Уншиж байна...
Жолооны эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 242 хэргийг шүүхэд шилжүүлжээЖ.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээДЭМБ Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукалаг хүлээн авч уулзлааЧинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллооНаадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам, гүүрний зорчих хөдөлгөөнийг өнөөдөр 14 цагт нээнэЦЕГ: Хүний биед халдсан "Б"-д торгох шийтгэл ногдуулавТүүхий эдийг эргэлтэд оруулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцовЭрчим хүчний реформ хийхэд Дэлхийн банктай хамтарч ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээӨнөөдөр буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэҮндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлааДэлхий хоёр сартай болох түүхэн мөч энэ долоо хоногт тохионоКалифорни мужийн сургуулиудад ухаалаг утас ашиглахыг хориглох, хязгаарлах хууль батлагдлааНӨАТ-ын баримт хуурамчаар үйлдэн 2.5 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон хэрэг гарчээЛ.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарайН.Даваадорж: Машинаас буугаад тав алхахад л тэсэрч дэлбэрээгүй гранатууд таарч байлаа
SAYAN компаниудын захирал Д.Сайнбаяр: Ковидын хөл хорионд орсноос хойш улам завгүй, бүтээлч болоод байна

UNREAD.TODAY сайтын "Би хэрхэн ажилладаг вэ" ярилцлагын энэ удаагийн зочиноо шинэ үеийн лидерүүдийн нэг, SAYAN компаниудын үүсгэн байгуулагч, захирал Д.Сайнбаярыг урилаа.

АНУ-д их сургууль төгсөөд программистаар ажиллаж байсан тэрээр 2007 онд Монголдоо ирээд “Глобал СЕО” шоунд амжилттай оролцсоныг миллениалууд сайн мэднэ. "Шунхлай"-гийн Медиа групп, "Моннис" групп зэрэг томоохон компанид цөөнгүй жил удирдах ажил эрхлэхдээ тэрээр том жижиг олон төслийг ахлан ажилласан. Түүний дараа Сингапурын их сургуульд магистрын зэрэг хамгаалж ирээд тээвэр, барилгын төсөл, материал үйлдвэрлэл, борлуулалт, хэвлэн нийтлэх салбаруудад өөрийн компаниудыг удирдан ажиллах болжээ. Нийгэмд ахиц, өөрчлөлт авчрахын төлөө хүмүүсийг нэгтгэж ойртуулах чин эрмэлзэлтэй тэрээр өнгөрсөн бүх хугацаанд олон нийтийн ажлаас огтхон ч холдоогүй бөгөөд “Цахим өртөө”, “Уухай” хөдөлгөөн зэрэг олон нэгдэл, төсөлд идэвхтэй оролцож, манлайлж ирсэн билээ. Мөн хэсэг хугацаанд төрд хариуцлагатай ажил эрхэлж байсан гэхээр тун ч баялаг туршлагатай эрхэм болох нь илэрхий. Ингээд хөл хорионы үед улам завгүй, улам бүтээлч болчихлоо гэсээр угтсан энэ оюунлаг энтрепренертэй хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэе.

1. ТАНЫ КАРЬЕРААС БИД ЮУГ МЭДЭХ ЁСТОЙ ВЭ?

Анх 17 насныхаа босгонд мөрөөдлөө дагаж АНУ руу явсан. Номхон далай дээгүүр нисэх үед зүрх догдолж, Лос Анжелесийн тэнгэр баганадсан барилга, хурдны замуудыг онгоцны цонхоор хараад гайхан сүрдэхийн хамт ямар их баярлаж байснаа одоо ч тод санадаг. Аав ээж минь бүх хадгаламж, найзуудаасаа нэмж зээлсэн бүх л мөнгөө хүүдээ өгсөн. Хөрш айлын ах надад нэг доллар өгөөд “бүх зүйл нэгээс эхэлдэг юм шүү дүү минь” гэж билээ (инээв). 1998 онд эдийн засаг сайнгүй байжээ. Ингээд хүний, өөрийн 700 доллар халаасалсан, ганц жижиг чемодантай жаалын амьдрал эхэлсэн. Надад гялтайх ганц юм нь 93-р сургуульд заалгасан англи хэл. За тэгээд Холливудын гудамжинд кассчинаас эхлээд бүгдийг л хийсэн. Мэдээллийн технологийн чиглэлээр их сургуулиа онц дүнтэй төгсөөд Чикагод healthcare IT, legal tech компаниудад системийн аналист, программ хөгжүүлэгчээр ажилласан. Есөн жилийн дараа Монголдоо түр хугацаагаар ирэх үедээ одоо Монгол HD сувгаар гарч эхэлсэн "Apprentice" шиг "Global CEO" нэвтрүүлэгт оролц гэж эмээ ятгаад байхаар нь орсон чинь финалист болсон.

Ингээд 2008 онд Монголдоо ажиллах шийдвэр гаргаад "Шунхлай" группийн харьяа "Mедиа групп"-ийн бизнес төлөвлөлт, маркетингийн албаны даргаар хоёр жил, "Моннис" группт бизнес хөгжлийн ерөнхий менежер, дэд ерөнхийлөгч, тус группийн охин компаниудын гүйцэтгэх захирлын ажлыг хавсарч таван жил ажилласан. Томоохон төслүүд удирдаж, их ч зүйл сурсан. Корпорейт ертөнцөд сурах зүйлээ сурч дууслаа гэж үзсэн тул ажлаа хүлээлгэж өгөөд Азийн хөгжлийг судлах зорилгоор азид 1-т, дэлхийд 12-т эрэмбэлэгддэг Сингапурын үндэсний их сургуульд магистраа хамгаалсан юм. Сингапурын эцэг Ли Куан Ю өнгөрснийг "Bloomberg" мэдээлж байх үед түүний нэрэмжит сургууль надад 100 хувийн тэтгэлэг өгөхөд нь бурхны дуудлага мэт л санагдсан. 2015 оноос хувийн бизнесүүдээ удирдаж байна. Одоогоор тээвэр, барилгын төсөл, материал үйлдвэрлэл, борлуулалт, хэвлэн нийтлэх чиглэлээр дөрвөн компани ажиллуулдаг. Чөлөө заваараа зарим олон улсын байгууллага, дотоодын бизнесүүдэд консалтинг хийж байна. Энэ нь хүрээгээ тэлэх, сэтгэлгээгээ задлах, өөрийгөө хөгжүүлэхэд хувь нэмэр болдог. Түүнчлэн олон нийтийн сонгуульт ажлуудаа хийдэг

2. ТАНЫ АЖЛЫН ДУНДАЖ НЭГ ӨДӨР ХЭРХЭН ӨНГӨРДӨГ ВЭ?

