Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Бид хөгжил, хоцрогдол хоёрын яг зааг дээр байна

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар гуайтай ярилцахад их “амттай” байв. Учир нь амьдралынхаа 42 жилийг Монгол, Японы харилцаанд зориулсан тэрбээр “хуучны”, цаг хугацаа өнгөрөх тусам их үнэд хүрэх, уншууртай ном мэт санагдав. С.Хүрэлбаатар гуайгаас бидний өвөө, эмээ нарт байсан, өнөө цагт нэгэнт ховордсон эгэл даруу, зарчимч, хүнлэг, үнэнч зан чанар цухалзаж байлаа.

Тэрбээр Японд хоёр удаа, Хойд Солонгост нэг удаа Элчин сайдаар томилогдон ажилласан бөгөөд өдгөө албаа амжилттай дуусган сая л гэрийн бараа харжээ. Амьдралынхаа ихэнх жилийг хоёр улсыг холбох, найрсаг харилцааг хөгжүүлэхэд гар бие оролцсон түүний зүтгэлийг үнэлэн Японы Засгийн газраас Эзэн хааны одонг хүртээсэн нь “Монгол бахархал”-д урих нэг шалтгаан болов.

Монголынхоо сэвэлзсэн салхи, өвс ногооны үнэр, нүд бэлчээм нутгаа санаж, зүүдэлж ирлээ…

Та сүүлийн 10 гаруй жил гадаадад элчин сайдаар ажиллалаа. Эх орондоо ирээд удаагүй. Хэр төвхнөж байна даа?
Ямар утгаар төвхнөх вэ гэдгээс хариулт нь янз янз байх болов уу. Ахуйн хувьд бүрэн төвхнөж амжаагүй байна. 2008 онд Хойд Солонгост Элчин сайдаар сууж, тэндээсээ цааш Японд томилогдож, есөн жил хагасын дараа эх орондоо ирлээ. Арван жил суугаагүй гэр гэдэг ертөнцийн тоос шороонд дарагддаг юм байна. Хайрцагт хийж үлдээсэн юмнуудаа гаргаж цэвэрлэх, нэмж авчирсан зүйлсээ байршуулах гээд цэгцлэх ажлууд дуусаагүй. Нөгөө талаас тэтгэвэртээ гарч, шинээр олон нийтийн ажил аваад, компанид ажилд орсон гэдэг утгаараа сүрхий төвхнөсөн.

Эх нутгаасаа хол 10 жил амьдарна гэдэг багагүй хугацаа. Монголоос юуг хамгийн ихээр санав?
Монголынхоо сэвэлзсэн салхи, өвс ногооны үнэр, нүд бэлчээсэн алсын бараатай сайхан байгалиа санаж, зүүдэлж ирлээ… Парадокс л юм даа. Ингэж хэлдгийн учир нь цаг агаарын дулаарал, ган зуд зэргээс үзэж өссөн, нүдэнд дассан байгаль эвдэрснийг хараад сэтгэл зовнилоо. Нөгөө талаас эх орондоо ирсэн атлаа Улаанбаатарт бүгчихээр өнөө зүүдэлж ирсэн байгаль, сайхан цэнгэг агаараар амьсгалж чадахгүй дотроо багахан зөрчилдөж сууна.

Таныг Монголд ирэхэд хөршүүд тань гэнэтийн бэлэг барин угтсан гэсэн?
Нааш ирэхээс өмнө Д.Сосорбарам “Хүрлээ ах аа, таныг найз нартай чинь онгоцны буудал дээрээс тосно оо” гэв. “Хэрэггүй ээ. Би олимпын аварга болсон биш. Сансарт нисээд ирсэн биш. Хүний олдоггүй, авдаггүй юманд хүрсэн биш. Сүр бараатай угтуулбал даруу биш хэрэг болно” гэж хэлтэл урамгүйхэн утсаа тасаллаа. Монголд буухад С.Цогтбаяр, С.Цацрал болон ГХЯ-ыхан, Со-гийн эхнэр намайг угтахаар иржээ. Харин Со байдаггүй. “Яаралтай ажил гараад цаадах чинь Дархан явчихлаа” хэмээн эхнэр нь хэлэв. “Зүгээр байгаа даа, саяхан л ярьж байсан яагаад гэнэт ажил гарчихав” хэмээн сэтгэл зовниод явчихав.

