Гэр бүлийн харилцаа бол улс орны оршин тогтнох үндэс, хөгжлийн суурь гэдэгтэй хэн ч маргахгүй. Бид гэр бүлийг жижиг нэгж хэмээн үзэж мартсан үе байсан бол одоо гэр бүлийн төлөвшил, эцэг эх, хүүхдийн харилцааны асуудлыг чухалчилж байна.
Иймээс хүүхдийн үг, үг хэллэг, эцэг эх хүүхэдтэйгээ харилцахдаа гаргадаг “алдаатай” үг хэллэгийн тухай Гэр бүл судлаач, доктор профессор Т.Намжилтай ярилцлаа.
- Ярилцлагаа “үг”-ийн хүчнээс эхлүүлье. Үг хүнийг амьдруулж, үхүүлж ч чадна гэдэг. Эцэг, эхчүүдийн хэлсэн нэг үг хүүхдэд хэрхэн тусдаг юм бол?
Хүн хоорондоо бие, хэл, сэтгэлзүйн хүрээнд харилцдаг. Сэтгэлзүйн харилцааны хэрэгсэл нь ҮГ юм. Хүний амнаас гарч байгаа үг сургамжтай, танин мэдүүлсэн, зөвлөсөн агуулгатай байх ёстой бөгөөд бид энэ төрлийн үгийг хэрэглэж байх юм бол хүний харилцаа тайван, амгалан байх болно. Насанд хүрэгчид босго алхав уу үгүй болох, болохгүй үгийг мэндийн зөрөөгүй унагадаг. Тэр тусмаа гэр бүлийн хүмүүс, ханьдаа бодлогогүй үгийг хэрхэвч хэлж болохгүй. Үгийн хүчээр нэг нэгнийхээ сэтгэл зүрхийг хэрхэн сийчиж байгаагаа ойлгодоггүй.
Би Улаанбаатар хотын хэмжээнд нас хүйс харгалзахгүй үгийн тухай судалгааг хоёр удаа хийсэн. Судалгааны үр дүнд эцэг эхээс хүүхэд рүү, эхнэр нөхөр хоорондоо “заналхийлж, доромжилсон” утгатай үгийг маш их хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Тухайлбал эцэг эхчүүдийн зүгээс хүүхэд рүү ална шүү, мөчийг чинь хуга цохино шүү гэж заналхийлдэг. Энэ бол хүүхдийн хүчирхийлэлд шууд орно. Мөн “муу хүүрээ”, “эргүү мал”, “гуйлгачин”, “муу мэдрэл” зэрэг үгийг эцэг, эхчүүд хүүхдэдээ хэлдэг. Энэ мэтчилэн заналхийлж, доромжилсон агуулгатай үг нь хүний сэтгэл зүйд шар ус хуруулж, тайван бус байдлыг үүсгэж байна. Хүний сэтгэлд нэг муухай үг хэлж зовлон нэмчихээр дараа нь хэчнээн гоё, сайхан үг хэлээд өмнө нь хэлсэн муу үг засагдахгүй.
- Доромжилсон, заналхийлсэн үгийг байнга хүүхдэдээ хэлэх нь ямар үр дагавартай вэ?
Доромжилсон үгийг хүн байнга сонсвол сэтгэлзүй нь уруудаж, гунддаг. Хүүхдийг аливаа үйлийг шийдвэрлэх зорилгогүй, амьдралын уран зориггүй болгож, эцэст нь үхэл рүү түлхдэг. Мөн хүүхдийн сэтгэлд тэр чигээрээ алга болох юмсан, үхмээр санагддаг, эсвэл ямар ч хамаагүй өөр л зүйл хийх юмсан гэдэг бодлуул хөвөр, түүнийгээ биелүүлэхийг оролддог. Нийгэмд хүүхэд элдэв мансууруулах зүйлд донтох, амиа золиослох хэрэг гарч байгаагийн нэг хүчин зүйл нь үг юм. Би өмнөх ярилцлагадаа хэлсэн “Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ойлголцож, аливаа асуудлыг нь шийдвэрлэхэд хамтрах ёстой” гэж. Тиймээс эцэг, эхчүүд эхлээд хэлэх үгээ бод, дараа нь зөв үг хэл. Үнэхээр хүүхдээ загнамаар, зэмлэмээр байвал сургамжтай, зөвлөсөн үгээр зэмлэ. Тэгэхгүй, “Хөөш чи муу П минь” гээд л эхлэх юм бол хүүхдийнхээ сэтгэл зүрхийг зүсэж байна л гэсэн үг.
