Их эртнээс яригдсан ураны асуудал сүүлийн хэд хоногийн хэрүүлийн сэдэв байлаа. Яг л хоёр талцлаа. Арай шинжлэх ухаанч хэсэг нь гэх юм уу, ураны асуудал дээр дэмжиж, зарим нэг хэт болгоомжтой хэсэг нь үүнд шүүмжлэлттэй хандлаа гээд зөөлнөөр хэлж болох юм. 2025 оны нэгдүгээр сарын 17 Монгол, Францын түүхэнд тодоор тэмдэглэгдэх түүхэн өдөр боллоо. Энэ өдөр Монгол Улс гуравдагч хөрш буюу Франц улстай хамтран уран олборлох гэрээ байгуулав. Энэ нь гуравдагч хөрштэйгөө байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ бөгөөд Оюутолгойн гэрээний дараа орох томоохон гэрээ юм.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ гэрээ Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холбогдолтой. “Монголын За бол андгай” хэмээх үг бий. Энэ бол Монголын парламенттай нээлттэй мэтгэлцээнээр хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрхзүйн хувьд тогтвортой гэсэн үг.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаараа батлуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, соёрхон батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй мөрдөх болно.
Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр Нэгдсэн Үндэстний байгууллага, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэх чухал алхмыг хийж чадлаа.
Энэ төслийг хэрэгжүүлснээр Монголын ард түмэнд тав орчим тэрбум ам.долларын ашиг орлого авчрах бөгөөд орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлж, орон нутгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдах боломж бүрдэнэ” гэсэн юм.
Ерөнхий сайдын хэлсэнчлэн энэхүү төсөл нь Монгол Улсад ийм ашигтайгаас гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэхээс гадна олон оронд ашиг тусаа өгөх юм. Энэ тухай Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг" компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Энэхүү гэрээг байгуулснаар Франц, Англи, Итали, Испани, Белги, Нидерланд, Швейцарь зэрэг Европын холбооны 26 улсын гуравны нэгийг 50 жилийн турш цахилгаанаар хангах боломжийг нээж өгч байгаа.
Хоёрдугаарт, дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтай тэмцэж буй тэмцэлд манай улс том хувь нэмэр оруулах алхам боллоо.
Гуравдугаарт, Монгол Улс уран олборлосон туршлага дээрээ үндэслэн цаашид атомын цахилгаан станц барих боломжийг нээж байна" гэсэн юм. Үүнээс үзвэл Франц улстай хамтран уран олборлох төсөл нь Монгол Улсыг дэлхий дахинд дахин шинээр танилцуулах, үнэлүүлэх ач холбогдолтой нь харагдаж байна.
Мөн Франц, Европын Холбооны стандартад нийцсэн уран олборлох шинэ техник технологи, нөү хауг Монгол Улсад нутагшуулах юм. Улмаар нарийн мэргэжлийн, өндөр үнэлэмжтэй 1600 мэргэжилтэн бэлтгэж, монгол иргэдээс чадварлаг хүний нөөц бүрдүүлэх үүргийг “Орано майнинг” компани хүлээсэн.
Төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 500 сая доллар бөгөөд гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш дөрвөн жилийн хугацаанд хийх юм. Хөрөнгө оруулалтын гэрээнээс онцлох зохицуулалтуудыг танилцуулъя.
27 жилийн турш гацсан энэхүү төсөл сүүлийн жилүүдэд эрчимжсэн ч гэрээ байгуулж, гараанаас нь гаргахад хамтарсан Засгийн газрын газрын үр нөлөө их байлаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдан “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөрийг дэвшүүлж, олон жилийн хугацаанд улс төржин гацсан 14 мега төслийг хэрэгжүүлэхээ зарласан билээ. Байгуулагдаад 100 гаруй хонож байгаа хамтарсан Засгийн газар Францтай хамтран уран олборлох гэрээ байгуулснаар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа.