Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
Б.ГАЛИНДИВ: СОНГОДОГ УРЛАГААС ХҮҮХЭД ӨРӨВДӨХ, ХАЙРЛАХ СЭТГЭЛИЙГ ОЛДОГ

Философийн ухааны доктор Б.Галиндивтай хүүхдийн хүмүүжилд сонгодог урлаг хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлаа.

-Хүүхэд залуусын төлөвшилд сонгодог урлаг хэрхэн нөлөөлдөг вэ?

-1990-ээд оноос хойш манай улс нийгмийн өөрчлөлтөд орсон. Энэ өөрчлөлтийг дагаад хүүхэд залуус нийтийн урлагийг сонирхож эхэлсэн. Нийтийн урлагт голчлон аллага, мөнгө угаах үйл явц, чөтгөр шулам, хойд нас, гэмт хэрэг, секс, технологи гэх мэт зүйлийг үзүүлдэг. Хүний байгалиас заяасан нэг онцлог бол амьдралдаа үзээгүй, гаж, этгээд дүр дүрслэл, юмс үзэгдлийг үзэх, унших сонирхолтой байдаг.

Түүнийг нь дагаад сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм төрлийн кино нэвтрүүлгүүд гарч байна. Тухайлбал, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг аваад үзье. Энэ нэвтрүүлэг урлагийн бүтээл үү, эсвэл уран сайхны гайхамшигт бүтээл үү. Үүгээрээ хүний амьдралд тулгамдсан ямар нэг асуудлыг хөндөж гаргаж ирж чадаж байна уу. Үгүй. Энэ нэвтрүүлэг нь зүгээр л хэн нэгнийг дуурайж байгаа зүйл. Залуусын цагийг долоо хоног бүр хоёроос доошгүй цагаар үрж байна. Энэ мэтчилэн арилжааны телевизүүд хөнгөн чанараар, хүмүүсийн сэтгэлд хүртэл үйлчилж, олон түмний сонирхол татах үзүүлбэрүүдээр хүүхэд залуусыг сатааруулж байна. Хүүхэд залуус ийм нэвтрүүлэг, кино, урлагийн үзүүлбэрүүд үзсэнээрээ өөрийнхөө амьдралд шийдвэрлэх гол асуудлуудаасаа хөндийрч, түүнд анхаарлаа төвлөрүүлэхээ больдог. Тухайлбал, хүүхэд залууст хэрхэн эрүүл байх вэ, би яаж сайн боловсрол эзэмших вэ, цаашлаад би яаж Монгол Улсын сайн иргэн байх вэ гээд анхаарах чухал асуудлууд бий. Гэтэл ийм чухал зүйлдээ анхаарах сөхөө олгохгүй байна. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрсөн, сонгодог урлаг, уран зохиолын бүтээлүүдийг хүүхэд залуус уншдаг, сонирхдог, хорхойсдог болгох ёстой.

-Сонгодог урлаг нийтийн урлагаас юугаар онцлог юм бэ?