Тэгээд үргэлжлүүлж бодох ч завдал гарсангүй гэртээ ирлээ. Орцоороо орсон чинь гэнэтхэн л Со “Эрдэнэ засгийн унага” дуулаад явчихлаа. Би тэр дуунд нь их дуртай. Харах нь ээ манай Худгуйг, орцныхныг эгнүүлээд жагсаачихсан, аягатай сүүгээ хадагтай барьчихсан дуулаад зогсож байна. Жигтэйхэн баярлаад гэртээ орсон чинь “Хөсөгтөн”-гийн хүүхдүүдийг суулгачихсан дуулуулж, хуурдуулж байна. Сэтгэл үнэхээр хөдөлсөн. Олон жил амьдраагүй гэрийг минь цэмцийтэл цэвэрлэж, бүгд дор дороо хоол унд авчраад мундаг угтсан шүү. Хөгшин бид хоёрт мартагдашгүй гэнэтийн бэлэг болсон.

Японы эзэн хаанаас хүртсэн одонг би хоёр улсын хооронд бүхий л амь амьдралаа зориулсан таны зүтгэлийн үнэлэмж гэж харсан?
Миний 42 жилийн хөдөлмөрийг үнэлж надад Эзэн хааны одон өгсөн болов уу. Гавьяа байгуулсан, овойж оцойсон зүйл хийсэн гэхээс илүү Монгол Японы харилцаа бий болоод, хөгжөөд, өргөжөөд, гүнзгийрэх үйлсэд 40 гаруй жил “оролцсон”-ыг Японы талаас хүндэтгэж үзсэний илэрхийлэл гэж бодсон. 

Эзэн хааны одонг ямар амжилт гаргасан хүмүүст хүртээдэг юм бэ?
Шалгуур нь янз янз байдаг. Зарчим нь Японтой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүс нутаг олон улсын энх тайван, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан, дэлхийн хэмжээний бүтээл туурвисан хүмүүст олгодог шагнал юм билээ. Зөвхөн тийм хүнд өгнө гэж оноосон шалгуур байхгүй. Энэ шагналыг 1868 оны Мэйжийн хувьсгалын үеэс өгч эхэлжээ. 100 гаруй жилийн дотор 14 мянга орчим хүн авсан.

Та хоёрдугаар зэргийн одонг авсан байх аа?
Тийм ээ, тэргүүн зэргийнхийг манай Содном гуай авсан. Энэ хүн Монгол Японы харилцаанд шинэ үеийн хөгжлийн суурийг тавихад, өргөжин хөгжүүлэхэд их зүйлийг хийжээ. Манайхаас 12 хүн энэ шагналыг хүртсэн.  13 дахь нь би... 

Та өөрийн амьдралын 42 жилээ Монгол Японы харилцаанд зориулсан гэлээ. Гэтэл дипломат харилцаа тогтоогоод 45 жилийн ой тохиосон шүү дээ. Тэгэхээр яах аргагүй хоёр улсын харилцааны дэвшил таны зүтгэлтэй холбоотой байх нь гарцаагүй?
Хоёр улс дипломат харилцаа  тогтоосны 45 жилийн 42 жилд нь гар бие оролцсон байна. Орчуулагчаас нь эхэлсэн. Харилцааны эхний үед дайны төлбөр, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудыг шийдэх, худалдааны, соёлын, агаарын харилцааны гээд төрөл бүрийн үндсийг бүрэлдүүлсэн гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг хийхээс өмнөх уулзалт,  хэлэлцээ бүрийг орчуулж явлаа. Дараагийн шатанд нь төр засгаас Япон улстай харилцах талаар баталсан бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд хүрз барьсан хар ажилчин явлаа. Дунд үеэс бодлого боловсруулж, хэрэгжүүлэхэд нь оролцдог хүн боллоо. Сүүлийн 10 гаруй жилд бодлого чиг гаргаж, боловсруулдаг, тэрнийхээ хэрэгжилтийг зохион байгуулдаг ажил хийлээ. 

Хаалгачаас хаан гэдэг шиг бүхий л шатлалаар өгсжээ?
Гадаад яаманд бол яг шатаар нь явсан. Орчуулагч, III, II, I нарийн бичгийн дарга, газрын зөвлөх, газрын захирал, Азийн газрын захирлаар хоёр ч удаа ажилласан. Солонгост нэг, Японд хоёр удаа Элчин сайдаар ажиллалаа.

Энэ салбарт “угсарч” Элчин сайдаар томилогдсон тохиолдол байдаг уу?
Хоёр удаа Элчин сайдаар томилогдож ажилласан хүн манай гадаад харилцааны түүхэнд дөрөв л байдаг юм. Манай яамны сайд, дэд сайд байсан Жаргалсайхан гэж ахмад дипломатч Энэтхэгт хоёр удаа суусан. Дараа нь Гэндэн Румынд хоёр удаа, гурав дахь нь “Гурван загал”-ын нэг, миний найз Үржинлхүндэв Солонгост хоёр удаа, дөрөв дэх нь би юм даа. Энэ бол их ховорхон тохиолдол. Олон улсын практикт ч цөөн. Токиод 190-ээд орны Элчин сайдын яам бий. Тэнд давтан томилогдсон нь Унгар, Европын холбоо, Монголынх л байлаа.

