Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар урамшуулал олгохоор хуульчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, журмыг шинэчлэн боловсруулах ажлыг эхлүүлсэн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлд Байгаль орчныг хамгаалах ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн хөшүүргийг ашиглахаар хуульчилсан байдаг.
Тодруулбал:
Дээрх заалтын дагуу Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох журам”, 2 дугаар хавсралтаар “Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журам” тус тус батлагдсан боловч урамшуулал олгохоор хуульчилсан санхүүжилтийн эх үүсвэр, хууль эрх зүйн зохицуулалт зөрүүтэйгээс журмын хэрэгжилт хангагдахгүй байна.
Байгаль орчны салбарт хийж гүйцэтгэсэн сүүлийн 2 жилийн хяналт шалгалтын дүнгээс үзэхэд иргэдийн өргөдөл, гомдлын мөрөөр хийсэн хяналт шалгалтын тоо өссөн, байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын хэмжээ, зөрчил гаргагчдын тоо нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Иймд тус яамнаас иргэд, олон нийтийн байгалиа хамгаалах журамт үүргийг идэвхижүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор гомдол, мэдээлэл хүлээж авах тусгай дугаар ажиллуулж, иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах, үнэн бодит мэдээлэл өгсөн иргэдийг урамшуулах эрх зүйн зохицуулалтыг боловсруулахад анхаарч ажиллаж байна гэлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар урамшуулал олгохоор хуульчилсан зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор бусад холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, журмыг шинэчлэн боловсруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангаж, саналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газарт ирүүлэхийг уриаллаа.
Холбогдож мэдээлэл авах утас: 51-267675.
Цахим шуудангийн хаяг: salbariinhynalt@mecc.gov.mn
Эх сурвалж: БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газар