Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
С.Бямбацогт: Хилийн чанадад суугаа монголчуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд анхаарах шаардлагатай

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн гадаад улсад суух Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, УИХ-ын дарга Элчин сайд нарт хандан, дэлхийн дэг журам хувьсан өөрчлөгдөж, олон улсын нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед хилийн чанадад эх орноо төлөөлөх хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.

Элчин сайдаар ажиллах хугацаандаа үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэн хамгаалахаас гадна харийн нутагт суугаа монгол хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхгүй байхад нэн тэргүүнд анхаарах ёстойг захилаа. Хилийн чанадад ажиллан амьдрах, сурч боловсрох, бизнес эрхлэх зэргээр аж төрж буй иргэдийнхээ санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хүргэдэг байх учиртайг хэллээ.

Түүнчлэн парламент хоорондын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хууль тогтоох үйл ажиллагааг иргэнд ээлтэй, судалгаанд суурилсан, эргэх холбоотой, цахим болгоход холбогдох сайн туршлагыг судлах талаар чиглэл өглөө. Энэ хүрээнд, өөрийн суух болон хавсран суух улс орны хууль тогтоох үйл ажиллагааны дэвшилтэт хандлага, парламентын гишүүдийн хариуцлага, ёс зүйг төлөвшүүлэх механизм болон бусад  тэргүүлэх туршлагаас судалж, богино хугацаанд эргэн мэдээлэх ажлыг даалгав.

Монгол Улсын Их Хурал одоогийн байдлаар нийт 61 улстай харилцан парламентын бүлэг байгуулж, хамтын ажиллагаагаа олон талт хэлбэрээр өргөжүүлж байна. УИХ-ын дарга хэлэхдээ, парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлж, харилцан айлчлал, хамтарсан хэлэлцүүлэг, цахим уулзалт зэргийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжин ажиллах нь чухал гэдгийг онцолсон. Тэрбээр улс хоорондын уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад анхаарах ёстойг тодотгоод, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, соёл боловсрол, аялал жуулчлал болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэхэд анхаарч, харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчлахыг захиж байв.

Уулзалтад оролцсон Элчин сайдууд, УИХ-ын даргыг хүлээн авч уулзсанд талархал дэвшүүлээд, нэн тэргүүнд анхаарч хэрэгжүүлэх ажлуудынхаа хүрээнд товч мэдээлэл өглөө.

Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхтайван, худалдааны эргэлтийг харилцан ашигтай хэлбэрээр нэмэгдүүлэхэд анхаарахаа илэрхийлээд, тээвэр ложистикийн харилцааг сайжруулахын тулд хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг судалж байгаа талаараа танилцуулсан.

Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О.Лхагвасүрэн, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд анхаарч, энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйн салбарын нөөц боломжийг бүрэн ашиглах зорилт дэвшүүлснээ дурдлаа. Түүнчлэн ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа хэлэхдээ, Улсын Их Хурлын даргын үүрэг, чиглэлийг биелүүлж ажиллахаа тодотгохын зэрэгцээ парламент хоорондын харилцааг идэвхжүүлж, сайн туршлагыг харилцан солилцоход анхаарна хэмээв.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, гадаад улсад суугаа Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчдийн газрын үйл ажиллагааны тайлан, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтийн үр дүнг жил бүр УИХ-аар сонсдог болно гэдгийг мэдэгдэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.