Ковидын хөл хорионд орсноос хойш улам завгүй, бүтээлч болоод байна. Хийж амжихгүй байсан олон санаа, ажлуудаа нугалж авч байна. Би өглөө босоод кофегоо аягалж аваад, шууд л компьютер дээрээ суудаг даа. Юм бичих, төсөл хөгжүүлэх ажлыг өглөөгүүр хийхийг зорьдог. Юу гэвэл, бичгийн ажил сэтгэл тайван, тархи сэргэг байхыг шаарддаг. 60 минут тутам заавал завсарлага авдаг. Яг л ажилчин хүн булчингаа амраадаг шиг оюуны хөдөлмөрт нүд, тархи, нуруугаа сайн амрааж хэвших нь их чухал. Завсарлага авах үедээ шүршүүрт орох, эсвэл ганц нэг утсаар ярих ажлуудыг тархи, нүдээ амраах завсарлага маягаар амжуулдаг. Би өглөө бараг юм иддэггүй, голцуу кофе, цэвэр ус ууж, монгол самар иддэг. Монгол самар биед сайн тул их хэмжээгээр аваад хөлдөөчихдөг юм. Компьютер дээр удаан суухад самар идэх нь тамхи татах хугацааг холдуулаад зүгээр байдаг (инээв).

Компаниудын бүх төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлан үүлэн технологи, мобайл горимоор явдаг тул ажлуудаа дэлгэцээр, гар утаснаасаа л хянана. Шаардлагатай бол дэлгэцээр хуралдана. Өдөр тутам дор хаяж 2-3 цагийг ном, сэтгүүл, нийтлэл уншихад зарцуулдаг. Үүнийгээ ажлын дундуур босон суун хийнэ. Ковидгүй үед ажил хэргийн гол уулзалтуудаа хуваарилж аваад хотын төв рүү долоо хоногт 2-3 удаа орохдоо амжуулдаг. Гэхдээ замын бөглөрлөөс дандаа зөрж явахыг хичээнэ. Уулзалтуудаа голцуу кофе уух зуур, эсвэл өдөр, оройн хоол хамт идэнгээ амжуулдаг. Зарим өдөр 5-10 уулзалт хийх тохиолдол бий. Боломж гарвал л алхахыг боддог. Өдөрт дор хаяж 10,000 алхаж байна уу гэдгээ гар утсан дээрээ хянадаг. Ажлын тухайд зайнаас, онлайнаар ажиллаад дадчихсан болохоор ковид нэг их нөлөөлөхгүй байна. Заримдаа шөнийн 3, 4 цаг хүртэл сууна, заримдаа өглөө үүрээр босож ажиллана, янз бүр. Би нэг их ач холбогдол өгдөггүй. Гол нь бүтээмж л чухал. Гаднын түншүүдтэй харилцах тохиолдолд цагийн зөрүүнээс шалтгаалан унтах цаг нааш цааш болоод байдаг талтай.

3. ТАНЫ АЖЛЫН НӨҮ-ХАУ?

Би ямар ч юм хийсэн, санаандаа хүртэл хийхийг хичээдэг. Брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хоббитой болохоор тэр үү бүтээгдэхүүн, үйлчилгээний гүйцэтгэлийн жижиг деталиудад нарийн анхаардаг зантай. Программчлал дээр нэг жижиг үг үсгийн алдаа байхад л бүрэн ачаалах боломжгүй болдог. Заавал доголдол гарна. Яг л түүн шиг үг үсэг, цэг таслалын хойноос явдаг. Анзаараад байхад монголчууд детальд анхаарахдаа сул, хайнга. Телевизийн титр, албан тушаалтны албан бичгийг хар. Уг нь зөв бичих, буруу бичихэд зарцуулах цаг бараг ижил баймаар. Үүнд цалингийн их бага, эдийн засаг огт хамаагүй юм. Авто зам засвал явган хүний замаа сүйдэлнэ. Явган хүний зам засвал заавал хэсэг газар дутуу хийгээд хавтангаа өрөөд орхичихдог. Их хорлонтой. Юмыг төгс хийх чанарыг япончуудаас, германчуудаас суралцах хэрэгтэй шүү дээ. Залуучуудтай ажиллахдаа шүүмжлээд байхыг боддоггүй, эхлээд зааж өгдөг.

Ганцаараа төвлөрч суух дуртай ч, шинэ санаа болгон дээр хүмүүстэй brainstorming хийдэг. Аливаа ажлыг багаар хийх дуртай. Бас шийдвэр хурдан гаргадаг, шийдвэр гарсан бол шууд л хийж эхэлдэг зантай. Эхэлсэн зүйлээ заавал ард нь гарч байж л санаа амардаг төрлийн хүн.

4. АШИГЛАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГГҮЙ АПП, ХЭРЭГСЛҮҮД ЮУ ВЭ?

