НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын талуудын 17 дугаар бага хурал /СОР17/ Монгол Улсад болоход 100 хүрэхгүй хоног үлджээ. Энэхүү үйл ажиллагааг угтан “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр /2026.05.13/ зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагчаар “Нэг бүс нэг зам” хамтын хөгжлийн судалгааны төв, ЭЗХЯ, хятадын төв радио телевизийн CGTN агентлаг ажиллаж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи дэмжин оролцсон. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтолтой тэмцэхэд хөрш орнуудын бодлогын уялдааг хангах, онолын хэлэлцүүлгээс татгалзаж, ногоон эдийн засгийн бодит, практик шийдлүүдийг эрэлхийлэхийн тулд эл хурлыг зохион байгуулж буй ажээ. Хуралд илтгэсэн судлаачдын бүтээл, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмж хөрсөн дээр бууж “амьдрах” чадвар, хэрэгжүүлж ашиглах боломжтойг оролцогчид дүгнэж байлаа.
“Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын оролцогчид
Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл дэлхий, байгалийн өмнө үйлдсэн “хэрэг”-тээ үүрэг хариуцлага хүлээж уур амьсгалын хувирал, өөрчлөлтөд дасан зохицож, даван туулахын тулд ухамсартайгаар сэтгэж, чадах зүйлээ хамтдаа хийхийг уриалж, үлгэрлэж, хамтарч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд энэ уриалга ихэд эрчимжиж, санаачилгагүй байсан зарим улс орныг сэрээж, идэвхжүүлж байгааг бид харж байна. Дэлхийн улсуудын хамтын ажиллагааг онцолж буй энэ үед байгаль орчин, байгаль хамгааллын ижилхэн асуудалтай хөрш орнуудын харилцан ойлголцол, сайн туршлагаа харилцан ашигтайгаар хуваалцах хамтрал чухал гэдгийг эрдэмтэн судлаачид онцолж буй юм. Энэ ч утгаараа БНХАУ-ын цөлжилттэй тэмцэх арга туршлага, дэвшилтэт технологийг судлах, нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид, салбарын экспертүүд онцолсон.
Тухайлбал, Хятад улс цөлжилттэй тэмцэхдээ мод тарих уламжлалт аргаас татгалзаж хиймэл оюун, их өгөгдөл, Бэйдоу хиймэл дагуулын систем зэрэг өндөр технологийн хүчээр байгалийг амжилттай сэргээхийн сацуу нүүрстөрөгчийн зах зээлийг эрчимтэй хөгжүүлж байгаа ажээ. Эл сайн туршлагыг Монгол орны нөхцөлд хэрхэн амжилттай нутагшуулах тухай талууд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Цөлжилттэй тэмцэх дэлхийн хэмжээний шилдэг туршлага, жишиг загвар гэж үнэлэгддэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны цөлийг ойжуулалт, тогтвортой эдийн засагтай хослуулан нөхөн сэргээсэн “Кубучи загвар” /Хөвч/-ын тухай “Сүхэспартнерс” ХХК-ийн кординатор Д.Сүхбаатар “Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлд суурилсан хувийн хэвшлийн бизнес моделийг хөгжүүлэх боломж ба шийдэл” илтгэлдээ онцлон танилцуулав.
“Хөвч загвар” бол 6000 км.кв газрыг нөхөн сэргээсэн, цөлжилт зардал биш хөрөнгө оруулалтын боломж, байгаль хамгаалал бол төсөв бус бизнес, ойжуулалт хийх нь нийгмийн ажил биш хөрөнгө бүтээх үйл явц, экологи нь төрийн ажил бус хувийн хэвшлийн эдийн засаг гэдэг шинэ ойлголт, бодлогыг төлөвшүүлсэн, амжилтад хүргэсэн үйл ажиллагаа билээ.
Энэхүү үйл ажиллагааны дүнд цөлжилт 30 хувь буурч, 100 мянга гаруй ажлын байр бий болж, экологийн сэргэлт, эдийн засгийн өсөлтийг хамтад нь бүтээж болохыг харуулсан жишиг болсон учраас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцоос өндөр үнэлгээ авсан юм. Тэгэхээр Монгол Улсад өрнөж буй цөлжилттэй тэмцэх төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа зэрэг нь “Хөвч загвар” шиг бүхий л үе шат, боломж, эрсдэл, хүрэх үр дүнг зөв төлөвлөсөн том зураг, нарийн төлөвлөгөөний дагуу явах шаардлагатайг судлаачид хэлж байлаа. Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ уламжлалт мод тарих аргаас татгалзаж хятад улсын цөлжилттэй тэмцэж буй инновац шингэсэн арга туршлага, техник, технологийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ байгааг учирлах хүн нэг биш байв.
Доктор, профессор Хуан Рэнвэй. “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр.
