Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Жаргалан, Л.Мөнхбаатар, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Д.Энхтүвшшин нараас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсын эдийн засаг  өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас хэт хамааралтай байна. Иймд төсвийн сахилга батыг бэхжүүлэх, уул уурхайн орлогын өсөлттэй зэрэгцэн төсвийн зарлага хяналтгүй нэмэгдэх эрсдэлийг бууруулах, байгалийн баялгийн үр өгөөжийг одоо болон ирээдүй үеийн иргэдэд тэгш, шударга хүртээх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэж уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг  Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулгадаа онцолж байлаа.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, төсвийн зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулдаг байсан зохицуулалтыг өөрчилж уул уурхайн орлогын өсөлтийг тухайн жилийн зарлагад шууд тусгах боломж нэмэгдсэн. Үүний үр дүнд байгалийн баялгаас бий болсон түр зуурын өндөр орлогыг богино хугацаанд бүрэн зарцуулж, ирээдүй үеийн хүртэх өгөөжийг бууруулах, эдийн засгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлэх эрсдэл үүсэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлэн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлттэй уялдуулан тооцох зохицуулалтыг сэргэхээр хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр уул уурхайн орлого өссөн үед төсвийн зарлага дагаж өсөхгүй байх, эдийн засгийн мөчлөгийн савлагааг бууруулах, төсвийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Мөн энэхүү зохицуулалт нь олон улсын эдийн засгийн онолд "Dutch Disease" буюу байгалийн баялгийн орлогоос үүдэлтэй эдийн засгийн бүтэц алдагдах, уул уурхайн бус салбаруудын өрсөлдөх чадвар сулрах, төсвийн хэт тэлэлт бий болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм байна.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал үүсэхгүйн зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгжид шинээр санхүүгийн дарамт учруулахгүй. Харин төсвийн сахилга бат сайжирч, уул уурхайн орлогын үр өгөөжийг илүү оновчтой хуримтлуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ирээдүй үеийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн баталгаа бэхжинэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байгалийн баялаг нь зөвхөн өнөөдрийн бус, ирээдүй үеийн өмч тул уул уурхайн орлогоос үүдэлтэй богино хугацааны төсвийн тэлэлтийг хязгаарлаж, тогтвортой хөгжлийг дэмжих энэхүү хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засгийн дархлааг бэхжүүлэх чухал алхам болно гэж танилцуулгад дурдсан байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.