Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Катар Улсын Доха хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр бага хуралд оролцож байна.
Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сонгуулийн ерөнхий хороо, Авлигатай тэмцэх газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл багтаж байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталж, Монгол Улсын Их Хурал 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр соёрхон баталсан. Тус бага хурлаар Монгол Улс конвенцоор хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах хүрээнд авч хэрэгжүүлж буй дотоодын арга хэмжээ, ялангуяа хууль эрх зүйн орчны шинэчлэл, Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, мөн авлигатай тэмцэх чиглэлээрх олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа танилцуулж, санал солилцож байна.
Бага хурлын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ сарын 16-ны өдөр улсаа төлөөлөн үг хэлж, Монгол Улсын Засгийн газар авлигатай тэмцэх ажлыг тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж байгааг онцлов. Тэрээр авлига нь төрд итгэх иргэдийн итгэл, ардчилсан засаглал, эдийн засгийн шударга өрсөлдөөнд бодитой аюул учруулдаг гэдгийг онцлон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр сүүлийн үед Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн тухай мэдээлж, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Төрийн албанд сахилга, хариуцлагыг бэхжүүлэх жил” болгон зарлаж буйг онцлон дурдав.
Мөн Монгол Улс Албани, Гана, Норвеги зэрэг улстай хамтран “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан өргөн барьсан бөгөөд уг тогтоол батлагдсанаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хүрээнд улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг хөндсөн анхны тогтоол болох ач холбогдолтойг онцлон гишүүн орнуудыг дэмжихийг уриаллаа.
Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Оролцогч талуудын Бага хурал нь 2 жил тутам зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн 192 улс тус конвенцын гишүүн юм.