Элчин сайд хийх явцад хоёр улсын харилцаа цаг үетэйгээ уялдан танд хэр мэдрэгдэж байв. Хүйтэн дайны үе, зах зээлд шилжих үе, иж бүрэн түншлэл, стратеги  түншлэл, өнөө үе гээд хэд хэд хувааж үзэх байх? 
Манай орны түүхэн замнал, хөгжлийн үе шат болгоны өвөрмөц онцлог заавал тусна. Нөгөө талаар олон улсын харилцаа, дэлхий дахины байдал, өөрчлөлт хувирал зэрэгтэй уялдаж өөрчлөлт гарна шүү дээ. Дайны дараа гэхэд Монгол Японы хооронд харилцаа тогтоох анхны боломж 1956, 1957 онуудад гарсан. Япон улс дайнд ялагдал хүлээснийхээ дараа эдийн засаг, улсаа ардчилсан шинэ хөгжлөөр явуулж, 1950-иад оны дунд үеэс гадаад харилцаагаа сэргээх, бусад оронтой харилцаа тогтооход чиглэн ажиллаж эхэлжээ.

ЗХУ-тай 1956 онд харилцаагаа сэргээсний дараа НҮБ-д элсэхдээ тус улсын дэмжлэгийг авах хүсэлтийг тавьсан байна. Тэр үед ЗХУ сөргүүлээд “Тэгвэл Монгол, Японыг хамт НҮБ-д элсүүлье” гэжээ. Эндээс манай хоёр орны дайны дараах найрамдлын замнал эхэлсэн. 1957 онд уг тохиролцоонд Зөвлөлт томоохон байр суурьтай байсан учраас гар өргөөд Япон ногоон гэрлээр НҮБ-д элссэн. Аюулгүй зөвлөлийн байнгын таван гишүүний нэг нь Тайвань байсан юм. Тус улс “Монгол бол бие дааж хөгжих нөхцөл бүрдээгүй орон” гэх шалтгаанаар тээг тавьсан учраас Монгол улс тухай үед элсэж чадаагүй. Түүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1961 онд НҮБ-д элссэн. Хамгийн түрүүнд гар өргөж Монгол Улсыг дэмжсэн орнуудын нэг Япон байлаа. Тэр үеэс Японтой харилцаа тогтоох хэлэлцээ хийх гэтэл дайны төлбөрийн асуудал боссон.

Дайны төлбөр гэдэг нь?
Манай улс "1930-аад оны сүүлчээс Монголд халдаж эхэлсэн, 1939 онд том хэмжээний түрэмгий дайн өдөөсөн, 1945 он хүртэлх 10 гаруй жилийн дайнд олон хүний амь нас үрэгдсэн, эд материалын их хохирол үзсэн учраас бидэнд та нар дор хаяж 80 сая ам доллар төлөх ёстой" гэж Японы талаас шаардсан байдаг. Япончууд “Бид дайны төлбөр төлөхгүй ээ. Яагаад гэвэл бид түрэмгийлээгүй. Халх голын дайн бол түрэмгий дайн байгаагүй. Монгол Улсын хилийн шугам тодорхой байгаагүйгээс үүдэж гарсан хилийн будлиан мөргөлдөөн байсан. Бид түрэмгийлэл хийгээгүй учраас төлбөр төлөхгүй” гэсэн. Энэ мэт маргасаар 1970-аад онтой золгосон.

"Дайны төлбөрийн асуудлыг шийдсэний ард харилцаа тогтооно гэвэл эцэс төгсгөлгүй зүйл болох нь ээ. Ямартай ч харилцаагаа тогтооё. Түүний дараагаас асуудлаа шийдье" гэсэн тохиролцоонд хоёр тал санал нэгдсэн. Улмаар 1972 оны хоёрдугаар 24-нд Японтой дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш таван жил хэлэлцээ хийсний дараа дайны төлбөрөө эдийн засгийн хамтын ажиллагааны журмаар шийдье гэж тохирсон. Тэгээд буцалтгүй хөрөнгөөр эдийн засгийн хамтын ажиллагаа явуулъя гэсний дагуу 5 тэрбум иений хөрөнгөөр өнөөгийн “Говь” комбинат байгуулагдсан юм шүү дээ. Дайны төлбөрийн асуудлаа “Говь” комбинатаар эцэслэсэн. Харилцаа хөгжихөд саад болсон асуудал бүрэн шийдэгдсэн. Гэсэн ч харилцаа дорвитой үргэлжлэхгүй явсаар 1990 онтой золгосон. 

