Прокурорын байгууллага 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс 2026 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 103.061 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 98.356 буюу 95.4 хувийг газар дээр нь, 244 буюу 0.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 795 буюу 0.7 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 448 шийдвэрийг хянаж, 12 буюу 2.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээсэн, 1 буюу 0.2 хувийг хүчингүй болгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр буцаасан бол 5 буюу 1.1 хувийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 15 шийдвэрийг хянаж, 11 буюу 73.3 хувийг хүчингүй болгож, мөрдөн шалгах байгууллагад шилжүүлж шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн холбогдогчид хууль бус, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаж, тухайн шийдвэрийг хүчингүй болгуулахаар 1 дүгнэлт бичиж, холбогдох хэрэг, материалыг шүүхэд шилжүүлсэн байна.

Зөрчлийн улмаас нийт 1.273.459.000 төгрөгийн хохирол учирснаас 140.492.000 төгрөгийн буюу 11.0 хувийг, үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 34.332.000 төгрөгийн хохирлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 96.833 буюу 97.4 хувь, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 773 буюу 0.8 хувь, Автотээврийн хууль зөрчих зөрчил 521 буюу 0.5 хувь, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих 449 буюу 0.45 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 159 буюу 0.2 хувь, Танхайрах зөрчил 153 буюу 0.2 хувь, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 115 буюу 0.1 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.