Би компаниуд, төслүүдийнхээ үйл ажиллагааг үүлэн технологи дээр суурилж явуулдаг. Dropbox дээр бүх файлын санг хадгалж, Google платформ дээр багийн ажлаа хийдэг. Dropbox-ийн онцлог нь файлын өмнөх хувилбарууд хадгалагддаг. Нэг ёсондоо тухайн файл маш олон удаа өөрчлөгдсөн байлаа ч 7 хоногийн өмнөх хувилбар руу буцах боломжтой, бас устгагдсан бол сэргээх боломжтой байдгаараа онцлог. Нэг удаа ажилтан маань зарим чухал файлаа компьютер дээрээсээ устгаад их санаа нь зовсон. Би холбогдох үүл рүүгээ ороод л хормын дотор гаргаад өгсөн. Энэ жижиг мэт боловч их чухал технологи шүү. 2001 онд Нью-Йоркийн хоёр өндөр нурахад датагаа backup хийсэн компаниуд л тэсэж үлдсэн байдаг. Ажлын харилцаанд Viber, WeChat ашигладаг. Компани бүр өөр өөрийн групптэй. Хурлууд бол мэдээж Google Meet, Zoom-ээр. Мөн шаардлага гарвал AnyDesk-ээр бусдад өөрийн дэлгэцээ харуулах, ажилтныхаа дэлгэцийг харах байдлаар хамт ажилладаг. Шинээр ажилд орсон хүнд эдгээр програм, аппууд дээр ажиллах шаардлага тавьж, ажилд орох үед нь технологи, харилцааны арга барил, тавих стандартын дагуу сургалт явуулдаг. Гол харилцагчдаа ч ийм платформ ашиглахыг шаарддаг. Google-ийн апп хэрэглэдэг болохоор андройд гар утас хэрэглэдэг. Хэвлэлийн компани дээрээ Болор дуранGrammarly ашигладаг. Сүүлийн үед Adobe Creative Cloud system, С.Бадрал андын Chimege аппуудыг туршиж байна.

5. ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Түрүүнд дурдсанчлан ажил маань үүлэн технологи дээр суурилсан тул гар утас, интернэт хоёр л байхад би дэлхийн аль ч хотод, хөдөөгийн аль ч сумаас ажлаа бүрэн хянах боломжтой. Оффистоо бол заавал хоёр дэлгэцтэй компьютер ашигладаг. Энэ нь цаг их хэмнэдэг. Бас машин барихгүй байх бол цаг хэмнэх маш том арга. Таксинд суучихвал жишээ нь бөглөрөлтэй ч гэсэн ажлаа амжуулчихдаг. Бас паркинг хайж цаг алдахгүй. Надтай гэрээтэй байдаг цэвэрхэн хар такси бий. Цагаа товлоод хэлчихэд амар байдаг. Би "Netflix" үзэхээс бусад үед бараг телевиз үздэггүй. За сард нийлээд 5-10 цаг л үзнэ. Нэг хэсэг сошиал медиад их идэвхтэй, саяхныг болтол хамгийн олон дагагчтай жиргээч байлаа (Твиттерт 91 мянган дагагчтай). Харин сүүлийн таван жил бараг цаг зарахаа байсан. Шерлок Холмс эмч Ватсонд нэг үг хэлдэг дээ. Хүний тархи бол хогийн сав биш. Иймд би хэрэггүй мэдээ, мэдлэг цуглуулдаггүй гэж (инээв). Сошиал медиагүй 1800-аад оны сүүл үед Артур Конан Дойл ингэж бичиж байж дээ. Манай үеийнхэнд зориулаад хэлчихсэн юм шиг.

6. ХИЙХ АЖЛАА ХЭРХЭН ТӨЛӨВЛӨДӨГ ВЭ?

Дунд, урт хугацааны төлөвлөгөө гэж гаргадаг. Ингэхээр долоо хоног, эсвэл өдрийн нарийвчлалтай хийх ажлууд маш тодорхой болдог. Чиглэл бүрээр баг бүрдүүлнэ. Багийн гишүүдэд ачааллыг тэнцүү хувааж, дуусгах цаг хугацаа, боломжит эрсдэл, нөөцийг тооцож тавьдаг. MS Project ажил төлөвлөхөд, Visio том дүр зургийг хайрцаглаж харуулахад их зүгээр байдаг. Ингээд ажлуудаа жагсааж аваад нэг нэгээр нь нугалаад л явдаг. Хувийн тэмдэглэл, төлөвлөгөөгөө Notes апп-д. Google календар идэвхтэй ашигладаг.

7. ЭРЧ ХҮЧЭЭ ХЭРХЭН СЭЛБЭДЭГ ВЭ?

Би аялах дуртай. Жилд дор хаяж нэг удаа очиж үзээгүй гадаадын аль нэг хот, дотоодын аль нэг аймаг, сумд ажил эсвэл амралтаар очих зорилго тавьдаг. Энэ жилийг эс тооцвол сүүлийн 10 гаруй жил энэ зорилтоо биелүүлээд л байна. Бас гоё хөгжим сонсох, кино үзэх, ямар нэгэн сэдвээр сайн нийтлэл, ном унших дуртай. Дуурь, театр, драм үзэх нь их сайн амралт болдог. Ковидын үеэр бол уул руу алхах, эсвэл ойр зуурын хүнсэндээ алхаж агаарт гардаг дадалтай болоод байна. Ковидгүй үед бол долоо хоногтоо нэг удаа сагс тоглохыг хичээдэг. За тэгээд ном гаргах, олон нийтийн зарим төслүүд маань надад их урам, эрч хүч өгдөг. Энэ нь компанийн санхүүг хянах ч юм уу, өдөр тутмын хэвшмэл үйлдлүүдийг эвддэгээрээ давуу талтай. Үлгэр жишээ авдаг хүмүүсийнхээ ярилцлагыг уншиж, жиргээг нь дагаж тэднээс эрч хүч авдаг. “Queen’s Gambit” үзсэнээс хойш шатрын аппаа сэргээгээд их тоглож байна. Голцуу гурван минутын блиц тоглодог.

8. ҮНДСЭН АЖЛЫНХАА ХАЖУУГААР ДУРЛАЖ ХИЙДЭГ ТӨСӨЛ/АЖИЛ ЮУ ВЭ?

Олон нийтийн ажил. Үндсэндээ "Цахим өртөө", СИГМА, "Уухай" клубээр дамжуулж нийгэмд нөлөөлөх ажил хийдэг. Гурвуулаа зөв сэтгэлтэй, бүтээлч, оюунлаг залуусын нэгдэл.