Та нэг ярилцлагадаа хоёр орны харилцааны эхний үеүд ихээхэн бэрхшээлтэй байсан гэж ярьсан?
Ер нь 45 жилийг тоймолбол Монгол Японы харилцаа хоёр том хэсгээс бүрдэнэ. Эхний 20 жил нь хоёр улс нийгмийн байгуулал, үзэл суртлаар тэс ондоо, нөгөө талаас хүйтэн дайн, өрнө дорнын сөргөлдөөнтэй үе учраас харилцаа хөгжих боломж хязгаарлагдмал байсан. Гэхдээ тийм айхтар хэцүү цаг үе байсан гэхэд харилцааны дараа дараагийн хөгжих суурь тавигдсан. 1990 оны ардчилсан хөдөлгөөн өрнөөд эхлэхээр хоёр улсын эрх ашиг, сонирхол нэгдэж, харилцаа үсрэнгүй хөгжсөн. Эхний үед “Иж бүрэн түншлэл” гэсэн зарчмаар явж, салбар болгонд харилцаа эрчимтэй бэхжив. Дараа нь 2010 оноос “Стратеги түншлэл” хэмээх дараагийн шинэ шатанд хөгжүүлье гэх тохиролцоонд хүрсэн. Тэрийг зохион байгуулах үүрэг ногдож намайг хоёр дахиа Элчин сайдаар томилсон.

Японд анх хөл тавихад юу нь таны сэтгэлийг хамгийн ихээр татсан бэ?
1975 онд анх Японд хөл тавихдаа би тус улсын талаар нэлээн судалчихсан, мэргэжлийн түвшинд ойлгодог болчихсон байв. Оюутан байхдаа анх дипломын өмнөх дадлага хийж долоон сар ЭСЯ-нд ажилласан юм. Япон Монголын харилцаанд 42 жил ажилласан гэдэг нь тийм учиртай. Япон их гайхалтай мэдрэмж төрүүлсэн. Токиогийн гудамжаар явж байхад өдөр болгон л баяр болоод байна уу гэлтэй уур амьсгал угтана. Манайд тэр үед баяр болохоор л байшин барилгаа шохойдож, туг дарцгаа мандуулдаг байв. Гэтэл Японд өдөр бүр баяр болж байгаа юм шиг санагдана. Хоёрдугаарт япончуудын биеэ авч яваа байдал, нүдний харцнаас дайны дараа уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэсний дүнд өнөөдрийн аз жаргалдаа хүрч чадсан гэх цог золбоог олж харсан. Энэ л надад их сэтгэгдэл төрүүлсэн дээ.

Япончуудаас харсан тэр нүдний цог золбоогоос өөрсдийгөө жишсэн үү?
Улсаа харьцуулна, социалист системээ зэрэгцүүлж бодно, сургуульд заалгасан үзэл, хичээл номуудаа жишнэ. Уншсан ном, үзсэн хичээл бодил байдалд айхтар зөрчилдөнө. Ингээд эхлэхээр хүний сэтгэл хоёрдмол болчихно. Бидний заалгаад байсан зүйл яагаад ийм өөр байдаг, зарим нь яагаад худлаа байдаг билээ гэж бодно. Япон төгс нийгэм биш учраас алдаатай тал бий. Зарим нь ортой ч зарим тал дээр бидний зааснаас эрс тэс байх жишээтэй. Тэнд Монгол улсдаа авчихмаар, нэвтрүүлчихмээр зүйл яасан олон юм гэх бодлууд шууд толгойд зурсхийнэ. Цаг үеэс шалтгаалан энэ мэт өөрт төрсөн бодлоо илэрхийлээд байх хэцүү. Яах аргагүй бодогдож, санагдаад байгаа бүхнээ дотроо хадгалах амаргүй. Хэсэгтээ л сэтгэл хоёрдмол болчихсон.

Монгол, Японы дипломат харилцааны ололтыг би олон жилийн өмнө дайсагналцдаг байсан хоёр тал өнөөдөр бие биенээ өстөн мэт үзэхээ байсантай холбон бодож байна. Энэ хэний гавьяа байв?
Хоёр улсын харилцаанд гарсан өөрчлөлт, ололт бол Монгол Японы үе үеийнхний улс төрч, дипломатч, эдийн засаг, соёл урлаг, олон нийтийнхэн зэрэг бүх түвшний хүмүүсийн харилцан хамтын ажиллагаа, чармайлтын үр дүн юм. Энэ аясаараа болчихдог юм биш. Эсвэл аль нэг тал нь хичээгээд бүтчихгүй. Хэдэн хүн автор нь болоод хэрэгжүүлчихдэг ажил биш. Японд “Алгыг өрөөсөн гараараа ташдаггүй” гэсэн зүйр үг бий. Япончуудын хувьд Монголын талаарх эерэг хандлагаас гадна Монголыг илүү сонирхож, дэмждэг болсон, туслах дэмжих хөдөлгөөн ард түмэн, төр засгийн хэмжээнд өрнөсөн нь дараагийн ололт юм.

