Өвөл хаврын тарчиг цагт халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх зэрэг эрсдэлүүд гардаг тул байршил нутагт нь идэш тэжээлийн дэмжлэг үзүүлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэмжээ юм.
Тус газраас Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн 2 цэгт 1000 кг нуурын давсыг хөрсөнд шингэхээс урьдчилан сэргийлж, зэрлэг амьтдад хүртээмжтэй байдлаар унанги мод, хожуулыг ашиглан байршуулж, үр дүнг баталгаажуулахаар хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршуулжээ.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад “Хүрээлэн” төслийн хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.
Цаашид уг ажлыг төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн Байгаль орчны газар