Авлига, албан тушаалын хэргээр хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа болон шүүхээс ял авсан олны танил улстөрчдийн талаар хүргье.
1. С.Баяр /Ерөнхий сайд асан/
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Рио Тинто компанитай хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Оюутолгой төслийг хөдөлгөсөн. Энэ үед С.Баяр Ерөнхий сайдын алба хашиж байсан юм. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Петровис” компанид давуу байдал олгож, Оюутолгой компанид шатахуун нийлүүлэх гэрээ хийлгэсэн байж болзошгүй, мөн АНУ-д амьдардаг охиных нь нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө нь Оюутолгой төслийг байгуулсны дараа бий болсон байж болзошгүй зэрэг хэрэгт сэжиглэгдэн, шүүгдэж 2,6 жилийн хорих ял авсан.
2. С.Баярцогт /Ерөнхий сайд асан/
Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглан, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж үзэн, анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс 4,8 жилийн хорих ял болгож бууруулсан.
3. Ж.Эрдэнэбат /Ерөнхий сайд асан/
Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгаж, 6 жилийн хорих ял оноосон.
4. Ч.Сайханбилэг /Ерөнхий сайд асан/
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг өдгөө олон улсын Интерполоос эрэн сурвалжилж байгаа. Түүнийг Монгол Улсын шүүхээс Оюутолгойн гэрээ болон Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар буруутгаж, шүүх зуурт эмчүүлэх нэрийдлээр АНУ-руу яваад оргон зайлсан. Оюутолгой төслийн хүрээнд Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанийн хооронд 2009 оны 10 сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 2-р сарын 18 өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үндэслэлээр буруутгаж байгаа билээ.
5. Н.Номтойбаяр /УИХ-ын гишүүн асан/
Түүнийг төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө авах үед худал мэдүүлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн гэх хэргээр 5,5 жилийн хорих ял оноосон.
6. М.Энхсайхан /Монгол Улсын Сайд асан/
Монгол Улсын Сайд, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ын түншлэлд эдийн засгийн давуу байдал бий болгосон, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллах хугацаандаа өөрийн төрсөн дүү М. Чаминцэцэг, түүний хүү О.Амарсайхан нарын “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй “Тоёота Лексус 570” автомашиныг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр худалдан авч, улсад 130 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд гэм буруутай гэж үзэж, 4 жилийн хорих ялыг оноосон билээ.
7. М.Сономпил /Эрчим хүчний сайд асан/
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сан шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгор зам: компанийг шалгаруулах үүрэг өгсөн байдаг. Үүнийхээ хариуд 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд иргэн Х –ээс нийт 266 сая төгрөгийн хахууль авсан болох нь нотлогдож 4 жилийн хорих ял авсан.
8. Да.Ганболд /Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан/
Дубай гэрээ буюу Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлахдаа Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хувьдаа ашиг олж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон байсан ч давж заалдах шатны шүүхээс 1,3 жилийн хорих ял болгож бууруулсан.
9. Б.Бямбасайхан /Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал асан/
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханд Дубайн гэрээ буюу Оюу толгойн хөрөнгө оруулалтын хоёр дахь шатны төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн гэх хэргээр анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон боловч давж заалдах шатны шүүхээс 1,3 жилийн хорих ял болгож бууруулсан.
10. Б.Болор /Сангийн сайд асан/
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайд асан Б.Болор, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарын долоон хүн нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татаж, Б.Болорыг “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн 3,6 жилийн хугацаанд хорих ял оноосон.
11. Д.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн асан/
Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийн хувьцаанаас Засгийн газар татгалзаж, “Монголын зэс” ХХК-ийнханд давуу байдал олгосон гэх хэрэгт яллагдагчаар татсан. Тухайн үед Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4,6 жил хорих ял оноосон билээ.
12. Б.Эрдэнэбат /Эрэл компанийн ТУЗ-ийн дарга/
Анхан шатны шүүхээс Б.Эрдэнэбатыг залилах, мөнгө угаах гэмт гэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тооцож 7 жилийн хорих ял оногдуулсан боловч эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаан, Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа.
13. Н.Золжаргал /Монгол банкны Ерөнхийлөгч асан/
Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас шилжүүлэн авахад хувийн хэвшилд хэт давуу байдал олгосон, тэрчлэн авилгын сүлжээ үүсгэсэн гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Түүний хэрэг, УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Болор нартай хамт байсан ч шүүхээс хэргийг нь тусгаарлаж, нэмэлт мөрпөн байцаалтад буцаасан билээ.
14. Э.Бат-Үүл /Нийслэлийн Засаг дарга асан/
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэнгрупп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав, хүү хоёрыг яллагдагчаар татсан шалгаж байгаа. Э.Бат-Үүл нарын 11 хүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 263 дугаар зүйлийн 263.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 18.6-2.2, 18.6-2.3, 22.1-2, 22.5-1, 22.12-1 дэх хэсэгт зааснаар буруутгаж буй. Өнөөдрийн байдлаар урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдаан нийт зургаан удаа хойшилжээ.
15. С.Эрдэнэ /УИХ-ын гишүүн асан/
С.Эрдэнийг хоёр хэрэгт буруутган шалгаад багагүй хугацаа өнгөрлөө.
Нэгдүгээрт... Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа НДЕГ-ын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангийн олон тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх хэрэгт буруутгасан юм.
Хоёрдугаарт... “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэг. С.Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтуудыг АТГ-ынхан олж тогтоон 2020 оны нэгдүгээр сард уг саналаа НПГ-т хүргүүлж байсан юм. Түүний охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550 527 хувьцааны 152 131 ширхэгийнх нь эзэмшигчээр гэнэт орж ирсэн нь С.Эрдэнийг буруутгах үндэслэл болсон бөгөөд сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосныхоо төлөө охиноо “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан нь яллагдагчаар татах шалтгаан болжээ.
16. Ц.Элбэгдорж /Монгол Улсын Ерөнхийлөгч асан/
“Эй Эс Юу” дунд сургуулийн 10 хувийн хувьцаа болон ОХУ-ын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Оюутолгойн гэрээ зэрэг хэрэгт холбогдуулан Ц.Элбэгдоржид яллах дүгнэлтийг Нийслэлийн Прокурорын газраас үйлдээд байна.