Таны гэрт Японы хатан хаан зочилж байсан гэсэн үү?
Манайд хааны хатан, ханхүү зочилж байсан.

Энэ нь Монгол Японы харилцааг онцгойлон үзэж байгаагийн илрэл мөн үү?
Мөн. Найрсаг харилцаатай байгаагүй бол, тэр харилцааны сайхан уур амьсгал дээр Элчин сайд нь ажил хэргийн харилцаа тогтоож чадаагүй бол хатан хаан ирэхгүй, ханхүү хоёр удаа зочлохгүй, хунтайж Монголд айлчлахгүй байсан. Тэд биднийг хүндэлдэг, талархдаг, дэмжлэг үзүүлдэг, найрсаг ханддаг. Энэ нь хоёр орны харилцаа сайн байгаагийнх.

Хатан хаан бусад Элчин сайдын яаманд онцгойлон зочлохгүй байх тохиолдол байдаг уу?
Байлгүй яахав. Элчин сайд болгоноор зочлоод байдаггүй л улс. Жишээ нь хатан хаан гадаадын Элчин сайдын яаманд очсон дөрөв дэх тохиолдол манайх юм билээ. Ер нь хаан, хатан Элчин сайд нарынхаар яваад байдаггүй. Манайд хаалттайгаар ирсэн. Өөрөөр хэлбэл гадагшаа зарлахгүй, мэдээлэхгүй гэсэн болзолтойгоор зочилж байлаа.

Ямар шалтгаанаар Монголын Элчин сайдын яаманд очсон юм бэ?
Хаан, хатан хоёрын дөрвөн орны Элчин сайдыг урьсан зоогт гэргий бид хоёр очсон юм. Хаан, хатан хоёр баруун гар талдаа биднийг суулгасан. Өөрөөр хэлбэл ирсэн зочдоосоо хамгийн их хүндэтгэлийг үзүүлэв. Зэрэгцээд суусан учраас зөндөө юм ярих бололцоо гарна биз дээ. Тэр завшааныг ашиглан морин хуурынхаа талаар яриа өрнүүллээ. "2000 гаруй жилийн түүхтэй ийм сайхан хөгжмийн зэмсэг байдаг. Харахад хоёрхон чавхдастай мөртлөө 360 ширхэг хялгаснаас бүрдсэн, хэрхэн тоглохоос шалтгаалж янз бүрийн авиа, аялгуу гардаг. Энэ хөгжмөөр тоглож болохгүй авиа гэж байдаггүй, зөвхөн тоглогчийн ур чадвараас юуг ч тоглож болно" гэв.

Энэ мэт танилцуулаад ханхүүгийн өргөөнд морин хуурын чуулга тоглуулсныг, Хунтайж Монгол айлчлахдаа морин хуурын чуулгатай хамтран хийлээр тоглосныг ярьсан. "Хэрэв та хүсвэл манай Элчин сайдын яаманд зочилж морин хуурын тоглолтыг үзэж болно" гэж хэллээ.

Хатан хаан “Надад сонирхол байгаа ч бидний ёс дэг хатуу. Манай ордныхонтой ярьж зөвшөөрүүлж чадвал би очиж болох юм” гэсэн хариултыг өгсөн. Ордноос “Нууцлаг аюулгүй байдлыг хадгалж чадвал “Music workshop” хийж болох юм. Хатан хаан танай морин хуурын тоглолтыг үзэж, сонсохын сацуу өөрөө төгөлдөр хуурдаж болно” гэв. 2016 оны зургаадугаар сарын 1-нд хатан хаан Монголын Элчин сайдын яаманд айлчиллаа. Эхний ээлжид хатан хаанд Монголын язгуур урлагийн "Домог" хамтлаг, МУГЖ Д.Сосорбарам, С.Энхгэрэл нар тоглолт хийж дараа нь хатан хааны төгөлдөр хуурын аязыг сонсов. Харин гурав дахь хэсэгт хатан хаан, морин хуурч Шинэцогтой хамтарсан тоглолт хийлээ. Өөрөөр хэлбэл төгөлдөр хуур, морин хуурын хоршил тоглосон. Ёстой л хүнд яримаар, бахархмаар өдөр байв. Даанч ордны дэг жаягт баригдан хэлээ хазаад өнгөрсөн. Хаан бол хаашаа ч зочилдоггүй юм билээ. Харин хатан 20-ид жилийн өмнө АНУ-ын Элчин сайдын яаманд, биднээс өмнө Германы Элчин сайдын яаманд очсон байсан.

