Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох зорилго бүхий зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна” гэж заасны дагуу Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг 2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд хэрэглээнд нэвтрүүлэн ажиллаж байна.
Тус санд зөрчил шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий 953 байгууллагын 11,602 эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн, хүлээн авсан, мөн стандартаар баталгаажсан хэмжилт, хяналтын төхөөрөмж болон автоматжуулсан системээр илрүүлж шийдвэрлэсэн зөрчил буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан хязгаарлалттай мэдээллүүд бүртгэгдэж, Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт нэгдсэн сангаар дамжин цахим хэлбэрээр явагдаж байна.
Өнөөдрийн байдлаар торгох шийтгэлийн мөнгийг е-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн систем, “tpay.gov.mn”вэб хуудас болон зарим банкаар төлж байгаа нөхцөл байдлыг өргөжүүлж, бусад арилжааны банкуудаар төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг шуурхайлах зорилгоор 2026 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудтай уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Сангийн яам болон Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Капитрон банк, Тээвэр хөгжлийн банк, Хас банк, Богд банк зэрэг банкуудын 45 орчим албан тушаалтнууд оролцож, Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагаа, ялангуяа иргэн, хуулийн этгээд торгох шийтгэлийг банкаар дамжуулан төлөх боломжийг яаралтай бүрдүүлэх асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болсон байна.