1999 оноос хойш 20 жил хамт өссөн "Цахим өртөө"-ндөө би их хайртай. Уламжлал болсон хоёр ажил байна. Монгол туургатны тэтгэлэг, ном. NTV-ийн "Дэлхийн монгол айл" (Монголоо хайсан монгол) баримтат кинонд гүйцэтгэх продюсер, орчуулагчаар ажилласан. Ингээд 2009 онд Афганистан яваад Бамиан мужийн нөгөө талибанчуудын дэлбэлдэг Буддагийн хөшөөтэй ууланд очсон юм. Яг тэр ууландаа, агуйд амьдарч буй хазарачуудын амьдралыг хараад зүрх эмтэрсэн. Түрэг угсааны хазарачууд монгол цустай эсэх бол маргаантай сэдэв. Гэхдээ соёл, түүхийн хувьд бидэнтэй салшгүй хамаатай. Ил хаант улс, Хүлэгү хаан, мянгат цэргийн үлдэгдэлтэй холбогдож л таардаг. Монгол төрхтэй байсныхаа төлөө олон зуун жил гадуурхагдаж, хядуулж, асар их доромжлол амссан. Монголын эзэнт гүрний суу билиг гайхалтай ч сүүдэр нь дутахгүй ийм юм. Ингээд ирсэн даруйдаа "Цахим өртөө"-ний найз нартайгаа 10 жилийн ойдоо зориулж тэтгэлгийн сан байгуулсан. Намар нь гурван хазара хүүхэд авчирч МУИС-д сургав. Аббас 2013 онд МУИС төгсөөд Швейцарт магистраа хамгаалсан. Одоо Женев дахь Улаан загалмайн нийгэмлэгт ажиллаж байна. Нөгөө 2 нь МУИС-т үлдэж магистраа хамгаалсан. Захра АНУ-ын Массачуссетс мужид дахин суралцаад, Мэгдад маань Нью-Йоркт олон нийтийн ажил хийж байна. Анх 18, 19-тэй залуус ирж байж. Одоо тэд 30 хүрчээ. Цахим өртөөний 20 жилийн ойгоор өнгөрсөн жил Дээд монголоос Барс гэж залууг, Халимагаас Ногала гэж охиныг шалгаруулж авчирсан. Одоо МУИС-д сурч байна. Ногала халимаг үлгэрүүд монголчлоод эхэлж. Цаашид бид бусад монгол туургатнуудаас авчирч сургана. Ер нь бид гадаадад тэтгэлгээр сурдаг байж зөрүүлээд тэтгэлэг өгөх хэмжээний байя л гэж бодсон. Ядаж монгол туургатандаа тэтгэлэг өгчихдөг байя л даа, тийм биз дээ? Ковидын үеэр энгийн үед огт зав байдаггүй анд нараа уриалаад ном орчуулж байна. Хотын удирдлагынханд зориулаад Нью-Йорк хотыг босгосон Роберт Мoзесийн намтрын номын эрхийг Инжинаш хэвлэлийн газар авлаа. Эрин зууны хамгийн шилдэг намтар бичлэг зүй ёсоор тооцогддог алдарт Роберт А.Карогийн "The Power Broker" гэж 1200 нүүр ном. Хот төлөвлөлт яаж явагддаг, тэнд улстөр, эрх мэдэл яаж яаж оролцдогийг харуулсан бүтээл. Манай Цахим өртөөний голцуу эрдмийн зэрэг хамгаалсан 10 найз Америк, Англи, Португал, Турк, Голланд улсуудад орчуулгаа хийгээд эхэлсэн.

Өнгөрсөн 11 сард Сингапурын үндэсний их сургуулийн төгсөгчид нэгдээд SIGMA гэж холбоо байгуулж, намайг тэргүүнээр сонгосон. Бид хоёр ажил хийж эхлээд байна. 1. Сингапур бол хот улс. Юун төлөө төрийн бодлогын сургуульд нь суралцсан билээ, энэ улсаас нутагшуулж болох шийдлүүдийг нэгтгэж хот, дүүргийн удирдлагад бодлогын зөвлөмж гаргаж өгөх, үүнийгээ жишээ нь Сүхбаатар дүүрэг дээр хийж эхлэх. Алдаа онооноос суралцах. 2. Инжинаш Паблишингтай хамтарч "Сингапурын эцэг Ли Куан Ю: Улс үндэстнээ цогцлоох нь" номыг 7 хүний баг гараад бас орчуулаад эхэлсэн.

Өнгөрсөн жилийн 9 сард "Уухай" хөдөлгөөнийг 40 нөхөдтэйгөө байгуулсан. Зорилго нь сонгуулиас өмнө улстөр, нийгмийн сэтгэлгээнд зөв давлагаа үүсгэх, залуусыг сонголтоо зөв хийхийг уриалах. АН, МАН, ХҮН гээд нам болгонд зөв залуус байна. Яагаад бид намын эрх ашгаас дээгүүр нийтлэг үнэт зүйлс дээрээ хамт нэгдэж, нийгмээ өөрчлөхөд гар нийлж болохгүй вэ гэж бодсон. 10 жилийн нэг ангийн анд нараас гадна, үйл хэргээрээ холбогдсон нөхөд минь шүү дээ. Ингээд уулзалтууд хийсэн. Бид намаас үл хамаарсан 3 нийтлэг үнэт зүйлс тодорхойлсон. 1. Хүний эрх, эрх чөлөө 2. Чөлөөт зах зээл 3. Парламентын засаглал. УИХ-д МАН-ын Б.Энхбаяр, Х.Булгантуяа, ХҮН-ын Т.Доржханд анд нар маань сонгогдлоо. Өнөөдөр Энхбаяр хүний эрх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, шүүхийн хараат бус байдлын чухал асуудлууд дээр ямар хүчтэй дуугарч байна вэ? Макро эдийн засаг, төгрөгийн тогтвортой байдал, Монголбанк, Сангийн яамны асуудал дээр Доржханд шиг дуугарч байгаа хүн байна уу? Боловсролын реформ, банкны реформ дээр Х.Булгантуяаг маш сайн ажиллана гэж бодож байгаа. НИТХ-д П.Наранбаяр, Д.Гантулга, М.Тулгат, Ч.Ганзориг гээд ёстой шижигнэсэн сайхан залуус гараад ирлээ. Дүүргийн сонгуульд зарим гишүүд яллаа. Шат шатанд энэ залуус Монгол улсыг зөв зүгт залахад гар бие оролцоно гэж би чин сэтгэлээсээ итгэдэг. Уухайгийнхан ковидын үеэр зүгээр суухгүй ээ. Улстөр, академийнхан уншвал зохилтой АНУ-ын Үндсэн хуулийн суурь бүтээл “Тhe Federalist papers” номын 84 эссэг хувааж аваад орчуулахаар ярилцаж байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Жаргалан маань энэ номыг санал болгосон. Энэ ном гарсан даруйдаа их сургуулиудын танхимд багш нарын эшилж ярьдаг бүтээл болно гэж найдаж байна. Орчуулга нь бол нэлээд хүнд. Үг бүр нь цаанаа философи агуулах тул. Гэхдээ энэ мундаг хуульч, эдийн засагч анд нартайгаа ард нь гарч л таараа. Үгүй тэгээд нам намын сайхан залуус 1787 онд хэвлэгдсэн Александр Хамилтон, Жэймс Мэдисоныг сонгодог дебатыг орчуулаад сууна гэдэг ямар гоё ковид дурсамж болно гэж бодож байна? Жинхэнэ уухайлмаар байгаа биз дээ? (инээв)

9. ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Эерэг нь гэвэл би өөрөө бизнесийн салбарт маш дуртай. Энтрепренер хүний дээр хэн нэгэн босс болдоггүй байхгүй юу. Өөртөө эзэн болж, өөрийн дураар цагаа зохицуулдаг. Тэгээд дуртай ажлаа хийж, ажлын байр бий болгоно, татвар төлнө. Нийгмийн аливаа нэг асуудлыг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж шийднэ. Ямагт цэвэр өрсөлдөөн дунд амьдарна. Хамтын хүчийг нэгтгэж шинэ үнэ цэн бий болгоно. Энэ бол кайф. Улс төрд ороод явах боломж зөндөө байдаг ч бизнес хийхийг би илүүд үздэг. Хэн нэгнээс хамааралгүйгээр эрх чөлөөтэй амьдрах боломжийг бизнес олгодог. Харин улс төр бол өөр. Улс төр бол бүхнээ хаяад, өөрийн эрх чөлөөгөө хязгаарлаад зөвхөн олон нийтийн төлөө зүтгэнэ гэж хатуу зорилт тавьсан хүний л хийх ёстой ажил. Яг үнэндээ нийтийн төлөө зүтгэнэ гэдэг бол хувь хүнд их гарзтай. Манайд харин эсрэгээрээ байгаад байх шиг. Өчүүхэн зорилго өвөртлөөд улс төрөөр амьжиргаагаа залгуулахыг боддог. Тун харамсалтай. Ер нь нийгэмдээ гэрэл тусгах, соён гэгээрүүлэх, бурууг шүүмжлэх, шийдэл гаргах ажлыг боломжтой бүх л хүн алхам алхмаар хийгээд явах ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Ингэж байж нийгэм хамтдаа урагш нэг алхана.

Сөрөг тал нь Монголд бизнес хийнэ гэдэг тийм амар зүйл биш. Манай эдийн засаг жижиг, төрийн оролцоо ихтэй. Эдийн засаг нь зэс, нүүрсний экспортоос хэт их хамааралтай тул маш эмзэг. Энэ нь эрдэс баялгийн салбараас хамааралгүй бүх салбарт шууд болон дам утгаараа нөлөөлж байдаг. Мөн бизнес дэх харилцаа, соёл, хүний нөөцийн чадамж, технологи эзэмшсэн байдал нь бэрхшээл болдог. Арав гаруй жилийн өмнөхийг бодвол харилцаа, соёл сайжирч байгаа л даа. Жишээ нь 10 жилийн өмнө 10 машин тутмын 1 нь зогсож явган хүнийг эсвэл зөрж буй машинаа гаргадаг байсан бол энэ тоо сүүлийн үед 2, 3 болж эхэлж байна. Барууны оронд байдаг шиг дахиад 10 машин арвуулаа зогсдог, бие биеэ хүндэтгэдэг болтол хугацаа хэрэгтэй. Нийгмийн сэтгэл зүй, боловсрол ахиж, соёл төлөвшихөд цаг хугацаа шаарддаг юм байна л даа. Үүнийг гэхдээ түргэсгэхийг л хичээх нь манай нийгмийн хамтын зорилго. Шуудхан хэлэхэд манай нийгэм 50-100 жилийн хоцрогдолтой яваа гэж боддог. Энэ нь нөгөө л улстөр, төрийн харалган бодлогоос хамааралтай. Ерөөсөө болохгүй байгаа ганц салбар, хавдрын голомт нь тэнд.

10. ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ БАЙГАА ВЭ? ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ?