Ахмадууд одоогийн хүүхдүүд үг сонсохоо больж гэж ярьдаг. Гэтэл хүүхдүүд нь өвөө, эмээ “үглээ” гэж үгийг нь сонсохоос зайлсхийдэг. Энэ харилцаанд ямар алдаа байгаа учраас хоорондоо ойлголцохгүй байна?
Эх эцэг, ахмадуудаас хүүхэд рүү хандаж хэлж байгаа үг нь хүүхдэд ач холбогдолгүй болсон учраас хүүхэд ахмадын үгийг үл тоодог. Хүүхэд чинь аливаа зүйлд бие даан шийдвэр гаргах чадамжтай болсон байхад нь үглээд, хажуугаас нь зөв ч бай, буруу ч бай өөрийнхөөрөө зөрөөд зааварлаад байхаар хүүхэд үгнээс нь зөрнө шүү дээ. Эргээд хүүхдүүд нь өвөө эмээдээ “Таны үе өнгөрсөн” гэж хэлж байна. Нэг талаасаа энэ зөв. Учир нь тухайн эмээ өвөө хүүхдийн өсч хүмүүжиж байгаа нийгмээс хоцрогдож байгаагийн шинж байхгүй юу. Үүнийгээ ойлгохгүй байж би чамайг битгий хэл чамаас цаадахыг нь хүмүүжүүлсэн гэж маргадаг. Ингээд эмээ, өвөө хүүхдийн хооронд ахиж нийлүүлэх боломжгүй ан цав үүснэ. Хүүхэд эмээ, өвөөгийн үг надад хэрэггүй гэж л бодох юм бол дахиж ярихыг ч хүсэхгүй, хэлж байгаа үгийг нь үл тоосон шинжтэй болно.
Харин эцэг, эхчүүдээс хүүхдэдээ хэлж байгаа хамгийн хүнд, сэтгэл зүрхэнд нөлөөлдөг үг бол ЧИ МАНАЙ ГЭРТ ГАЙ АВЧИРЛАА гэдэг өгүүлбэр. Эцэг, эхчүүд уурласан, бухимдсан үедээ хүүхдээ элдвээр хараадаг ч энэ үгийг хэлж болохгүй. Олон дахин ийм үг сонссон хүүхэд “Нээрээ би ээж, аавд хэрэггүй юм байна. Намайг байхгүй бол ээж аав минь сайхан амьдарна” гэж бодож буруу алхам хийхэд хүрдэг. Мөн ирээдүйгүй эргүү мал, тэнэг мангар, чи энэ байдлаараа сайнаа үзэхгүй гэх мэт үгийг хүүхдэд хэлж болохгүй.
- Бид өмнө нь энэ тухай боддоггүй байжээ?
Одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл гээд л яриад байна. Хүчирхийллийн гол үндэс нь ҮГЭН ХҮЧИРХИЙЛЭЛ байдаг юм. Хүүдийн эсрэг хүчирхийллийг бие мах бодь, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн гээд ангилаад байгаа ч Үгэн хүчирхийллийг мартсан. Заналхийлсэн доромжилсон үг бол шууд хүүхдийн хүчирхийлэлд орно. Тиймээс төр, хүүхдийн байгууллагын түвшинд Үгээр хүчирхийлж байгаа байдалтай тэмцэхийг уриалж байгаа юм. Заналхийлсэн, доромжилсон үгийг үр хүүхдэдээ хэлж байгаа бол тэр хүн хүчирхийлэгч гэж ойлгож байх хэрэгтэй байна. Санаагаар болдог бол үгийн тухай миний судалгааг үндэслээд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй л байгаа юм.
- Бид яавал зөв үгийг хэрэглэж, хүүхэдтэйгээ зөв харилцаж сурах юм бол?
Дэлхий нийтийн харилцааны хамгийн сайхан зүйл нь инээмсэглэл байдаг. Та ажилдаа дарагдаад ядарсан байсан ч гэртээ орох гэж байгаа л бол инээмсэглэж байх ёстой. Одоо хотын удирдлагууд Аз жаргалтай Улаанбаатар гэсэн лоозонг дэвшүүлээд байна даа. Аз жаргалтай байхын тулд сэтгэлдээ хоргүй, инээмсэглэж харьцах явдал юм. Та нар мэднэ шүү дээ. 2008 оны Бээжингийн олимп болохоос өмнө Хятадын удирдлагууд хүмүүсээ инээж сурахыг зөвлөж, шаардаж, сургаж байсан. Манайхан маш уур уцаартай, би л аман доороо хагархайтай гэсэн шиг элдэв муу үгийг хүн рүү бухал бухлаар нь шидэлцдэг. Түүнийхээ оронд бие, биетэйгээ инээмсэглэж харилцаж байх хэрэгтэй байгаа юм.
- Хүн төрөл бүрийн аргаар бухимдлаа тайлдаг. Түүний адилаар хүүхдүүд ч гэсэн сэтгэлд байгаа бухимдлаа тайлах аргатай байх. Хүүхдүүд ямар аргаар бухимдлаа тайлж байна?
Сэтгэлд байгаа бухимдал гэдэг бол аав ээж, ах эгчдээ гомдсон гомдол юм. Кинон дээр гардаг даа. Эзгүй хээр тал, гол, ууланд очиж байгаад “сэтгэлээ онгойтол хашхирах юмсан” гэж. Одоо хүүхдүүд яг ийм болж байна. Гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй хатуу үгийн улмаас хүүхэд гомдож, тэр гомдлоо гаргаж ядахдаа эзгүй талд очиж хашхирдаг гэж байгаа. Мөн мансууруулах бодист донтох, гэрээсээ дайжих нь сэтгэл дэх “үг”-ийн хорийг гаргаж чадаагүйтэй л холбоотой.
- Эхнэр нөхөр хоорондоо маргалдахдаа мөн л элдэв үгийг хэлдэг. Гэр бүлийн салалтад нөлөөлж байгаа нэг хүчин зүйл нь үг юм болов уу?
Тэгэлгүй яахав. Нөхөр халамцуу орж ирэхдээ ам дүүрэн хараалын үг цувуулдаг. Үгэнд нь гомдсон эхнэр хувцсаа аваад хаяад явдаг. Маргааш нь дахиж ингэхгүй гэж амлаад ч эхнэр нь эргэж харихгүй. Учир нь тэр үгэн доромжлол нэг бус нилээн олон давтагдаж, сэтгэлзүйн хувьд тэсэх чадваргүй болсноор гэрээсээ явж байгаа юм. Гэр бүлийн хоёрын хоорондоо шидэлцдэг хорон үгээс нэрлэвэл,
Нөхрөөс эхнэрт: “Чамайг сонгосон нь миний алдаа байж”, “Чи юу ч мэдэхгүй байж амаа тат”, “Нүүрээ будсан будаагүй адилхан байж”, “Гуйгаагүй байхад өөрөө ирсэн биз дээ”, “Чи надад юу хийж өгсөн юм”, “Яахаараа ээжийгээ дуурайсан ийм тэнэг байдаг байна” гэх мэт үгийг хэлдэг.
Эхнэрээс нөхөрт: “Ганц удаа зөв юм хийгээч”, “Танайхан яахаараа ийм арчаагүй байдаг байна”, “Хүүхдийнхээ юу ярьж байгааг мэдэх үү”, “Чи хэзээ сайн юм хийдэг байсан юм, дандаа л бүтэлгүйтэж байдаг биз дээ” гэх мэт үгийг хэлж байна. Энэ мэт үгийг бие бие рүү шидэлцэхэд гэр бүл үргэлж хэрүүл маргаантай байж, бие биенээсээ хөндийрч эхэлдэг. Тэсвэр барагдах үед хаалга саваад л гардаг даа. Тиймээс би дахин, дахин хэлье. Гэр бүлийн хамгийн чухал зүйл бол харилцаа юм шүү. Зөв харилцаж, зөв үгийг бие биедээ хэлж байвал тэр гэр бүл удаан оршин тогтох болно.
- Ярилцсанд баярлалаа.