Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүр мөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглээд харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосныг онцлов.
Мөн Элчин сайд Зафер Атешийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт амжилт хүссэн байна.
Зафер Атеш Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам