Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчдийг өнгөрсөн баасан гаригт (2026.04.17) хүлээн авч уулзлаа. Халуун дотно, нээлттэй өрнөсөн тус уулзалт хууль зүйн салбарын бодлого, түүний хэрэгжилт, эрх зүйн орчны шинэчлэл болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцон, үргэлжилсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын шинэчлэл, эрх зүйн реформыг хийж, байгууллагуудын уялдааг хангаж ажиллахад хуульч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, оролцоо чухал байгааг уулзалтын эхэнд онцоллоо. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын хүрээнд мэргэжлийн холбоотой хамтран ажиллах, хүний эрхийг хангасан, хамгаалагдах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хуулиудыг батлуулах, хууль зүйн салбарын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгоход мэргэжлийн хуульч, өмгөөлөгчдийн туршлага мэдлэг чухал учраас хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Энэ үеэр Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах, өмгөөлөгчдийн ижил тэгш ажиллах боломжийг бүрдүүлэх, өмгөөллийн явцад хүний эрхийг хангах, хамгаалах зэрэг асуудалд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Өмгөөлөгчдийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг шат дараатайгаар өргөжүүлэх талаар талууд санал нэгдэв. Тухайлбал, өмгөөлөгчдийн орон нутгийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ажлын байр, нөхцөл боломжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт, судалгааны чиглэлээр хамтарсан хөтөлбөр боловсруулах, хууль тогтоох ажиллагаанд өмгөөлөгчдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг онцлон хэлэлцлээ.

Түүнчлэн хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх, эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэх асуудлаар ч санал солилцов. Талууд ойрын гурван сарын хугацаанд нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, сургалт, судалгаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх, бодлогын түвшний зохицуулалтыг сайжруулах чиглэлээр бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцлоо.