Өнөөдөр "Генерал"-уудын өдөр. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба мэндчилгээ дэвшүүлжээ.
Эртний жанждын үргэлжлэл, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь бие үл хайрлан, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр зүтгэсэн бэлтгэл болон чөлөөнд байгаа генералууд, өнөө цагт албаа нэр төртэй хааж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алтан мөрдөст генералууд Та бүхэндээ Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нар болох Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын 11 цэргийн зүтгэлтэнд "Генерал" цолыг анхлан олгосон бөгөөд 2004 оноос энэхүү өдрийг “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж, "Генерал" цолтнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.
Энэхүү эрхэм цолыг олгож эхэлснээс хойших 82 жилийн хугацаанд Монгол Улсын төр нийт 240 офицерт тус цолыг хүртээжээ. Монгол төрийн эрхэм генералууд дундаас “Монгол Улсын Баатар”, “Хөдөлмөрийн баатар”, сансрын нисгэгч, эрдэмтэн докторууд, ардын болон гавьяат цолтнууд хэдэн арваараа төрж, нийт мөрдөстнүүд төдийгүй Монголын ард түмнийхээ бахархал, талархлыг хүлээж, залуу үеийн бахархан дуурайх үлгэр жишээ нь болсоор ирсэн юм.
Монгол цэргийн шилдэг жанжид түүхийн аль ч цаг үед цэрэг дайчдаа манлайлан удирдаж, ялалтад зоригжуулж, дайчин эрсийнхээ бахархал нь болж ирсэн. Монгол генералуудын өргөн, гүнзгий мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадвар, удирдан манлайлах торгон мэдрэмж, ёс суртахууны төлөвшил, алба, амьдралын арвин баялаг туршлага зэрэг нь цэрэг эрсдээ үргэлж эерэг нөлөөллийг бий болгож, түмэн олны дунд домог, түүх мэт яригдаж мөнхөрдөг эрхэм хувь заяа гагцхүү генерал цолтнуудад заяагдсан байдаг.
Амьдрал, хувь заяаныхаа эзэн нь болсон эрхэм генералууд Та бүхнийхээ төр улсаа гэсэн халуун сэтгэл, үнэнч зүтгэл, уйгагүй хөдөлмөрийг гүнээ хүндэтгэн ёсолж, гүн талархал илэрхийлэхийн сацуу эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
МОНГОЛ ГЕНЕРАЛЫН СУУ АЛДАР БАДАРТУГАЙ
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА
ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ СҮНРЭВИЙН ГАНБЯМБА