Хятадын өмнө хэсэгт байдаг Жухай хотын спортын төвийн урд цугларсан байсан хүмүүсийг машин дайрснаар багадаа 35 хүн амь үрэгдэж, 43 хүмүүс тодорхой хэмжээний бэртэл авжээ.
Даваа гаригийн 7 цагийн орчимд энэ хэрэг тохиолдсон ба нэгэн эрэгтэй бартаат замын жижиг машин жолоодож байгаад спортын төвийн гадаа дасгал хийж байсан олон тооны хүмүүс рүү дайрсан байна. Энэ тухай мягмар гарагт л цагдаагийн байгууллагууд мэдээлэв.
Жухай дахь цагдаагийн байгууллагаас сэжигтэн нь 62 настай эрэгтэй бөгөөд өөрийгөө машинд хутгаар гэмтээсэн байсан учир эмнэлэгт эмчлүүлж байсан гэсэн мэдээллийг өгсөн байна. Мөнтүүнчлэн гэмтсэн 43 хүмүүсийн гэмтэл нь амь насанд нь халтай бус болохыг нэмэн хэлжээ.
Сэжигтэн зугтахыг завдсан ч цагдаа нар хэргийн газар дээр нь түүнийг саатуулсан бөгөөд тэрээр хутгаар өөрийгөө гэмтээж, хүзүүндээ хүнд гэмтэл учруулсан байдалтай байсан.
Тэрбээр "гэр бүл салалтаас хойш гэр бүлийн өмчийг хуваахдаа сэтгэл хангалуун бус байсан" учир энэ хэргийг үйлдэх сэдэл авсан тухай анхан шатны мөрдөн байцаалтын явцад тогтоосон хэмээн цагдаа нар мэдэгдэв.
Сэжигтэн хүзүү болон биеийн бусад хэсэгтээ гэмтэл учруулсны улмаас одоогоор комд байгаа бөгөөд байцаалт өгөх боломжгүй байгаа юм байна.
БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин шархадсан хүмүүсийг эмчлэхийн тулд бүхий л хүчин чармайлт гаргахыг тушааж, гэмт этгээдийг хатуу шийтгэхийг шаарджээ. Төв засгийн газар хэргийг шийдвэрлэх талаар зааварчилгаа өгөх багийг илгээсэн гэж төрийн телевизийн “CCTV” суваг мэдээлэв.
Хятадад харуул хамгаалалт чанга, галт зэвсгийн тухай хууль мөн адил чанга байдаг тул хүчирхийллийн гэмт хэрэг ховор тохиолддог. Гэсэн хэдий ч томоохон хотуудад хутгатай халдлагын тухай мэдээлэл олширч байгаа нь олон нийтийн газрын аюулгүй байдалд олон нийт анхаарлаа хандуулж эхлээд байгаа юм.
Эх сурвалж: Al Jazeera
Бэлтгэсэн: О.Янжинлхам