Ойрд гэвэл International Republican Institute-ийн судалгааны ажилд оролцож байна. Гэхдээ өнөөдөр ном, паблишинг л ярья. Би анх 2005 онд "Даян шийдэл" гэж компани байгуулсан нь Америкт үүссэн анхны монгол компаниудын нэг. За энэ стартап бол IT үйлчилгээ, вэб хөгжүүлэлтээс гадна mongolianbooks.com хаягаар ном зардаг дэлгүүр ажиллуулдаг байв. Чикаго, УБ, Лондон, Токио, Сөүл, Сиднейд салбартай болж өргөжсөн. Токиог Эрин М.Тулгат, Лондонг нь Цахим өртөөний Д.Цэрэнбат ах, Улаанбаатарыг Шинэ Монголын П.Наранбаяр маань хариуцна. Монголоос дээрх хотууд руу номууд бөөнөөр ачна. Тухайн оронд байгаа хэрэглэгч манай сайт руу ороод захиалгаа өгөхөд бид тухайн улс дотроо шуудангаар явуулдаг, нэг ёсондоо Amazon.com-ийг дуурайсан ухаантай. Номын жин, мужуудын байршлаас хамаараад шуудангийн янз бүр. Энэ бүх програмчлал, локализэйшныг өөрөө OpenSource систем дээр бичсэн. Вэб нь Англи, Монгол, Солонгос, Япон хэлний сонголттой. Бараг анхны онлайн дэлгүүр шүү (инээв). Би америкт бараг 20,000 долларын ном зарж байсан. Баабар гуайн ном хамгийн эрэлттэй нь байв. Баабар ахтай анх ном дагаж танилцаж байсан. Одоо би www.injinash.com хаягаар ном зарах вэбсайтаа сэргээлгэж байна. Ковид надад ийм боломж олголоо, бас саяхнаас л цахим төлбөрийн систем жигдэрч байна. Энэ ташрамд Адмон, Монсударыг байгуулсан Р.Энхбат ах, Нэпко паблишинг байгуулсан Баaбар ах нарт талархууштай. Монголчуудыг соён гэгээрүүлэх их үйлсийг тэд манлайлж ирлээ. Ном бичих, орчуулах, бас үйлдвэрлэх бол сэтгэл шингэсэн их хүнд хөдөлмөр. Гэтэл худалдан авагчийн тоо ямар билээ дээ. Д.Энхбат, Д.Жаргалсайхан ах нарт бас талархдаг. Тэд бас л соён гэгээрүүлэх үйлсийг магнайд явж байна. Зогсолтгүй бусдад мэдлэгийг түгээж, хуваалцаж байдаг. Сүүлийн үед Тагтаа паблишинг мундаг байна. Америк, Европт бол паблишинг компаниуд хэдэн мянгаараа байдаг. Мэдлэгийг тэд үйлдвэрлэдэг. Бие биеэ худалдаж авна, хуваагдана. Хэдэн зуун жил болсон компаниуд. Нью-Йоркт Обамагийн шинэ номыг хэн нь эрхлэн гаргах вэ гэдэг дээр группүүдийн дунд том өрсөлдөөн болсон тухай сонссон. Тэгж байж тэнд оюуны бүтээл үнэд орж, оюуны өмчийн өрсөлдөөн бий болдог. Паблишинг гэдэг бол оюуны өмчийн бизнес. Нийгмийг соён гэгээрүүлэх машин. Дэлхийн мэдлэгийн сан дэндүү арвин. Энэ сангаас аль болох олуулаа хутгаж байвал сайн. Утгах болгонд монгол хэл, монгол сэтгэлгээ, монгол хүн хөгжих юм. Энэ дунд монгол хүний бүтээл тэр мэдлэгийн сан руу цутгах ёстой. Энэ бол нөгөө үндэсний дархлаа, ондоошил, даяаршил гэдэг чинь бүгд. Энийг манай үе хийх ёстой. Иймд манайд сайн хэвлэлийн газрууд нэмэгдэх нь чухал.

2010 онд байгуулагдсан Инжинаш паблишинг бол угаасаа зарим барууны хэвлэлийн газар шиг жил бүр цөөн ном тооны чанартай ном хэвлэх стратегитай байж ирсэн. Гэхдээ хавраас хойш Инжинаш хэвлэлийн компанийнхаа шинэ төслүүд, номууд дээр нэлээн цаг гаргаж байна. Хүүхдийн боловсрол, сэтгүүлчдийн боловсрол, улстөрчдийн боловсрол, хотын хөгжил, бас олон нийтэд чиглэсэн бүтээлүүд гаргаж байна. Нийгмийн шаардлага байна. Монголын нийгэм эх сурвалжгүй, худал хуурмаг, гүжирдлэгт автсан мэдээнд умбаж байна. Сэтгүүлчид, нийт иргэдийнхээ боловсролд зориулж сайн номууд гаргая. Ковид эхэлснээс хойш Их Британийн алдарт шинжлэх ухаан, танин мэдэхүйн "Сониучхан" хүүхдийн номын 10 цувралын ард гарлаа. Хүүхдүүдэд зориулсан ийм ном дутагдаж байна. Үүний эхний 5-ыг нь би өөрөө орчуулсан. Үнэхээр гоё ном.

Манай компани дараагийн 5 жилийн турш бүх 365 сумын сургууль болон, халамж шаардлагатай бүх халамжийн төвүүдийн номын санд энэ номыг үе шаттайгаар хандивлаж, хүүхдүүдийн боловсролд хувь нэмэр оруулах төлөвлөгөө гаргасан. Аавынхаа төрсөн Баянхонгор аймгийн Заг сумын дунд сургуулиас энэ ажлаа эхлүүлж байна. Бас хавар хэвлэлтээс гарах хэдэн номыг онцолж болно. "Billion Dollar Whale", "Азийн загалмайлсан эцгүүд", "Тhe Power Broker", "The Federalist Papers", "Сингапурын эцэг Ли Куан Ю: Улс үндэстнээ цогцлоосон нь", бас эрхийг нь хөөцөлдөж буй бусад бүтээлүүд бий. Injinash scandals, Injinash Kids, Injinash Classics гээд эртний сонгодог бүтээлүүд, Injinash суутнууд гээд цувралууд үргэлжилнэ. The University of Chicago Press-ээс эрхийг нь авсан "Улстөрийн философийн түүх" гэж ном бас орчуулгын шатанд явж байна.

Гэснээс орчуулга хийх үед үг гацаад, найруулга зэврээд байвал Ринчен гуайн бүтээлүүдийг дахиж уншиж хэлээ сэргээдэг. Энэ хүний бүтээлүүд, энэ хүний тухай бичсэн авга ахынхаа номуудыг багадаа уншсаар байгаад жаахан юм бичих, орчуулах хоббитой болсон санагддаг. Оюутан байх үеэсээ хойш 20 орчим ном хамтран орчуулж, хамтран бичиж, бас цөөнгүй ном эрхлэн хэвлүүлж, редакторлаж оролцсон байна. Дандаа л бусадтай хамтарч хийсэн төслүүд. Олон нийт сайн мэддэгээс гэвэл Томас Фридманы “Дэлхий бол хавтгай”, НЭПКО хэвлэлийн газрын “Британника” нэвтэрхий толийн мэдээллийн технологийн хэсэг, “Ажиа гэгээний намтар” зэрэг номуудыг хамтран орчуулсан. Орчуулгын ажилд одоо ч суралцсаар. Анх 17 настайдаа Корагессан Бойлын Хитманыг орчуулж байлаа. 2-р курст байхдаа Платоны Агуйн тухай сургаал, Шарлотт Гилманы феминизмийн оргил бүтээлүүдийн нэг "The Yellow Wallpaper", Мопассаны "Хүзүүний зүүлт" өгүүллэгийг 3-р курст орчуулж байв. Тухайн үед сонин, сэтгүүлүүдэд хэвлэгдэж байсан. Энэ өгүүллэгүүдээ нэгтгэж аавынхаа дурсгалд зориулан ном болгон гаргах бодол байна.

