг болжээ гэдгийг төсөл нэвтрүүлгээрээ харууллаа.

-Та бүхэн эмэгтэйчүүдийн асуудлыг бас хөндсөн шүү дээ. Хөдөө орон нутгийн хаагуур яаж ажилласан бэ?

-Бид хөдөө орон нутгийн ажил эрхлэлт буюу эмэгтэйчүүдийн амьдралыг сурвалжилж явсан. Их сонирхолтой нэвтрүүлэг болсон. Монгол Улс хэтэрхий их уул уурхай, улс төрд суурилсан бодлого, үзэл баримтлалтай болсон мэт харагддаг. Гэтэл үндсэндээ үйлдвэрлэгч болохгүй бол манай улсын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байна гэдэг хэцүү. Үйлдвэрлэгч болохын тулд эмэгтэйчүүд буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан өөр өөрсдийнхөө хэмжээнд хөгжих гэж хичээж байгааг удирдах дээд түвшнийхөн анхаарах ёстой. Тэр тусмаа Завхан аймагт хийсэн уулзалтаар маш бахархууштай олон Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэнтэй танилцаж ярилцлаа. Эсгий, ноос, ноолуураар маш гоё бүтээгдэхүүн, хувцас хийж байна. Дээл хувцас, хүнсний бүтээгдэхүүнүүд ч үйлдвэрлэдэг. Аливаа үйлдвэрлэлийн хамгийн том асуудал нь борлуулалт, зах зээл. Гэтэл эдгээр хүмүүс гайхамшигтай нь ямар ч борлуулалтын асуудалтай тулгарахгүй хэрэглэгч багатай байхын зовлон мэдэрдэггүйг хараад бахархсан. Орон нутгийн иргэд, нийслэл хот, гадны улс орнуудаас ч захиалга ирүүлдэг нь тухайн хүмүүсийн бүтээгдэхүүний чанарыг илтгэж байгаа юм. Хүмүүс яах гэж хотод суурьшдаг юм бэ. Си энержи буюу хамтын хүчийг үүсгэн, илүү их зүйлийг бүтээж өөрсдийн амьдралд өөрчлөлт хийх гэж хотод ирж компани хоршоо байгуулан ажилладаг. Гэтэл интернэт хөгжсөн энэ үед заавал хот руу орно гэхгүйгээр орон нутагтаа хамтын хүчээр үйлдвэрлэл явуулж, сайхан амьдарч болж байна. Интернэтээр захиалга, сургалтуудаа авч, сурталчилгаагаа хийчхэж байна. Интернэтээр олон ажлыг амжуулж болж байна. Олон сайхан бахархам зүйлсийг харлаа.

-Сайхан мэдээ байна шүү. Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэл орон нутагт хэр байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал хүнд байна. Энэ асуудал дээр хамгийн сайн ажилласан нь Завхан аймаг гэж үзсэн. Завхан аймаг Нэг цэгийн үйлчилгээ буюу Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг төв гэж байгуулсан байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд тэнд түр хугацаагаар байршдаг. Байгуулагдаад хоёр жил болж байгаа уг газарт анх хандах, хүрч ирэх хүн цөөхөн байсан бол жил ирэх тусам тоо нь нэмэгдэж байгаа гэсэн. Хүчирхийллийн эсрэг ажиллаад байхад тоо нь өсөөд байгаа нь сайн үзүүлэлт үү, муу үзүүлэлт үү гэтэл тухайн байгууллагын ач холбогдлыг ойлгож эхэлсэнтэй холбоотой асуудал болсон. Тэнд ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж цаашлаад бүр мэргэжлийн чиг баримжаатай ч болдог.

Жижиг, дунд үйлдвэрүүддээ хуваарилж, ажилтай, орлоготой болгоод, хүүхэд, багачуудыг нь цэцэрлэг, сургуульд хуваарилдаг юм байна. Завхан аймаг энэ чиглэлээр маш сайн ажиллаж байна. Бусад аймгууд үлгэр дуурайлал авч, Завханы хүчирхийллийн эсрэг төвийг орон нутагтаа нээвэл томоохон ажил болох болов уу. Энэ байгууллагад нэг хүндрэлтэй зүйл ажиглагдсан нь төсвийн асуудал. Орон нутгийн анхан шатны байгууллага төсвийг нь жилдээ нэг удаа хуралддаг хурлаараа шийдэх үүрэгтэй байдаг.

