Говийн их дархан цаазат газарт амьдардаг, дэлхийд нэн ховордсон мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг өсгөхөд хувь нэмэр оруулах зорилгоор нийгмийн сүлжээний “20K клуб” 300 шуудай буюу нийт 15 тонн нэмэлт тэжээлийг хандивлаж, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон Онцгой байдлын комисст хүлээлгэн өглөө.

Амьтад ичээнээсээ гарч эхлэх хаврын хахир хатуу, идэш тэжээл ховор цагт бидний хандивлаж буй тэжээл нь зөвхөн МАЗААЛАЙ төдийгүй тус газар нутагт амьдардаг ХАВТГАЙ, БӨХӨН, ХАР СҮҮЛТ, ХУЛАН, ТАХЬ зэрэг амьтдад хоол болох юм. Эдгээр зэрлэг амьтад дэлхийн өөр хаана ч ингэж нэг дор амьдардаггүй. Зөвхөн Говь-Алтай аймгийн нутагт амьдарч байгаа нь Монголчууд бидний бахдан гайхуулах бас нэгэн баялаг ажээ.
Тэжээлийг Алтай хотоос Говийн их дархан цаазат газарт хүргэх ажлыг зохион байгуулахад Засаг Даргын Тамгын газар, Аймгийн Онцгой комисс, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газар, Нийгмийн хариуцлагын хүрээнд түлш шатахуунаар “Мон-Суль” EL Budd компанийн хамт олон гэсэн байгууллагууд туслалцаа үзүүлэн ажиллажээ.
