Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
COP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэ

     Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийн үйл ажиллагааны гол цөм нь Цэнхэр бүсэд төвлөрч байна. Энэ бүс нь хурлын албан ёсны хэлэлцээ, бодлогын түвшний уулзалт, салбар хуралдаан, хэвлэлийн арга хэмжээ, улс орон болон олон улсын байгууллагуудын танилцуулга, хамтын ажиллагааны хэлэлцүүлэг өрнөдөг үндсэн талбар юм. Цэнхэр бүс нийтэд нээлттэй хэсэг биш. Зөвхөн албан ёсоор бүртгүүлж, баталгаажсан төлөөлөгчид, ажиглагч байгууллагууд, олон улсын байгууллагын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд тусгай үнэмлэхээр нэвтэрч байна. Иймээс энэ бүсийг COP17-ийн хамгийн албан ёсны, шийдвэр гаргалт төвлөрсөн орон зай гэж үзэж болно. Энд явагдаж буй хэлэлцээ, уулзалтууд нь цөлжилт, газрын доройтол, ган, усны нөөц, бэлчээрийн менежмент, тогтвортой газрын ашиглалт зэрэг өргөн хүрээний асуудлыг хамарч байна. Өөрөөр хэлбэл, COP17-ийн хүрээнд яригдаж буй дэлхий нийтийн анхаарал татсан асуудлууд зөвхөн уриа, тунхаглалын түвшинд бус, бодлого, хэрэгжилт, хамтын ажиллагааны бодит гарцын хүрээнд Цэнхэр бүсэд хэлэлцэгдэж байгаа юм.

Цэнхэр бүсийн хуралдааны чухал хэсгийг Конвенцийн хэрэгжилтийг хянах хороо болон Шинжлэх ухаан, технологийн хорооны уулзалтууд бүрдүүлж байна. Эдгээр хуралдаанаар улс орнууд цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, ололт, саад бэрхшээлээ танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж байна. Мөн санхүүжилт, хөрөнгө оруулалт, инновац, технологийн шийдлийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар хэлэлцэж буй нь COP17-ийн практик ач холбогдлыг тодотгоно.

Энэ удаагийн хурлын үеэр Цэнхэр бүсэд байрласан павильонууд онцгой анхаарал татаж байна. Улс орнууд, олон улсын байгууллагууд, хөгжлийн түншүүд өөрсдийн туршлага, санаачилга, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрөө танилцуулж, газрын доройтол, бэлчээрийн менежмент, усны нөөцийн хамгаалал, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, санхүүгийн механизмын талаар мэдээлэл өгч байна. Энэ нь зөвхөн үзүүлэн, танилцуулгын шинжтэй бус, харилцан суралцах, хамтын ажиллагаа эхлүүлэх, туршлага солилцох бодит индэр болж байгаа юм.

COP17 Монгол Улсад болж буй энэ цаг үед Цэнхэр бүс нь манай улсын хувьд ч онцгой ач холбогдолтой. Учир нь Монгол Улс цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн даац, усны хомсдол зэрэг сорилттой нүүр тулж буй орны хувьд эдгээр асуудлыг олон улсын түвшинд хөндөж, өөрийн санаачилга, туршлага, бодлогын чиглэлээ танилцуулах боломжийг ашиглаж байна. Энэ утгаараа Цэнхэр бүс бол зөвхөн дэлхийн улс орнуудын хэлэлцээ явагдах талбар биш, Монгол Улсын дуу хоолойг олон улсад хүргэх чухал индэр болж байна. Мөн Цэнхэр бүс бол COP17-ийн хамгийн “мэдээтэй” хэсэг юм. Учир нь бодит шийдвэр, байр суурь, хэлэлцээ, олон улсын хамтын ажиллагааны гол агуулга эндээс гарч байна. Аль улс ямар байр суурь илэрхийлж байна, ямар шинэ санаачилга дэвшүүлж байна, ямар асуудал дээр санал нэгдэж, юун дээр маргаж байна гэдгийг Цэнхэр бүсээс харж болно.  Тэнд хэлэлцсэн асуудлууд дэлхий нийтэд түгэж байгаа.

Харин COP17-ийн Ногоон бүс нь олон нийтэд илүү нээлттэй, соёл, инновац, үзэсгэлэн, танин мэдэхүйн арга хэмжээг түлхүү багтааснаараа Цэнхэр бүсээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, Ногоон бүс нь олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчны талаарх ойлголтыг түгээхэд чиглэж байгаа бол Цэнхэр бүс нь бодлого, хэлэлцээ, шийдвэр гаргалтын төв цэг болж байна. Ийнхүү COP17-ийн Цэнхэр бүсэд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого боловсруулагчид нэг дор цугларч, цөлжилт, газрын доройтол, ган, ус, бэлчээрийн менежментийн асуудлаар гарц, шийдэл эрэлхийлж байна. Тиймээс энэ бүсийг COP17-ийн зүрх, олон улсын хамтын ажиллагааны бодит хөдөлгүүр хэмээн тодорхойлж болохоор юм.

       Цэнхэр бүсэд өрнөсөн үйл явц, мэдээллүүд  энэ өдрүүдэд төв азийн цээжинд орших Монгол Улсын нийслэлээс цэнхэр дэлхийн өнцөг булан бүрт хүрч байна.

   

                                                                                                                Б. Номин-Эрдэнэ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.