Жагсагчид Сүхбаатарын талбайг амраахаа байлаа. Бараг өдөр бүр л тэнд жагсаал цуглаан нэртэй хэдэн хүн зогсох болов. Энэ хэрээр жагсаал цуглааны үнэлэмж уначихлаа. Жагсах, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн хамгийн чухал механизм. Гэтэл сэтгэлийн дуудлагаар бус, улс төрийн зорилгоор жагсагчид үнэ цэнийг навс унагаж байна. Өнөөдөр л гэхэд Засгийн газрыг огцруулах жагсаал нэртэй жагсаалыг хэдхэн хүн Сүхбаатарын талбайд зохион байгуулав. Иргэд, олон нийт үнэхээр л Засгийн газрыг огцруулахыг хүсэж байгаа бол өнөөдөр Сүхбаатарын талбайд илүү олон хүн цуглах байлаа. Иргэд ч жагсаал цуглаанд итгэхээ больж байна. Төлбөртэй, захиалгатай жагсагчид ингэтэл нь ардчиллын чухал үнэт зүйлийг Монголд үнэгүйдүүлэх болсон даанч харамсалтай.
Ядаж байхад Монголд хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжих, Засгийн газар алив нэг гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах тийм үед энэ идэвхжил яваад байна. Францтай хамтран уран олборлох гэрээ байгуулах үеэр л гэнэт жагсаал цуглаан, Засаг огцруулах юм яриад хэдэн нөхөд уриалаад эхэлсэн. Одоо энэ сарын 14-нд БНХАУ-тай экспортын төмөр замыг холбох, нүүрс худалдаалах, Тавантолгойн ордын олборлолтыг нэмэгдүүлэх гэрээ байгуулахаар төлөвлөж байгааг угтан жагсаж эхэллээ. Мэдээж олны олонд үзэл бодлоо илэрхийлэхээр очсон хүн байгаа л байх. Даанч турхирагчид, зорилтот нөхөд ул суурийг нь тавьж, хүслээ биелүүлэхдээ мөрөөрөө үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн үнэ цэнийг давхар уландаа гишгэчиж байгаа юм.
Саяхан УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргасан. Гэвч энэхүү санал нь газар авсангүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл Засгийн газрыг тогтвортой ажиллуулж томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах нь зүйтэй гэж иргэд ойлгож эхэлж байгаа бололтой. Гэхдээ Ч.Лодойсамбуу гишүүний тавьж байгаа шаардлагад зөв зүйл байгааг бас хэлэ хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр юу чухал вэ гэдгийг бодох нь чухал. Ялангуяа, хоёр том хөршийн дунд оршиж буй манай улсын хувьд алдаж болохгүй цаг хугацаа гэж бий. БНХАУ-тай гэрээ байгуулахаар тохирсон цаг хугацаа бол алдаж болохгүй хугацаа. Манай улс хоёр хөршөөсөө дэндүү их хамааралтай. БНХАУ-тай тохирсон дээрээ гэрээ байгуулаад авах нь нэн чухал. Гашуунсухайт, Ганц модны боомтыг төмөр замаа холбохоор олон жилийн турш хүсэж мөрөөдөж ирсэн. Энэ хүсэл одоо л биелэлээ олох гэж байна. Гэрээнд гарын үсэг зурж, бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нүүрсний экспортыг 60 хувь нэмэгдэж, улс орны эдийн засаг эрчимжинэ. Энэ Засгийн газар ч энэ мэт томоохон төслүүдээ хэрэгжүүлэхээр байгуулагдсан. Яг энэ үед тухайн төслийг нь, уг төслийг хэрэгжүүлэх гэж байгаа Засгийн газрыг ард иргэд нь нийтээрээ эсэргүүцээд байгаа мэт ойлголтыг гадагш нь өгч болохгүй. Тийм биш гэдгийг дотооддоо бүгд мэдэж, ойлгож байгаа ч гадаад орчинд бидэн шиг ойлгохгүй. Буруу ойлголт авч гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах, хөрөнгө оруулалт хийхээ болих гээд жижигхэн хэрүүл, үл ойлголцлоос бол Монгол Улсын ирээдүйд хохирол учрах эрсдэлтэй Энэ үүднээс харвал Засгийн газраас боловсруулж буй Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн агуулга зөв ч юм шиг. Засгийн газар буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуулийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа юм. УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг эсэргүүцэж үйл ажиллагааг нь алдагдуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх юм. Өнгөрсөн хугацаанд олон том төсөл улстөржилтөөс болж гацсан. Тэр бүрд хохирсон нь Монгол Улсын нийт иргэд. Тиймээс өнөөдөр юу чухал юу гэдгийг үйлдэл хийхээсээ өмнө боддог байх нь чухал байна. БНХАУ-тай тохиролцсон дээрээ гэрээ байгуулах нь хамгаас чухал. Харин Ерөнхий сайд, Засгийн газрыг бол хэзээ ч огцруулж болно. Бидэнд энэ цаг хугацаа хангалттай олдоно. Харин хоёр хөрш болон дэлхийн бусад улс орнуудтай гэрээ хэлцэл хийнэ гэдэг чинь нэг өдөр зүүдэлж сэрээд болчихдог юм биш. Урт хугацааны ажил өрнөж, арайхийн улс орондоо алс хэтдээ хэрэг болох чухал хэлцэлд хүрч чаддаг.
Поп улстөрчдийн эрин үе дуусах хандлага руугаа чиглэжээ гэхээр хаанаас ч юм хурган поп амилах нь хайран.
Магадгүй попууд хамгийн их алга ташилт хүлээн авдаг байх. Тэдний хор хөнөөл ямар ч зэвсгээс илүү улс оронд аюул авчирдаг. Дэлхийн улс орнуудад попуудаас болж сүйрч буй нь цөөнгүй. Нэг попын буруу шийдвэр, өнгөлөн далдалсан үгс нийтэд таалагдах авч, эцсийн хөнөөл нь аймшигтай.
Ардчиллын үнэ цэнийг авч үлдэж, энэ улсыг зөв замаар хөгжөөсэй гэж бодож байвал попуудыг алга ташин дэмжихээ л байчих хэрэгтэй юмсан даа.