Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир өнөөдөр /2026.08.07/ Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох UNCCD COP17, ирэх арваннэгдүгээр сард Турк Улсад зохион байгуулагдах UNFCCC COP31 хурлуудын залгамж холбоо, Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Сайд Ц.Сандаг-Очир хэлэхдээ, Монгол, Турк хоёр улс дэлхийн байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцэх олон улсын томоохон хурлуудыг дараалан зохион байгуулж байгаа нь дэлхийн байгаль орчны засаглалыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх чухал боломж болж байгааг онцоллоо.

Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц Улсын Парис хотноо болсон Их долоогийн Байгаль орчны сайд нарын уулзалтын үеэр Турк Улсын Байгаль орчин, хот байгуулалт, уур амьсгалын өөрчлөлтийн сайдтай COP17 болон COP31 хурлыг бодлогын түвшинд уялдуулах, Риогийн гурван конвенцын хэрэгжилтийг харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоныг дурдав.

Энэхүү тохиролцоог Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн баталгаажуулж, бодит үр дүнтэй хамтын ажиллагаа болгохоор ажиллаж байгаагаа илэрхийллээ.

Мөн Монгол, Армени, Турк Улс нь 2026 онд Риогийн гурван конвенцын Талуудын бага хурлыг даргалж буй орнуудын хувьд конвенцуудын нэгдмэл хэрэгжилтийг ахиулах зорилгоор Сайд нарын түвшний тусгай арга хэмжээг хамтран зохион байгуулахаар ажиллаж байгааг онцлов.

Монгол Улс COP17 хурлын хүрээнд газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн менежмент, ган гачгийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын шинэ санаачилгуудыг дэвшүүлж буй мөн танилцууллаа.

Уулзалтын үеэр Элчин сайд Башак Гэнч Юксэл ирэх арваннэгдүгээр сард Турк Улсад болох COP31 бага хуралд сайд Ц.Сандаг-Очирыг биечлэн оролцохыг урьж, албан ёсны урилгаа гардууллаа.

Тэрбээр дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг даван туулахад улс орнуудын хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал болсныг онцолж, стратегийн түнш Монгол Улсаас COP17 хурлын хүрээнд дэвшүүлж буй санаачилгуудыг бодит ажил хэрэг болгоход бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Талууд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалахад чиглэлээр хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэхийн зэрэгцээ COP17 хурлаас COP31 хурал хүртэлх хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.