Бүгд Найрамдах Словак Улсын Боловсрол, судалгаа, хөгжил, залуучуудын яамнаас Монгол Улсын иргэдэд зориулсан 2026-2027 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. Энэхүү тэтгэлэг нь хоёр орны боловсролын болон соёлын харилцааг бэхжүүлэх, оюутнуудаа харилцан дэмжих зорилготой юм.
1. Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо
- Бакалавр болон магистрын түвшинд: нийт 2 оюутан.
- Мэргэжлийн чиглэл: Багш, боловсролын шинжлэх ухаан, эдийн засаг ба менежмент, экологи, биотехнологи, хөдөө аж ахуй, ойн менежмент, малын эмч, анагаах ухаан, шүдний эмч, эм зүй, нийтийн эрүүл мэнд, сувилахуй, инженерчлэл (механик, иргэний, компьютер, цахилгаан, хими), хүнс судлал, тээвэр, ашигт малтмалын боловсруулалт, архитектур, хот төлөвлөлт зэрэг салбар багтсан болно.
2. Тэтгэлгийн давуу тал
Шалгаруулалтад тэнцсэн суралцагчдад дараах санхүүгийн дэмжлэгийг олгоно. Үүнд:
- Сар бүрийн тэтгэлэг: 700 евро (их сургуулийн I болон II шатны сургалтад).
- Улсын их сургуулийн нэмэлт тэтгэмж: сар бүр 80 евро.
- Сургалтын эхэнд олгох нэг удаагийн тэтгэмж: 100 евро.
- Сургалт төгсөхөд олгох нэг удаагийн тэтгэмж: 200 евро.
- Суралцах хугацаандаа дүнгийн голч (GPA) 1.3-аас дээш байвал сар бүр 50 еврогийн бонус авах боломжтой.
3. Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- Сурлагын амжилт сайтай, тасралтгүй суралцах боломжтой байх;
- Словак Улсад суралцах хугацаандаа сургуулийн болон тэтгэлгийн гэрээний үүргийг биелүүлэх чадвартай байх.
4. Бүртгэл, хугацаа
- Тэтгэлгийн материалыг 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авна.
- Зөвхөн www.vladnestipendia.sk/en цахим хуудсаар бүртгүүлнэ.
- Цаасан хэлбэрээр ирүүлсэн болон цахимаар бүртгэгдээгүй материалыг хүлээн авахгүй.
5. Бүрдүүлэх баримт бичиг
Өргөдөл гаргагчид дараах материалуудыг цахим системд PDF форматаар ирүүлнэ. Үүнд:
- Бүрэн бөглөсөн цахим анкет;
- Диплом болон дүнгийн жагсаалтын хуулбар (монгол хэлээрх материал бол албан ёсны орчуулгатай байх, албажаагүй материал бол нотариатаар баталгаажуулсан байх шаардлагатай);
- Бусад шаардлагатай хавсралт бичиг баримтууд.
6. Анхаарах зүйлс
- Суралцагч нь гадаадын иргэдийн өгөх эрүүл мэндийн үзлэгийн төлбөр (120-180 евро), элсэлтийн ярилцлагын хураамж (20-100 евро), дипломын орчуулга (ойролцоогоор 40 евро) зэрэг зарим зардлыг өөрөө хариуцна.
- Оюутны дотуур байрны зардал сарын 115-140 евро, хоолны зардал сарын 510-600 евро орчим байна.
- Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Словакын Боловсрол, судалгаа, хөгжил, залуучуудын яамны албан ёсны вэбсайтаас авна уу.