-Хэд хэдэн онцлогтой. Сонгодог урлагт суут зохиолчдын уран санаа, бүтээлч сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Бид амьдарч байгаа нийгмээ, өөрийнхөө амьдралаа яаж төгс төгөлдөр болгох талаар өөрөөр нь эрэл хийлгэдэг.Хоёрдугаарт, сонгодог урлаг уран сайхны дүр боловсруулдаг. Хүүхэд багачууд сонгодог урлагийг ухаарч ойлгосноор үнэлэлт дүгнэлт хийж түүн шиг амьдрах хүсэл тэмүүлэл төрөх ёстой. Эсвэл түүн шиг эрсдэлийг давах сан, түүн шиг хүний мөсгүй үйлдэл хийхгүй байх сан хэмээн дохио уриа сэдэл авдаг. Гуравдугаарт, сонгодог урлагт хүн төрөлхтний амьдралд үе үе тохиолдож байдаг тийм хурц асуудлыг хөндөж тавьдаг. Тухайлбал, У.Шекспирийн “Гамлет” жүжгийг авч үзэхэд “Хүн төрөлхтний нэг сул тал нь эрх мэдлийн өрсөлдөөн юм байна. Тухайн жүжигт өөрийн дүүгийн амь насыг хөнөөгөөд, эхнэртэй нь сууснаар Вант улсын тэргүүн болдог. Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцэл. Аавыгаа алуулсан Гамлет хэлэхдээ “Бидний амьдарч байгаа нийгмийн ёс суртахуун доройтож. Одоо бидэнд орших уу эс орших уу” гэсэн асуудал тулгарч байна. Энэ ёс суртахууны уналт гэдэг бол эрх мэдлийн шунхайрлаар дамжиж илэрдэг том чиглэл юм гэдгийг “Гамлет” жүжгээр гаргаж ирсэн. “Ромео, Жулетта” жүжгийн хувьд нийгмийн ялгавартай ертөнцөд үнэнч хайр дурлал төгсгөл болдог юм байна гэдгийг хүүхдүүд уншаад, түүндээ дүгнэлт хийж хэн нь хаана алдаа гаргасан бэ гэдгийг хардаг. Сонгодог урлаг гэдэг аль ч улс үндэстнээс үл хамааран, ямар ч нийгэм оршиж байгаагаас үл хамааран хүн төрөлхтний мөнхийн сэдвийг дэвшүүлэн тавьдгаараа онцлог. Мөн сонгодог урлагийн бас нэгэн чухал ач тус тухайн үеийг ойлгоход тусалдаг. Л.Толстойн “Солиот” зохиолыг уншихаар Мишкин гээч хүн солиотой хүн биш.Харин нийгэм түүнийг солиотой болгож харагдуулдаг. Яагаад гэхээр эд мөнгөний хойноос, эрх мэдэл зиндаархлын араас, удам судрынхаа сайн сайхан угшлын төлөө хөөцөлдсөн нийгэмтэй Мишкин тохирохгүй байгаа.Тиймээс түүнийг солиотой хүн хэмээн нийгмээрээ гадуурхдаг. Өнөөдөр манайд үзэл санааны эрэл хайгуул маш их хэрэгтэй байна. Залуучууд та нар Facebook сөхөөд үз. Бөөн бухимдал, гутранги үзэл, бие биеэ сонжсон яриа л байна. “Facebook, Tiwitter”-т байгаа мэдээллээр манай улсад сайн сайхан мэдээ огт алга. Тэгэхээр ийм нийгэм гутранги байхаас яах вэ. Бидэнд сайн сайхан зүйл олон байгаа боловч түүнийгээ олж харахаа больчихсон. Эцэст нь учир утгагүй мэдээлэл, нийтийн урлагийн илбэдэлтэд орчихсон.

-Тэгвэл залуус оюуны хоосролд өртвөл монгол хүний үнэ цэн, үнэт зүйл алдагдах байх даа?

-Тийм. Монгол хүний үнэ цэн хаана байна. Бүүр гэр бүлийн үнэ цэн алдагдаж, хүн хүнээ хайрлах, нинжин сэтгэл алга болж. Ухаандаа адал явдалтай, гэмт хэрэгтэй кино үзэж өссөн хүн гараа зангидаад аль нэгнийх нь талд ороод ингэж буудаж байхаар тэгээд буудах ёстой байсан юм. Нэг хутгалахын оронд хоёр хутгалах ёстой байсан юм гээд сууж байна. Хүүхэд залуус гэртээ зурагттайгаа зодолдох нь холгүй. Ингэж байгаа хүүхэд гудамжинд гараад гэмт хэрэг үйлдэхээс яах билээ. 2017, 2018 онд манай улсад 32 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн. 1989 онд Монгол Улсын хэмжээнд 1017 гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Өнөөдөр насанд хүрсэн хүний хэд нь гэмт хэрэгт холбогдож байна вэ.