11. ТА ӨӨРИЙГӨӨ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЖ, СУРАЛЦДАГ ВЭ?

Хэзээ ч зогсоож болохгүй ганц зүйл бол суралцах. Байнга л шинийг эрэлхийлж, суралцаж байхгүй бол зэвэрнэ. Зав л гарвал юм уншина. Гэхдээ их сорчилж уншдаг. Шинэ сонин хүмүүстэй уулзаж, санаа бодлоо байнга хуваалцахыг хичээнэ. Ярилцах тусам санаа баяжиж, итгэл үнэмшил лавширдаг. Нэг номыг 5, 10 удаа засна. Гэхдээ л засах юм гараад л байдаг. Бичгийн ажил хийдэг хүмүүс энийг сайн мэднэ. Ингээд энэ арваннэгдүгээр сард номын эх бэлтгэдэг "Indesign" программыг YouTube үзэж сурсан. Хэвлэлд өгөх номд засвар хийх шаардлага гарвал тэр болгонд эх бэлтгэгч руу ярьж цаг алдаад байхгүй, засваруудаа шууд өөрөө оруулаад явахад амар болж байгаа юм. Ер нь болж өгвөл жил болгон гадаадын аль нэг оронд курс дамжаанд явахыг зорьдог. Сүүлийн 10 жил энэ дүрмээ дагасан. Их дээд сургууль, дунд сургууль, хөдөө орон нутагт жил бүр хувь хүний хөгжил, карьер хөгжил, бусад сэдвээр лекц уншиж ирлээ. Залуустай санаа бодлоо хуваалцах бүрд их сайхан эерэг энерги авдаг. Энэ нэгдүгээр сард Дарханд уригдаж яриа хийсэн. Олон жил залууст ментор хийсэн дээ. Одоо ч хийж л байна.

12. САНАЛ БОЛГОХ НОМ, ХӨГЖИМ, КИНО?

Хүн болгоны сонирхол өөр тул өөрийн дуртайгаа л хэлье. Камюгийн "Хөндлөнгийн хүн", Коэльогийн "Алхимич", Кафкагийн "Шүүх ажиллагаа", Фицжеральдын “Агуу Гэтсби”, Достоевскийн “Дорд үзэгдэгсэд”, “Газар дороос бичсэн тэмдэглэл” гэж бүтээлүүд миний ертөнцийг үзэх үзэлд их нөлөөлсөн санагддаг. Сүүлийн хэдэн жил бүгд монгол руу орчуулагдсан байна лээ. Орчин үеэс гэвэл Харуки Муракамигийн зохиолуудад дуртай. Л.Өлзийтөгсийн шүлэг, өгүүллэгүүд их гоё.

Хөгжим гэвэл янз бүрийн жанр сонсдог. Гэхдээ "Radiohead", "Depeche Mode", "А-ha", "R.E.M."-ээс хэзээ ч уйддаггүй. "Beatles", "Nirvana", "Doors"-ийн фэн. "The HU", "Алтан ураг", бас хуучны ретро дуунуудад дуртай. Сангидорж, Шарав гуайн хөгжим гоё. Гэртээ хоол хийхдээ эсвэл ажлын өрөөндөө хөгжим сонсдог.

Киноны жинхэнэ фанат. Зарим киног зөвхөн ганцаараа, сонирхолтой сюжетийг дахин дахин гүйлгэж үздэг. Сургалтын төлбөрөө олох гэж махийтлаа ажилладаг байсан ч сонирхлоороо хэдэн хичээл нэмж авч үзэж байсан юм. Төлбөр нь чанга байсан ч одоо огт харамсдаггүй. Нэг удаа кино урлагийн курсийг бүр зориуд сонгож суув. Чикагогийн урлагийн институтээс ирсэн зочин профессор бидэнд кино гэж ямар агуу урлаг болохыг заасан даа. Алфред Хичкокийн триллерүүдэд дуртай. Жэймс Стьюарт, Грэйс Келлигийн тоглосон "Rear Window" (1954), "Rope" (1948) киног санал болгоё. Элиа Казаны найруулсан “A Streetcar Named Desire” (1951)-д залуу Марлон Брандо, Вивьен Лигийн дүрийг нэг хараарай. За мэдээж Aртур Миллерийн зохиолоор хийсэн “Худалдаачны үхэл”. Жүжгийн зохиолыг дэлгэцнээ Дастин Хоффман яаж амилуулж байгааг харах үнэхээр гайхамшигтай санагддаг. Орчин үеэс гэвэл Тарантино, Вoн Кар Вай, Бон Жу Хогийн бараг бүх кинонд дуртай. Бас Стэнли Кубрикийн “Clockwork Orange” (1971)-ийг үзэхэд гэмгүй. Сүүлийн үед Холливудын том студиуд муу, харин Netflix тун сайн байна. "Billions", "Crown", "Queen’s Gambit", мэдээж "Love Death Robots". Улстөр сонирхдог бол "House of Cards", "Game of Thrones"-ийг үзэхэд гэмгүй. Хиймэл оюун гэвэл HBO-гийн "Westworld"