Мөн “Эрчим хүчний тархмал эх үүсвэр дэх БНХАУ-ын туршлага ба Монгол Улсын боломж” сэдэвт илтгэлийг ШУТИС-ийн доктор Д.Үлэмж хэлэлцүүлсэн юм. Харин Фүданы их сургуулийн “Нэг бүс нэг зам ба дэлхийн засаглал судалгааны институт”-ийн дэд захирал, доктор, профессор Хуан Рэнвэй “Монгол бол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улс. Нар, салхины эрчим хүчийг ашигласан томоохон хэмжээний сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжвэл говийн бүс нутагт бүх талаар хөгжил дэвшил гарна. Хятад улс нүүрсэн суурьтай эрчим хүч ашиглахаас аль болох татгалзаж байгаа. Тиймдээ ч Монгол Улстай уламжлалт бус сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг чухалчилж байна. Ойрын таван жилийн дотор хоёр орны экологийн эдийн засгийн коридорыг байгуулахын төлөө хичээе” гэж чухалчлав.
Эрдэм шинжилгээний хурлын таван багц сэдэв уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, цөлжилтийг бууруулах, байгаль хамгаалах ажилд шинэ санал санаачилга, туршлага, мэдлэг өгөх агуулга, зорилготой байлаа. Доктор Л.Болор-Эрдэнийн илтгэл Монгол орны бэлчээрийн төлөв байдал, мал аж ахуйн тойм, Экосистемийн үйлчилгээний төлбөрийн механизмыг орон нутагт хэрэгжүүлэх боломж” сэдэвтэй байв.
Доктор, дэд профессор Х.Мөнхтуяа. “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр
Харин малчдын хэрэгцээнд тохирсон туршлага танилцуулах “Хуурай хээрийн бүсэд усны хэмнэлттэй технологийг ашиглах боломж” сэдвээр ХААИС-ийн багш, доктор, дэд профессор, Монгол Улсын зөвлөх инженер Х.Мөнхтуяа илтгэв. Тэдний баг “Бэлчээрийн экологи” ТББ-тай хамтарч 2011-2013 онд энэхүү таримал тэжээлийн үйлдвэрлэлийн судалгааны ажлыг хийжээ. Ингэхдээ Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт суманд бэлчээрт гаргасан худгийг түшиглэн усан сан байгуулж таримал тэжээл тарьж, ургуулах, үүгээрээ хаврын улиралд мал тэжээх ногоон дарш бэлтгэх туршилт, судалгааны ажлыг хийсэн бөгөөд амжилттай болж үр дүнгээ өгсөн гэдгийг судлаач хэлсэн. Худгийн хажууд таван га талбайд нэг наст буурцагт ургамал буюу эрдэнэшиш, наранцэцэг тарьж, усанд хэмнэлттэй дуслын усалгааны систем, “намираа” нэрт бага оврын бороожуулах төхөөрөмж ашиглан ургуулж, үр боловсрохоос нь өмнө есдүгээр сард ногоон массыг нь хураан авч Дэрэн суманд барьсан жижиг үйлдвэртээ малын тэжээлийн ногоон дарш бэлтгэж үзжээ. Энэ нь байгалийн бэлчээрийн зохистой ашиглалт буурсан, малын тоо толгой нэмэгдсэн, ялангуяа гадаргын ус цөөнтэй, тархай бэлчээртэй говийн малчдад үр дүнтэй ажил болж хүрсэн байна. Гурван жилийн судалгааны үр дүнд боломжтой гэдэг нь нотлогдсон энэхүү бүтээлийг малчид, орон нутгийн иргэд, удирдлагууд ажил хэрэг болгон хэрэгжүүлээд үр дүнг нь үзэх бүрэн бололцоо бий гэдгийг судлаач захиж байлаа. Байгаль, цаг уурын өөрчлөлтийн бэрхшээл, сорилтыг хамгийн ихээр мэдэрч, амсаж буй малчдад төрийн зүгээс дасан зохицох мэдлэг ойлголт өгөх, амьдралд нь хэрэгцээтэй туршлага хуваалцах нь тун цөөн байдаг. Тэгвэл Х.Мөнхтуяа докторын илтгэл санаа авч, ахуйдаа хэрэгжүүлж болохуйц байсан юм.
Доктор Т.Чулуун-Эрдэнэ. “Монгол-Хятадын экологийн эдийн засгийн коридор: Бодлогын уялдаа ба практик шийдлүүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр
СОР17 бага хурлыг угтан зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурлаар амьдралд хэрэгжих боломжтой сэдвүүдийг сонгосон гэж “Нэг зам нэг бүс” хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, доктор Т.Чулуун-Эрдэнэ үйл ажиллагааны эхэнд танилцуулсан нь хоосон үг төдий биш байлаа. Малчдаас эхлээд, байгаль орчны нөхөн сэргээлтийн аж ахуй нэгжүүд, ногоон үйлдвэрлэлийн компаниуд, хөрөнгө оруулагчид, шийдвэр гаргах түвшний хэмжээнд хүлээн авч хэрэгжүүлж болох тооцоолол, амжилттай үр дүн, бодит боломж, гарц шийдлийг судлаачид илтгэсэн.
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажил бол төсвөөс мөнгө шаарддаг үрэлгэн зардал бус, цөлжилттэй тэмцэх нь хүрз барьж, хувин үүрээд гарах биш. Зөв судалгаа, нарийн төлөвлөгөө, сайн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлбэл санхүүжилт, хөрөнгө оруулалт татдаг эдийн засгийн загвар, байгальдаа ч, хүндээ ч хэрэгтэй, өсөж хөгжих шавхагдахгүй нөөц баялаг гэдгийг ойлгох, хэрэгжүүлэх соргог ухаан манай улсад хэрэгтэй байна.