Уншиж байна...
Монгол Ардын намын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлжээГ.Занданшатар: Би явж болно, Монгол төр зогсох ёсгүйЦУОШГ: Цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа эхэллээГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээУс бохирдуулсны төлбөр төлөхгүй бол “Оюу толгой” ХХК-д ус ашиглуулахгүй байх асуудлыг хөндөнөА.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоноӨнөөдөр зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарнаН.Учрал: Улс төрийн тоглоом улс орны шоглоом болох учиргүйОй хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байнаЗарим нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурнаСүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношилгооны технологиор өргөжүүлнэОнцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголооЯпоны Засгийн газар байнгын оршин суух зөвшөөрөл авах шалгуурыг нэмэгдүүлнэУлаанбаатарт 8 хэм дулаан байна
АНУ-ЫН УРАН ГУЛГАЛТЫН БАГ АНХНЫ АЛТАН МЕДАЛИА АВАХ УУ?

"Бээжин-2022" олимпын багийн уран гулгалтын медаль гардуулах ёслол мягмар гарагт зохион байгуулагдах байсан ч Камила Валиевагийн шинжилгээнээс сэргээш илэрсэн гэх дуулианы улмаас хойшлогдсон. Олон улсын олимпын хорооноос хууль эрх зүйн нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаад буй. Мөн Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) ч Оросын уран гулгагч Камила Валиевагаас сэргээшийн шинжилгээ авсан нөхцөл байдлын талаар тайлбар хийхээс татгалзжээ. Харин ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагын зүгээс үүсээд буй нөхцөл байдлын талаар албан ёсны мэдээлэл хүлээж байна гэжээ.  

Лхагва гарагт Inside the Games цахим хуудас К.Валиевагийн сэргээшийн шинжилгээ эерэг гарснаас шагнал гардуулах ёслол хойшилсон гэх мэдээллийг анх цацжээ. Уг хуудсанд мэдээлснээр, сэргээшийн шинжилгээ эерэг гарсан нь олимпын наадмаас өмнөх буюу 2021 оны арванхоёрдугаар сарын хэрэг явдал гэсэн байна. Оросын РБК сонины мэдээлснээр, Камила Валиева Бээжингийн олимпын тамирчдын баазад ирэхээс өмнө буюу эх орондоо байхдаа тамирчид хэрэглэх хориотой төрлийн зүрхний эм уусан нь шинжилгээгээр илэрсэн. Тус шинжилгээний дээжийг Валиеваг өнгөрсөн сард Эстонид болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхээс өмнө авсан гэжээ. Мөн Валиевагийн шинжилгээгээр илэрсэн гэх триметазидин хэмээх зүрхний эм нь тэсвэр тэвчээр, цусны урсгалыг сайжруулдаг тул Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас 2014 оноос хойш хэрэглэхийг хориглосон байдаг аж. Валиева эмчилгээний зориулалтаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан уу эсвэл зүрхний өвчтэй байсан уу гэдэг нь мөн тодорхойгүй хэвээр байна.

Спортын сэргээшийн триметазидины хамгийн алдартай тохиолдол нь Хятадын усан сэлэлтийн тамирчин Сун Янтай холбоотой юм. Олимпын гурван удаагийн аварга 2014 онд гурван сар хоригдож байв. Ийнхүү “Сочи-2014” олимпын үеэр сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож, Спортын Арбитрын шүүх (CAS) Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) болон ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) хоорондын маргааныг хянан хэлэлцсэний дараа Оросын тамирчдыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимп зэрэг наадамд төрийнхөө далбаан дор өрсөлдөх эрхийг хассан байдаг. Түүнчлэн Оросын бобслейдчин Надежда Сергеевагаас Пёнчан-2018 Олимпийн наадмын үеэр триметазидин илэрч эерэг гарсан. Тиймээс тус хоёр эмэгтэй тамирчдад бобслегийн төрөлд оролцох эрхийг нь хасаж, улмаар найман сар хорьсон байдаг.

Олон улсын олимпын хороо болон Швейцарт төвтэй Олон улсын шинжилгээний агентлаг Олимпын эм бэлдмэлийн сорилын хөтөлбөрийг хянадаг бөгөөд энэ хэргийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан юм. Мөн Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийн дүрмийн дагуу Валиева 16 нас хүрээгүй тул түүнийг гэм буруутай гэж үзэх боломжгүй аж.

Даваа гарагт Орос алт, АНУ мөнгө, Япон хүрэл медаль хүртсэн ч гэлээ сэргээш тойрсон асуудлаас болж медаль гардуулах ёслол тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Хэрэв сэргээш хэрэглэсэн асуудлаар Оросын баг хасагдах юм бол АНУ-ын баг энэ төрөлд анх удаа алтан медаль хүртэх юм. Харин Япон улс мөнгөн медаль, дөрөвдүгээр байрт шалгарсан байсан Канадын баг тамирчид хүрэл медаль хүртэх боломжтой болно.

Хэрэв ямар нэгэн тамирчин, баг хасагдсан эсвэл үр дүн нь хүчингүй болсон тохиолдолд давж заалдах гомдол гарах магадлалтай бөгөөд энэ нь медаль гардуулах хугацааг хойшлуулж болзошгүй. Түүнчлэн спортын арбитрын шүүх яаралтай хэрэг хянан шийдвэрлэхээр Бээжинд оффис хүртэл байгуулжээ.

Сэргээшийн тухай асуудал уран гулгалтын спортод ховор тохиолддог. Гэсэн хэдий ч сэргээш хэрэглэсэн тохиолдлууд цөөнгүй байдаг. Ялангуяа 2000 онд уран гулгагч Елена Бережная псевдоэфедрин илэрсэн тул Европын аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг нь хурааж авсан байдаг. Гэвч Камила Валиевагийн хувьд 16 нас хүрээгүй. Тиймээс дүрмийнхээ дагуу түүнийг сэргээшийн эсрэг зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Тиймээс тэрээр одоо хүртэл спортын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлж байна. Ийнхүү бэлтгэл дээр гарч ирсэн нь холбооноос түүнийг устгах ямар ч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг гэдгийг хэвлэлүүд онцолж байна.

Удахгүй хоёрдугаар сарын 15-ны өдөр эмэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн эхлэх юм. Одоогоор Оросын олимпын хороо Валиевагийн шинжилгээний хариуны эсрэг давж заалдсан уу эсвэл хүлээн зөвшөөрсөн үү гэдгийг тодорхой мэдээлэх боломжгүй ч тус улсын хэвлэлүүд “бид алтнаас хасагдах гэж байна уу” хэмээн бичиж байна.

Дашрамд дурдахад, уран гулгалтын хосын төрлөөр олимпын аварга болж байсан Оросын Татьяна Волосожар өөрийн цахим хуудаснаа “#Iwillneverbelieve” буюу “Би хэзээ ч итгэхгүй” давлагааг үүсгээд байна. Мөн Гүржийн уран гулгагч Морис Квителашвили өөрийн байр сууриа илэрхийлж, Камила Валиеваг сэргээш хэрэглээгүй гэдэгт итгэж байна хэмээжээ.

Эх сурвалж: USAtoday.com, Championat.com, AP news.com

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.