Тэгэхээр өнөөдрийн нийгэм хүчирхийллийн нийгэм болсон байна. Киноны чөлөөгөөр зар сурталчилгаа үздэг байсан бол, одоо зар сурталчилгааны чөлөөгөөр кино үздэг болсон. Зар сурталчилгаа гэдэг зах зээлийн амин сүнс. Зар сурталчилгаа хүнийг хэрэглээний, хэрэглэгчийн сэтгэлгээнд өдөөж байдаг. Түүний уршгаар өнөөдөр бүтээснээсээ илүү ихийг хэрэглэдэг болгосон. Үүнээс үүдэн ядуурлын хонгилд унаж байна. Гудамжинд зам дээрээ багтахгүй машин байна. Лав 70 хувь нь лизингийн машин. Оюутан залуус гэр бүлдээ улаан мөнгөний орлогогүй мөртлөө бүгд ухаалаг утас барьдаг. Энэ их зар сурталчилгаа чинь монгол хүний хэрэглээний сэтгэлгээг хэт их өдөөснийг харуулж байна. Хүнийг сэтгэлгээ нь жолооддог. Өнөөдөр нэг сайхан зар сурталчилгаа үзээд маргааш нь худалдан авалт хийдэг. Худалдаж авахын тулд зээл авдаг. Энэ чинь л манайхны дийлэнх өр зээлтэй, түүнээсээ чанаргүй зээлийн тоог нэмж, өрийн дарамттай амьдрах зам руу залуусыг хөтөлж байна. Тэгэхээр сонгодог урлагийн уран сайхны дүрээр дамжуулж амьдралын үнэнийг ойлгодог. Нэгдүгээрт, сонгодог урлагийн ном зохиолыг бодож уншина. Уншсанаа тунгаан бодно, зарим дүрийг бүхэлд нь дагаж дуурайхгүй юмаа гэхэд зарим нэгэн зан авирыг нь залуус дуурайдаг. Өнөөдөр залуус бид оюун санаа, ертөнцийг үзэх үзэлдээ үнэнч бус байна. Манай улсын хэмжээнд 36 мянган ажил хайж байгаа хүн бүртгэлтэй байхад 20 мянган ажлын байр эзнээ хүлээж байна.

Гэтэл залуус ажил голоод хийхгүй. Энэ нь манай залуус ажил хөдөлмөрөөс зугтаадаг, өөрийнхөө чин шударга хөдөлмөрөөр багаас нь дээшээ явах сэтгэлгээ байхгүй болсныг илтгэж байна. Шууд л бэлэн амжилтанд хүрээд тансаг хэрэглээг хий мөрөөдөхөөс цаашгүй байна. Хүүхэд залуус нийтийн урлагаар дамжаад барууны амьдралын хэв загвар луу хэт туйлширснаас ийм хор уршиг гарч байна. Хөдөөгийн залуус мал маллаж, үнээ малаа саахаа болиод хот руу ирцгээж байна. Хотод ирээд эрхэлсэн ажилгүй холхиод байдаг. Хөдөө эмээ өвөө, аав ээж нь өглөөнөөс орой хүртэл зүтгэж байна. Мал маллах залуу хүнгүй боллоо гэдэг чинь залуус ажлаас зугтаж амар хялбар аргаар амьдрах сонирхолтой болсныг илтгэж байна. Тиймээс сонгодог урлагтай нөхөрлөсөн хүн наад зах нь хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог. Хөдөлмөр гэдэг цалин авчрахаас ч илүү хүнийг хамт олонтой, сэтгэл хангалуун, өөрөө өөртөө итгэх итгэлийг бий болгодог юм гэдгийг сонгодог урлаг ойлгуулж чадна.

-Залуусыг сонгодог урлагийн номтой нөхөрлүүлэхийн тулд юунаас эхлэх ёстой вэ?