-Нэвтрүүлгүүдийн хажуугаар иргэд, гэр бүлүүдэд урам хайрлах зорилгоор “Манайх гэдэг айл” нэртэй видео бичлэгийн уралдаан зарласан юм билээ?

-Тийм ээ, энэ нэвтрүүлгийн хажуугаар бид гэр бүлийн видео бичлэгийн уралдаан зарласан. Нэг талаасаа гэр бүлд үүсч байгаа асуудлыг олж илрүүлж, хуулийн түвшинд засч залруулах гэж байгаа боловч айлын эс ширхэг бүр ямар аз жаргалтай байна вэ гэдгийг сурталчлах зорилготой юм. Зохион байгуулсны дараа Монгол хүмүүс ийм гэгээлэг, сайхан хүмүүс шүү гэдгээ дахин баталсан гэж бодож байна. Сар гаруй хугацаатай видео бичлэгийн уралдаан зарлахад 500 орчим бичлэг ирүүлсэн. Тэдгээрээс 350 орчим нь шалгуурт тэнцэж, зарим нь бичлэгийн чанар зэрэг бусад асуудлаас болж хасагдсан. Энэ 350 гаруй бичлэгийг 4 сая 800 хүн үзэж, хоорондоо лайк, шейр хийсэн нь монголчуудын бие биедээ урам хайрласан, сайхан гэгээлэг хүмүүс болохыг харуулсан. 4 сая 800 гэдэг нь давтагдсан тоо шүү дээ, би гэхэд л зарим бичлэгийг хэд дахин давтан үзэж урам, хайр мэдэрч байсан. Хайр түгээсэн уралдаан боллоо гэж бид урамшиж байна. Цаашид ч гэсэн энэ төслийг үргэлжлүүлээч ээ гэвэл төслийн багийнхан хамтарч ажиллахад нээлттэй байна.

-Танай нэвтрүүлэг бусдыг бодвол гарц гаргалгаа хайсан, шийдвэрт хүрч болохуйц, үр дүн нь харагдахуйц төсөл. Төслийн үр дүн, бүтээмж хэр харагдаж байна вэ?

-Монгол Улсад хууль хангалттай их байна. Онгойлгоод үзэхээр лоозонгийн чанартай, маш гоё үг, өгүүлбэрээр бичсэн хуулиуд байна. Хуулийн хэрэгжилтэн дээр л бүх шатандаа ажиллах хэрэгтэй байна. Манай төсөл нэвтрүүлгийн хувьд бүх түвшний байгууллага иргэдийн гүүр болж ажиллана гэж харж байгаа. Бид иргэдтэйгээ уулзаж байна төслийн санаачлагчид маань хууль тогтоох хэрэгжүүлэх дээд байгууллагад ажиллаж байна иймд асуудлын голыг нь олоод шийдлийн гарцыг хайхад хамгийн дөхөмтэй төсөл гэж харж байгаагаа илэрхийлье. Мөн манай Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны зүгээс гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар хэлэлцэж иргэдээсээ саналыг нь цуглуулж шийдвэр гаргах түвшинд уламжилж улмаар Ерөнхийлөгчид гардуулж өгөхөөр зэхэж байна. Энэ хууль маань 1999 онд анх батлагдаж гарснаас хойш өнөөгийн орчин үеийн гэр бүлийн харилцаанд үүсдэг олон асуудлуудыг шийдвэрлэх зохицуулалтууд нь сул байна гэж үзсэн.

Ингээд бидний хийж байгаа ажлууд маань иргэн төвтэй нийгмийн оролцоог хангахад бүхэлдээ чиглэгдэж байна гэж хэлж болохоор удалгүй сайн үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.