Ташрамд Орсон Уэллэсийн "Citizen Kane" (1941) киног заавал үзэхийг санал болгоё. Угаасаа эрин зууны шилдгүүдийн нэг л дээ. Хэвлэлийн магнатын тухай энэ кинон дээр Английн алдарт Самуэл Колерижийн бичсэн "Хубилай хаан" гэж агуу шүлэг гардаг. Жаахан халихад, 1797 оны нэг үдэш Колериж гуай Марко Пологийн аяллын тэмдэглэлийг уншиж байгаад опиум татаад унтаад өгчээ. Марко Пологийн дүрсэлсэн Хубилай хаан, Шанд хотыг зүүдэндээ хараад, сэрсэн даруйдаа үзгээ шүүрч аваад шүлэг бичсэн гэдэг. Хубилай хааны байгуулсан Шанд хотын алдар сууг магтсан энэ шүлэг өнөөдөр англи хэлээр бичигдсэн яруу найргийн оргил бүтээлүүдийн нэгд тооцогддог юм. Шанд гэж үгийг мань хүн "Xanadu" гэж галиглажээ. Колерижийн шүлэг уран яруугаараа гайхагдсан тул хожим Xanadu гэх үг англи хэлний үгсийн санд орж, Google, Webster, Cambridge зэрэг томоохон толь бичгүүдэд "a place of great beauty, luxury, and contentment" буюу бахдам гоо үзэсгэлэн, яруу тансаг, сэтгэл ханамж төгс газар гэх шууд утгатай үг болж нэмэгдсэн байдаг. Netflix-ийн “The Crown” гэж цуврал дээр хунтайж Чарльзийн тансаг ордныг эргэж очсон Элизабет хатан “Чи ч бүр өөрийнхөө занадуг олоод авчээ дээ” гэж Дианагаас тусдаа амьдарч эхэлсэн хүүгээ зэмлэхэд өмнөөс нь Чарльз "Хубилай хаан" шүлгийн бадгийг хэлэх жишээтэй. Яахав энэ үг, бас шүлгийн тухай мэдэхгүй монгол залуус бол анзаараагүй байх. “The Crown” бол Netflix-ийн хамгийн их үзэгчтэй сайн кино. Олон орны үгсийн санг энэ мэт суут үгээр баяжуулсан өвөг дээдсээрээ бид бахархах, бас мэдэж байх ёстой. Жаахан судлаад үзвэл Шанд хот бол Цагаан хэрмээс нааш, Долнуурын нутагт одоо ч монгол нэртэй овоо, уул, усны дунд бүр сайн яривал Хубилай биш түүний ах Мөнх хааны зарлигаар баригдсан хот. Хэдэн жилийн өмнө ЮНЕСКО соёлын өвдөө бүртгэсэн байна лээ.

ХУБИЛАЙ ХААН (Самуэл Т. Колериж 1797)

Хүмүүн хэмжиж үл барах агуй ангал тольдогсон
Наран хэжиж үл хүрэх агуу тэнгис зоригсон
Ариун мөрөн урсах Шанд нутагт
Эзэн хаан Хубилай зарлиг буулгаж
Эрхэм цэнгэлийн их орд дүвлэжээ...

Ахмад дипломатч Д.Бямбаа гуай үнэхээр сайхан орчуулсан байгаа биз?

13. АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

“Алхимист”-ийг 20 жилийн өмнө уншиж байсан ч “хэрэв чи мөрөөдөх юм бол орчлон ертөнц (бурхад) чамд туслахын төлөө үгсэн хуйвалдах болно" гэдэг нь санаанд тод үлджээ. Бас миний орчуулсан нэг номд гарсан Луйс Пастерын эшлэл санаанаас огт гардаггүй: “Fortune favors the prepared mind” гэж. Үгчилбэл “бэлтгэгдсэн оюуныг азын тэнгэр ч илүүтэй харж үздэг” гэх үү дээ. Санаа зөв бол заяа зөв гэж манайхан ярьдагтай утга ойролцоо. Би үнэхээр аз байдагт итгэдэг. Гэхдээ азыг хүн өөрөө өөртөө бий болгодог, өөртөө тохиолдуулдаг гэж боддог юм. Бэлтгэгдээгүй хүнд аз ирсэн ч тосоод авч чадахгүй, эсвэл огт анзаарахгүй өнгөрөөчихдөг байх гэж боддог.

14. БУСДАД ШИДЭХ САНАА?

Монгол залуучуудыг зөв амбицтай байгаасай л гэж хүсдэг. Залуу хүн чинь том мөрөөдөж, хүсэж тэмүүлж л амьдарвал ёстой л ухаантнууд хэлсэн шиг бурхад чуулж тусална шүү дээ. Хэнд ч битгий гомд. Эцсийн эцэст бүх зүйл чамаас л шалтгаална. Ер нь тэгээд албан тушаалтныг дээдэс гэж бүү дээш хар. Бүү дэвэргэ, бас хийгээгүй зүйлд нь бүү гүтгэ. Зүгээр л ижил түвшинд харьц. Угтаа төрийн албан тушаалтнууд бол нийтийн төлөө бүхнээ умартахаар шийдэж тангараг өргөсөн “ард иргэдийн хүндэт зарц” гэдгийг хаа хаанаа ойлгож чадвал бүх зүйл жигдэрнэ. Гэхдээ энэ бүхэнд хугацаа их орох шинжтэй. Иймд өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, өөртөө итгэх хэрэгтэй. Орчин тойрондоо нөлөөл. Цаг ямагт өөрийгөө хөгжүүлж, урагшил. Утаанд хөмрүүлсэн дөрвөн уулын тогооноос жаахан хальж хар. Дэлхий уужим. Амьдрал гоё. Зовлон, гуниг тохиосон ч амьдрал өөрөө баялаг гэдгийг санаж, түр зуурын үзэгдлүүдэд сатаарахгүй байх, гэхдээ тэмцлээ үргэлжлүүлсээр байвал амьдрал илүү амттай. Залуучууд ковидын үеэр хийх юмгүй гиюүрнэ гэдэг бол байж болшгүй хэрэг. Энэ хорвоод хийх, амжуулах ажил, үзэж харж, унших номоос их юм алга. Ер нь амбиц гэж үг манайд их буруу нутагшсан. Уг үгийн жинхэнэ утга нь “хийж бүтээх хүсэл эрмэлзэл” юм шүү дээ.

 

Эх сурвалж: unread.today

Гэрэл зургийг: unread.today гэрэл зурагчин Х.Хантүшиг

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.