-Энд асар их бололцоо бий. Эцэг эхчүүд өөрсдөө сонгодог урлагийн ном зохиолыг уншиж, хүүхдүүдтэйгээ санал бодлоо хуваалцдаг байх хэрэгтэй. Хүүхдийнхээ цахим хэрэглээг багасгахын тулд өөрсдөө түүнээс татгалзаж хамтдаа ном унших цаг гаргаж, түүнийхээ талаар ярилцдаг, өөрөө үлгэр уншиж өгдөг дадалд хэвшмээр байна. Тэгэхээр хамгийн эхлээд эцэг эхчүүд уншигч болох нь. Хоёрдугаарт, багш сурган хүмүүжүүлэгчид уншсан ном зохиолоо хүүхдүүдэдээ ярьж өгдөг, түүний унших хүслийг нь өдөөх хэрэгтэй. Гуравдугаарт, олон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэн сонгодог ном зохиолыг цувралаар хүргэх гэх мэт санал санаачилга гаргах. Ялангуяа зурагтаар сонгодог урлагийн сайн бүтээлүүдийг үзүүлэх. Харин түүнийг нь эцэг эхчүүд хүүхдэдээ хүүхэлдэйн кино мэт үзүүлж, ойлгуулах хэрэгтэй. Дээр үед радиогоор манайхны сайн зохиолуудыг уншиж олон нийтийн хүртээл болгодог байсан. Тэр үед манайхны оюуны боловсрол өндөр байсан шүү дээ. Тэгэхээр өнөөгийн залуусыг монгол хүнийхээ үнэт зүйлийг ойлгосон, оюунлаг иргэн болгон бэлтгэхийн тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд хувь нэмрээ оруулмаар байна. Нэг ч болов хүүхэд уншсан зохиолынхоо талаар найзууддаа ярьж өгөөд, түүнийг нь найзууд нь сонирхож өөрсдөө уншдаг болох сэтгэлгээ рүү залах хэрэгцээ байна. Сонгодог урлагийг уншсан хүмүүс заавал өөр хоорондоо ярилцаж, санаа бодлоо солилцдог. Харин дэлхийн сонгодог зохиолын талаар ямар нэгэн яриа эхлүүлэхэд түүний цар хүрээ ямар байх вэ.

-Бага насны хүүхдүүдийг ном, зохиолд дуртай болгохын тулд үлгэр уншиж өгөхөөс эхлэх нь зүйтэй байх. Гэхдээ өнөөгийн аав, ээж нар хүүхдэдээ зарцуулах цаг улам л хомс болоод байх шиг?

-Хүн төрөлхтний хамгийн анхны бүтээлч дүр төрх бол үлгэр домгийн сэтгэлгээ байдаг. Үлгэр домгоор дамжуулж хүн төрөлхтөн, тухайн ард түмэн ертөнцтэй харьцаж байсан. Үлгэрт бодит амьдралд байхгүй, байгальд ч байхгүй уран сайхны сэтгэлгээ, хийсвэр дүр байдаг. Тэгэхээр хүн төрөлхтөн хөгжлийнхөө анхны үед үлгэр, домгийг зохиож бие биедээ дамжуулж ирсэн. Үлгэр домог гэдэг хүн төрөлхтний нийгмийн ухамсрын анхны хэлбэр. 1985-1990-ээд онд төрсөн хүүхдүүд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн аав ээж нь байна. Бодоод үзэхээр таван настай байсан хүүхэд 1990 онтой золгож. Түүнээс хойш монголчууд уншиж, ухаарч, ярьж сэтгэж, мэтгэлцсэн үү. Үгүй шүү. Харин энэ цагаас шүүмжлэгч сэтгэлгээ маш их хөгжсөн. Энэ цаг үед төрсөн эцэг эхчүүдийг би “алдагдсан үеийнхэн, уншаагүй үеийнхэн” гэж нэрлээд байгаа. 1990-ээд оноос хойш манайхан том шуугиан руу яваад орчихсон. Дандаа л өнгө гэрэл, дуу чимээ рүү тэмүүлж, тэр дундаас өөрийгөө олж харахаа больсон. Энэ үеийнхэн үлгэр ярьж чадахгүй.

Магадгүй ярихаар оролдвол эхлүүлээд, үхүүлээд төгсгөчих байх. Хүүхдэд хамгийн үнэ цэнтэй зүйл бол үлгэр ярьж өгөх. Тэндээс хүүхдийн уран сайхны сэтгэлгээ, үлгэр домгийн баатрыг дуурайх хүсэл эрмэлзлэл, өрөвдөх энэрэх, үзэн ядах сэтгэлгээ бий болдог. Тэгэхээр сонгодог урлагт үлгэр домгийн хамгийн шим шүүстэй хэсгийг нь авч оруулдаг. Сонгодог урлагаас инээдмийн, эмгэнэлт дүрээр дамжуулж бие биенээ өрөвдөх, хайрлах, өгөөмөр сэтгэл бий болдог. Хүүхдийг багаас нь сонгодог урлагт дуртай, сайн ном шилж уншдаг болгоно гэдэг бол сайн эцэг эхийн үүрэг.

П.Батзаяа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.