Ханхүү Догшин хутагт Данзанравжааг судалдаг төдийгүй өөрийн хүсэлтээрээ Хамрын хийдэд очсон байх аа?
Ийм явдал болсон юм. Намайг анх Японд Элчин сайдаар очиход хааны ордноос Элчин сайд нарын зугаалга зохион байгуулав. Тэнд юу болдог вэ гэхээр зочид нугасны ан хийнэ. Өөрөөр хэлбэл цөөрөмд зэрлэг нугаснууд ирж буумагц барьж аваад бөгжлөөд нисгэдэг зан үйл л дээ. Тэр үеэр ханхүүтэй нэлээн ярилцаж Элчин сайдын яаманд урихад дуртайяа зөвшөөрөв. Ханхүү бурхан шашны соёлын талаар их судалдаг, мэдлэг арвинтай төдийгүй Говийн догшин хутагт Данзанравжааг сонирхдогийг мэдэж авав. Тэрбээр “Улааны шашны төлөөлөгч Равжаа хутагт танайд амьдарч байжээ. Энэ талаар дэлгэрэнгүй судалмаар байна” гэв. Би англи дээр унших боломжтой бүх материалыг цуглуулж, Сосорбарамын тоглосон “Догшин хутагтын сахиус” киног үзүүллээ. Түүний сонирхол Монголд улам татагдсан бөгөөд хутагтын амьдарч байсан газар, Хамрын хийдтэй танилцахаар 2002 оны зургаан сард Монголд айлчилсан билээ.

Хамрын хийдэд ханхүүд гэнэтийн бэлэг барьсан гэсэн. Тэр нь юу байсан юм бэ? 
Тэнд Хутагтын бясалгал хийсэн агуй байдаг даа. Сосорбарам бид хоёр ярилцаж байгаад Ханхүүд гэнэтийн бэлэг барьсан. Со-д Данзанравжаагийн хувцсыг өмсүүлээд түрүүлж аваачаад агуйд суулгачихсан юм. Тэгээд би агуй руу ханхүүг дагуулж очих агшинд Со “Үлэмжийн чанар”-аа дуулсан. Ханхүү бүр балмагдсан. Өмнө нь кино үзчихсэн. Киноноос хоногшсон Данзанравжаагийн дүр нүдний өмнө биеллээ олсон нь үнэхээр гэнэтийн бэлэг болов. Баярласандаа дуу алдаж, Со-гийн гараас барьж талархснаа илэрхийлсэн. Ханхүү тэр бүр хүнтэй гар барьдаггүй юм.  

Ханхүүгийн ах Монгол айлчлахдаа морин хуурын чуулгатай хөгжимдөж байсныг сонсож байсан?
Тийм ээ. Хунтайж 2006 онд Монгол айлчлав. Тэрбээр хийл их сайхан тоглоно. “Танд зориулж морин хуурын чуулга хүндэтгэлийн тоглолт хийнэ. Та хамтран хийл тоглож үзэхгүй юм уу” гээд хунтайжаас асуугаад авлаа. “Би олны өмнө тоглож үзээгүй ээ. Оксфордод сурч байхдаа сургуулийн үдэшлэг дээр л тоглож байсан. Ордныхон зөвшөөрвөл болох юм” гэв. Ордныхон ч зөвшөөрч тэрбээр Дуурийн театрт өөрийнх нь айлчлалд зориулсан хүндэтгэлийн концертын төгсгөлд морин хуурын чуулгатай хоёр ая тоглосон. Энэ их сайхан дурсамж. Учир нь хунтайж 2019 оны тавдугаар сарын 1-нд Хаан ширээнд сууна. Дэлхий дахинд эзэн хаан маш цөөхөн. Гэтэл эзэн хааныг өөрийнхөө театрт морин хуурын чуулгатай хийл тоглуулсан гэхээр сонин учрал, тохироо бүрдсэн байгаа биз дээ. Хунтайж маш өндөр сэтгэгдэлтэй нутаг буцсан. Тэрбээр дахин айлчлах орны тоонд Монгол байгаа шүү гэж хэлсэн. “Та хаан ширээнд заларсныхаа дараа Хааны хувьд очоорой” гэж хүссэн. Ирэх байх шүү.

Японы Ерөнхий сайд Абэтэй таныг их дотно нөхөрлөсөн гэх юм билээ. Ерөнхийлөгчийг гэртээ халуун дотноор хүлээн авсан нь түүхэндээ анхны тохиолдол гэж үнэн үү?
2014 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гэртээ урьж уулзсан юм. Гэр орондоо гадны, өндөр хэмжээний зочин хүлээн авсан нь анхны тохиолдол. Энэ нь Абэгийн Монгол Улсын талаарх сэтгэгдэл, итгэл найдвал ямар түвшинд байгааг, Монгол Улсад ямар ач холбогдол өгч буйн том илэрхийлэл юм. Ерөнхий сайд нарт Ерөнхий сайдын ордон бий. Тэнд ажлын хэсгийн ордон, өөрсдийн амьдардаг өргөө байрлана. Абэ тэр өргөөндөө амьдардаггүй харин хот дотор өөрийнхөө гэрт байдаг. Сайдын гэр манай Элчин сайдын яамнаас 500-хан метрт байрладаг.

