Хэсэг бүлэг хулгайч нар 2500 жилийн настай эртний алтан дуулганаас гадна 4 эртний түүхэн дурсгалт үнэт зүйлсийг Нидерландад байдаг музейн хаалгыг дэлбэлэн нэвтэрч хулгайлсан байна.
Энэхүү тонуул нь Ассен хотын Дрентс музейд бямба гарагийн үүрээр болсон ба орон нутгийн цагаар шөнө дундын 03:45 цагт дэлбэрэлт болсон тухай мэдээлэл авсан гэж Нидерландын цагдаа нар гэж мэдээлжээ.
Цагдаа нарын нийтэд дэлгэсэн камерын бичлэгт сэжигтнүүд дэлбэрэлт болж агаарт оч, утаа гарахаас өмнө гаднах хаалгыг онгойлгож байгааг харуулсан байна. Хулгайчид МЭӨ 50 оны үед хамаарагдах гурван алтан бугуйвч, мөн Бухарест дахь Румын улсын Үндэсний түүхийн музейгээс зээлж авсан түүхэн чухал олдвор болох МЭӨ 5-р зууны үеийн Котофенестигийн дуулга зэргийг тоносон байна.
Дрентс музей өөрийн цахим хуудаснаа хийсэн хэвлэлийн мэдээнд бараг зуун жилийн өмнө Румыны нэгэн тосгоноос олдсон Котофенестигийн дуулгыг “маш гайхалтай бүтээл" гэж тодорхойлж байжээ. Түүний хийцэн дээр домогт гардаг хос нүд байдаг бөгөөд тулалдааны үеэр дайснуудыг сатааруулахаас гадна "чөтгөрийн нүднээс" хамгаалдаг гэж үздэг аж.
Нидерландын цагдаа нар дэлхийн цагдаагийн байгууллага Интерполтой хамтран ажиллаж байгаагаа зарласан бөгөөд ням гарагийн байдлаар 50 гаруй мэдүүлэг авсан байна. Мөрдөн байцаагчид долоо хоногийн эхээр ойролцоох Алкмаар хотоос хулгайлагдсан саарал өнгийн автомашиныг хайж байсан бөгөөд хэргийн газраас дөрвөн милийн зайд өнөөх машин шатаж байсныг тонуул болсны дараахан илрүүлсэн байна.
Сэжигтнүүд хулгайлсан автомашинаа орхин өөр машинд суугаад зугтсан гэж цагдаа нар үзэж байна.
Дрентс музейн ерөнхий захирал Харри Тупан "Өнгөрсөн шөнө музейд болсон үйл явдалд бид маш их цочирдсон. 170 жил үйл ажиллагаагаа явуулахдаа ийм томоохон хэрэг гарч байгаагүй. Бид бүхэн үүнд маш их харамсаж байна." хэмээжээ.
Эх сурвалж: CNN
Бэлтгэсэн: О.Янжинлхам