Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ.
Төслийг 2025 оны “Усны элч банк”-аар шалгарсан Голомт банк санхүүжүүлж, зохицуулагчаар Усны газар захиалагчаар Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК ажиллах юм байна.
Хөв цөөрөм ашиглалтад орсноор үер, ган, халиа дошины эрсдэл буурч, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3191 өрхийн 9810 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурах зэрэг байгаль орчин, нийгмийн бодит үр нөлөө бий болно.
Ажлын бэлтгэл 2026 оны 2 дугаар сараас эхэлж, барилга угсралтын ажил 2026 оны зургадугаар сарын 30-нд бүрэн дуусахаар төлөвлөгдсөн.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас усны нөөцийг хамгаалах, хуримтлуулах, зүй зохистой ашиглах бодлогын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааг дэмжин ажиллаж байгаа юм.