Японы сумогийн дэвжээг Монголчууд эзэгнэхэд таны оролцоо их байсан талаар уншсан. Монгол бөхчүүд мэргэжлийн сумод амжилт гаргаад эхлэхэд Япончуудын хандлага ямар байсан бол?
Япончуудад Монголчууд шиг өөрийнхөө үндэсний спортыг гадаадынхнаас харамлах, өмчирхөх сэтгэл байдаггүй. Гадаадын бөхчүүд тэр дундаа монголчууд мэргэжлийн сумод ирснээр илүү сонирхолтой болгож, эрчимтэй хөгжүүлэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Тэр байтугай олон улсын сонирхогчдын сумогийн хөгжилд сайнаар нөлөөлсөн. Монголчууд сумогийн хөгжилд эерэгээр нөлөөлж буй утгаар тэд бидэнд талархдаг. Мэдээж дэвжээг нь байнга эзэгнэхээр Япон хүн гараасай гэх сэтгэгдэл төрж л таарна. Хэн уран барилдаж байна түүнд л талархдаг ард түмэн.

Хэчнээн удаа түрүү бөхийн цомыг гардуулав. Тоогоо алдсан уу?
Тоогоо алдсан. Манай цомыг 1997 оны гуравдугаар сараас өгч эхэлсэн. Энэ нь нэг талаараа сайн сурталчилгаа болдог юм. Энэ үед япончууд Монголыг сонирхдог ч хүн бүр мэддэггүй байв. Харин Монголд гарсан ардчилсан хувьсгал, сумогийн амжилтын ачаар Япончууд Монголын талаар сайн ойлголттой болсон.

Уран бүтээлээрээ үе зайгүй нөхөрлөсөн “Шадар гурав” гэгдэх Сосорбарам, Цогтбаяр, Цацралт гуравтай найз. Таныг “Шадар гурав”-ын дарга гэх юм билээ?
Сосорбарам бид хоёр нэг нутгийнх. “Дорнын цагаан сар” хэмээн дуулаад гарч ирэх үеэс нь мэддэг болсон. Дараа нь ардчилсан хөдөлгөөнд оролцож байхад нь харж байсан. Бид сүүлд танилцсан. Хамгийн сайн танилцаж, нөхөрлөсөн нь ханхүүгийн айлчлал байлаа. Үзэл бодол, сонирхол, бүх зүйлээрээ татагдаж бид үй зайгүй найзууд болсон. Гэхдээ насны ялгаатай болоод ч тэр үү Со намайг ах гэдэг. Би ч тэрэнд нь дасаад дүү гэнэ. Ах дүүгийн сайхан харилцаатай. Уран бүтээлийн сайхан яриа өрнүүлдэг, түүнийгээ зүгээр яриад өнгөрөөчихдөггүй, олон зүйлийг хамтран хэрэгжүүлсэн дээ. Японд байхад Со-гийн утасдахгүй өдөр гэж байгаагүй. Энд ирэхээр уулзахгүй өдөр гэж үгүй. Со гэрэл зурагчин Цацралт, шог зураач Цогтбаяртай сайхан найзууд. Тэгэхээр бид ч бас холбогдон нөхөрлөсөн. Тэд зүгээр нэг хэлхэлддэггүй. Бие биенээ уран бүтээлээр цэнэглэж, тордож, биеллээ олоход нь хамтран зүтгэдэг. Тэд намайг насны зөрүүтэй болохоор хошигнож "Шадар гурав"-ын хөгшин найз Де Тревиль гэж нэрлэдэг юм.

Таныг Хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байхад “Шадар гурав” оччихоод асгартал уйлуулсан гэсэн. Чухам юу болсон юм бэ?
Би тэнд очоод жилийн дараа тэр гурвыг урьсан юм. Солонгосын талтай тохирч, Со-гийн концертыг тоглуулж, нөгөө хоёрынхоо үзэсгэлэнг дэлгэхээр боллоо. Тэгээд манай гурав ирэв. Гэтэл Со-гийн концерт, Цогтбаярын үзэсгэлэнг солонгосуудад дэлгэхгүй гэсэн хариултыг Солонгосын тал өглөө. Харин зөвхөн дээд корпус буюу Элчин сайд нарын клубт үзүүлэхийг зөвшөөрч тэнд тоглолтоо хийн, үзэсгэлэнгээ гаргасан.  Гагц Цацралтын байгалийн сэдэвт үзэсгэлэнгээ нээх эрхийг өгсөн. Хаалттай нийгэм гэхэд манайхан Элчин сайдын яамны далбаан дор олон газраар явсан. Хоёр долоо хоногийг тэдэнтэйгээ сайхан өнгөрүүлсэн. Найзуудаа нутаг буцахад нь уйтай байв. Сэтгэл жаахан хоосорч, доноголзсон. Үдэж өгөх үед тэд жагсаж байгаад Шадар гурван цэргийн ёсолгоогоор ёсолсон. Сэтгэл хөнгөн гунигтай болоод ч тэр үү асгартал уйлсан. Одоо хүртэл ярихад хоолой зангирч байна.

Хаалттай нийгэмд ажиллахад хэцүү байсан байх даа. Магад эх орноо санагалзсан сэтгэл илүү их байсан болов уу?
Хаалттай нийгэмд явж болох, болохгүй газар гэж байна. Кино театр очъё гэхэд Гадаад яамнаас нь заавал зөвшөөрөл авна. Метронд суухад хүртэл зөвшөөрөл хүснэ. Чөлөөтэй ч хотоос гаргахгүй. Заавал хянах хүн хамт явна. Гэхдээ солонгосчууд айхтар ажилсаг. Их авьяастай, хөдөлмөрч улсууд. Тэр дунд сайхан хүмүүс байлгүй яахав. Мэдээж нутгаа санах, найзуудаа санах дурсамжит олон зүйл надад байсан байх.

төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлнэ

Япончуудаас бид юуг суралцаасай гэж боддог вэ?
Гүнзгийрүүлж судалмаар, суралцмаар олон сайхан зүйл тэнд байна. Тэдний хөдөлмөрч, хүнлэг зан чанар, хүнийг хүн ёсоор үздэг байдал, хүнтэй харилцах соёл агуу. Их ёс зүйтэй нийгэм. Монголын нийгэмд энэ бүхэн аль аль нь дутагдалтай, түвшин ахиулмаар санагддаг. Үнэнийг хэлэхэд нийгмийн сэтгэлгээ хоцрогдонгуй байна. Энэ нь нийгмийн бүхий л хүрээнд сэтгэлгээний хоцрогдол байгаатай холбоотой. Бид өөрсдийнхөө төлөө өөрсдийн гэсэн толгойтой байх хэрэгтэй. Цоо шинэ техник, технологи нэвтрүүлэх бол хөгжил биш. Сэтгэлгээндээ өөрчлөлт хийж гэмээнэ хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлнэ. Энэ мэт явсаар байвал бид зовлонгоосоо ангижирч чадахгүй. 

Сэтгэлгээний хоцрогдонгуй байдал юунаас улбаатай юм бэ? 
Бид нүүдэлчнийхээ сэтгэлгээнээс гараагүйтэй холбоотой. Нийгэмшиж, суурин соёлд дасаж чадаагүй. Бидэнд үзэл суртал, ёсзүй, дүрэм журам хэрэгтэй. Эв зүйг сахих, хамтаар бүхнийг хийх сэтгэлгээ бидний уламжлалд байхгүй. Одоо бүрдэх гээд л ядаж байна. Бид хөгжил, хоцрогдол хоёрын яг зааг дээр байна.

Хэзээ дараагийнхаа түвшинд очих бол?
Монголчуудын дотор том задрал явагдаж байна. Хот, хөдөөнийхөн, гадаадад боловсрол эзэмшсэн, эзэмшээгүй гээд дотроо маш олон Монголд хуваагджээ. Үнэнийг хэлэхэд Монгол хүн бол энэ гэж төлөвшсөн дүр өнөөдөр алга. Тэр нь өнөөх хоцрогдлоосоо гарах задралд орсны илрэл юм.

Задрал явагдаж байгаа нь сайн зүйл үү?
Мэдээж сайн зүйл. Сайн задарч байж бид эргэж нэгдэнэ, төлөвшинө. Төлөвшиж байж Монголын гэх төлөвшил, хэв шинж бий болно шүү дээ.

Гадныханд бид хэн бэ?
Сахилга муутай, зохион байгуулалт байхгүй, хуулийн орчноо сайн бий болгож чадаагүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засагтаа нөлөөлсөн, хамтран ажиллах ажил хэрэгч байдал төлөвшөөгүй, замбараагүй, сахилгагүй нөхөд гэсэн имижийг харамсалтай нь бид гадныханд өгөөд байна. Энэ бол бидний л байгаа царай. Сүүдэр их бий. Гэхдээ Монгол ч, Япон ч тэр аль алинд нь гэрэлтэй бас сүүдэртэй тал байгаа. 

Ярилцсанд баярлалаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.